G20 Оросыг “газардуулж” байна

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

G20 Оросыг “газардуулж” байна

Moody"s агентлаг G20 орнуудын эдийн засгийн өсөлт бууруулан дүгнэв

      
Евро бүсийн хямралаас болж G20 орнуудын эдийн засгийн өсөлт 2012 онд 2,8 хувь, 2013 онд 3,4 хувь болно гэж Moody"s агентлагийн шинэчилсэн дүгнэлтэд өгүүлсэн байна. Европт зогсонги байдал үргэлжилсан хэвээр байх юм бол нефтийн үнийн бууралтыг дагаад Оросын эдийн засгийн өсөлт удаашрах аж.

Олон улсын чансааны Moody"s агентлаг шинэ дүгнэлт гарган G20 орнуудын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард гаргаж байсан дүгнэлтээр 3,2 болно гэж байсан таамаглалаа өөрчлөн 2012 онд 2,8 хувьтай байна гэжээ. Түүнчлэн “Их 20-ийн” эдийн засаг 2013 онд 4,6 хувь өснө гэснийгээ өөрчлөн 3,4 хувь болгосон байна.

Дэлхийн эдийн засгийн үндсэн эрсдэл хүлээгдэж байснаас илүү гүнзгийрэх нь гэж тус агентлаг дүгнэв. Евро бүсийн зогсонги байдал, зээлийн хангамж буурах мөн Хятад, Энэтхэг, Бразиль зэрэг хөгжиж буй эдийн засгийн “хатуухан газардалт” зэрэг эрсдэл тулгараад байна гэж тэд үзжээ.

“Бид гадаадын сулхан макро эдийн засгийн нөхцлийн нөлөө болон гадаад эрэлт буурсантай холбогдуулан  хөгжиж буй томоохон эдийн засгийн талаарх дүгнэлтийг буулгах талдаа авч үзлээ. Хөгжилтэй орнуудын өсөлтийн удаашрал, капиталийн зах зээлийн тогтворгүй байдал хөгжиж буй эдийн засгийн өсөлтийг барина гэж бид өмнөхийн адил үзэж байна” хэмээн Moody"s агентлагийн зээлийн мэргэжилтэн Елена Дуггар хэлжээ.

Бусад эрсдлүүдэд геополтикийн эрсдлээс үүдэлтэй нефтийн нийлүүлэлтийн үнийн өөрчлөлт, 2013 онд АНУ-ын төсвийн зарлага эрс буурах магадлалтай зэргийг нэрлэжээ.

Энэ жилийн эдийн засгийн өсөлт нь сүүлийн жилүүдийнхээс бага байх аж. Өнгөрсөн онд G20 орнуудын ДНБ-ний өсөлт 3,2 хувь, 2010 онд 4,6 хувь байсан. Гэтэл энэ жилийн эдийн засгийн өсөлт үүнээс ч бага байх бололтой.

“Төсвийн зохицуулалтын арга хэмжээ, хэрэглэгчдийн бизнесийн ирээдүйд итгэл суларсан, банкууд зээл олголтоо багасгасан, хүн амын зээл авах сонирхол суларсан мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудлууд хөгжилтэй орнуудын өсөлтийг барьж байна” хэмээн Даггер тайлбарлав.

“Дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага нь улс төрийн нөхцлөөс ихээхэн хамааралтай бөгөөд эдийн засгийн суурь үзүүлэлтийг бодвол дүгнэхэд хүнд. Үүнд нэгдүгээрт, Европын лидерүүд евро бүсийн ирээдүйн талаар тохиролцож чадах уу, хоёрдугаарт, улс төрөөс хамааралтай төв банкуудын үйл ажиллагаа ямар байх вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Гэхдээ Moody"s  агентлагийн үнэлгээ боломжийн байж болох талтай” гэж  Оросын санхүүгийн “Открытие”компанийн эдийн засагч Владимир Тихомиров тайлбарлажээ.

Европын төлөв муудах нь Оросын эдийн засагт цохилт болно гэдэгтэй шинжээчид санал нэг байна. Өнгөрсөн долдугаар сард Moody"s тойм нийтлэхдээ Оросын эдийн засаг 10-12 сарын дотор таван хувиар буурч, рублийн ханш 30 хувиар унана гэж дүгнэж байсан юм.

“Бид зургадугаар сард евро бүсийн зогсонги байдал болон эрэлтийн улмаас нефтийн үнэ унаж, Оросын эдийн засаг газардах болж байна” хэмээн дүгнэж байсан гэж “ВТБ Капитал” банкны ерөнхий эдийн засагч Максим Орешкин хэлж байна. Хөрөнгө оруулалтын банкны суурь зураглалаар Оросын нефтийн үнийг тодорхойлдог  Хойд тэнгисийн Brent маркийн нефтийн үнэ нэг баррель нь 2012 оны хоёрдугаар хагаст 97 ам.доллар, ирэх жилд 95 ам.доллар тус тус гэж буй. Үүний зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ жилдээ 3,5 хувь болж, ирэх жилд өсөлт сааран 2 хувь болно гэсэн юм.

“Европт зогсонги байдал үргэлжилбэл Оросын эдийн засаг буурна. Европын холбоо нь Оросын худалдааны гол түнш бөгөөд Оросын экспортын гол  бараа нь түүхий эд юм. Үүнээс хоёрдмол үр дүн гарч болзошгүй. Түүхий эдийн үнэ ба экспортын хэмжээ буурах нь төсөвт нөлөөлнө. Үүний зэрэгцээ Оросын экспортын компаниуд нь томоохон хөрөнгө оруулагчид учраас хөрөнгө оруулалт буурах талтай. Ийм нөхцөлд Оросын өсөлт нь удаашралтай байх  юм” хэмээн Тихомиров нэмж тайлбарлав.

Харин Оросын засаг захиргааны хүлээлт нь өөдрөг байгаа аж. Энэ жилд ДНБ 3,5 хувь, 2013 онд 3,7 хувь гэсэн үзүүлэлттэй байна гэж Эдийн засгийн хөгжлийн яамных нь  дүгнэлтэд өгүүлжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж