Ус, цаг, уур, орчны хүрээлэнгээс 2012-2013 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа, малын тоо зэрэгт үндэслэн гаргажээ. Энэ жилийн зуншилга өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувь нь гандуу байсан аж. Тухайлбал, Ховд, Увсын ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн зарим сумын нутгаар бэлчээрийн даац хэд дахин хэтэрч гарсан тул өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй аж. Харин Баян-Өлгийн Өлгий сум, Увсын Малчин, Хяргас, Ховдын Мөст, Говь-Алтайн Тонхил, Бугат, Бигэр, Баянхонгорын Өлзийт, Баян-Овоо, Завханы Завханмандал сумдад бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Энэ нутгуудад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл зайлшгүй хийх шаардлагатайг сануулжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол орны нутгийн 80 гаруй хувьд мал өвөлжиж, хаваржих боломжтой бөгөөд тодорхой тооны мал гаднаас оторлох бэлчээрийн нөөцтэй байгаа юм байна. Харин гантай газар нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа бөгөөд өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах хэрэгтэйг Ус цаг уур, орчны хүрээлэнгийнхэн малчдад анхааруулж байна.