МАН-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч, Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сумъяабазарыг бусдыг залилан, их хэмжээний хохирол учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Д.Сумъяабазарыг бусдын 350 мянган ам.долларыг залилсан байж болзошгүй хэмээх хэрэгт холбогдуулсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, гомдол гаргаад байгаа иргэн нь Д.Сумъяабазарын удирддаг Хөрөнгө оруулалтын банкинд 2007 онд нийт 700 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байна. Гэтэл Д.Сумъяабазар аварга 350 мянга орчим ам.долларыг түүнд буцаан өгсөн ч үлдсэн мөнгийг нь одоо болтол төлөөгүй байгаа гэнэ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Отгонжаргалаас тодруулахад “Манайх Д.Сумъяабазарыг шалгаж эхэлсэн нь үнэн. Д.Сумъяазар нарыг хууль бус лицензийн асуудлаар шалгаж байгаа тул өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг прокурорын байгууллагаас лавласан нь дээр” гэв.
Харин Сүхбаатар дүүргийн прокурорын газрын албаны эх сурвалж энэ талаар “Д.Сумъяабазарт эрүүгийн хэрэг хараахан үүсгээгүй байгаа. Иргэний гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна. Хэрэв үндэслэлтэй гэж үзвэл манайхаас эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэсэн хариулт өглөө.