![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/7ed508de990cd156/c9bb592f84d7a803big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын гишүүд орон нутгийн өөрөө удирдах ёсыг улстөржүүлж, намчирхах үзэл рүү түлхэж байна гэж шүүмжиллээ. Тэр дундаа сумдын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын нэрээр сонгох нь туйлын буруу алхам, эл заалтыг өөрчлөх ёстой хэмээн байр сууриа ээлж дараалан илэрхийлэв. Харин дээрх хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Жалга, довоор нь талцуулж, ард түмнийг улстөрийнх нь үзэл бодлоор ялгаварлахын тулд ийм заалт тусгасан юм биш. Ер нь УИХ-ын сонгуульд намын листээр сонгогдон чуулганы танхимд сууж байгаа гишүүд өөрсдийгөө намыг төлөөлөөд сууж байгаа гэж ойлгож байгаа бол буруу, ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаагаа мэдэх цаг болж… Түүнтэй адил сумын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын нэрийн жагсаалтаар сонгох нь улстөржсөн зүйл биш, ард түмнээ, сум орон нутгийн иргэдээ төлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Ингэхгүй бол Өмнөговь аймгийн Ханбогд зэрэг суманд гадаадын компаниуд эрх мэдлээ тогтоож мэдэхээр байгаа. Энэ бүхэнд хаалт хийсэн, нөгөө талдаа элдэв хэрэг төвөг тарьж, хээл хахуулийн хэрэг мандаачихаад намынхаа далбаан дор нуугдаж ял завшдаг байдлыг таслан зогсоохын тулд эл төсөлд тодорхой заалтууд тусгаж өгсөн гэдэг тайлбар хэллээ.
Одоо гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлж байна.
Г.ДАРЬ