“Лондон-2012” паралимпийн XIV наадмын өнөөдрийн тэмцээнд байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа өрсөлдөнө. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг дөрөвт багтаж мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй учраа таараад байна. Манай тамирчин БНСУ-ын тамирчинг ялбал мөнгөн медалийн болзол хангаж, улмаар БНХАУ, Польшийн тамирчдын хожсонтой нь алтан медалийн төлөө харвах юм. Хэрвээ ялагдсан тохиолдолд хүрэл медалийн төлөө харвана.
Байт харвааны хувьд тэмцээний эхний өдөр (08.30) хувийн урьдчилсан харваа болсон бөгөөд нийт 19 тамирчин оролцсон. ОУХМ Б.Жавзмаа урьдчилсан харваанд 524 оноогоор VIII байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Тайландын тамирчинг 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20), Хятадын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгараад байна.
Манай тамирчинтай таарсан БНСУ-ын тамирчин Ли Хва Сүкийн хувьд урьдчилсан харваанд 555 онож IV байраар шалгаран хасагдах шатанд Грек (6:0), Швейцарийн (6:4) тамирчдыг буулган авчээ. Ли Хва Сүкийн хувьд "Бээжин-2008" паралимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын аварга бөгөөд манай тамирчинтай урьд нь (ДАШТ болон Азийн пара наадам) хоёр удаа таарч ялж байсан юм байна.
Өнөөдрийн тэмцээн монголын цагаар 17.30-д эхлэх бөгөөд www2.archery.org сайтнаас шууд хүлээн авч үзээрэй.
”Лондон-2012” паралимпийн таван өдрийн дараах байдлаар 61 улс ямар
нэгэн медаль хүртээд байгаагаас Хятад (46 алт, 31 мөнгө, 35 хүрэл), Их
Британи (19+25+19), ОХУ (16+20+13), Австрали (16+13+19), Украин (15+2+15), АНУ (12+11+17) улсууд медалийн тоогоор тэргүүлж байна.