Уриалбал бусдад туслах хүн олддог

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Уриалбал бусдад туслах хүн олддог

Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх, сургалтын төлбөрийн тэтгэлэг, гадаадад суралцах эрх… Энэ бүх хөнгөлөлт, боломжууд бол зөвхөн оюутнуудад л хамаатай. Гэтэл бидний  ирээдүй болсон цэцэрлэгийн үрс,  дунд сургуулийн сурагчдыг гэх төрийн бодлого байна уу? Үдийн цай хөтөлбөрөөс өөр нэрлэх зүйл үнэндээ алга. Төрөөс оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулахын тулд жилдээ 270 тэрбум төгрөг зарцуулдаг. Ажлын өдрүүдэд цаг харгалзахгүйгээр оюутан ах эгч нар автобусанд заларч болдог нэгдүгээр ангийн хүүгээс 200 төгрөг нэхэж байна. Мөн бүх сургуулиуд нэг ижил дүрэмт хувцсаар жигдрэх шийдвэр гарсан. Шийдвэр болсон хойно үүнийг ч эцэг эхчүүд, сурагчид үг дуугүй биелүүлсэн. Гэтэл энэ шийдвэр, журам нь хэнд ашигтай болж хувирсан бэ? Зөвхөн дамын наймаачдад. Эрээнээс 7-9 мянган төгрөгөөр худалдаж авсан сургуулийн дүрэмт хувцасыг 30-45 мянган төгрөгөөр дамлаж байна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг арайхийж худалдаж авч байгаа эцэг эхчүүдэд энэ нь мөн л хүндрэл болж байна.

Ийнхүү төрийн бодлогын гадна үлддэг хүүхдүүдийг хэрхэх вэ гэх асуулт нийгэмд тулгарч байна. Харин энэ асуултанд хариулж, өөрсдийн боломжоор жаалуудад тусалж болохыг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд эцэст байрладаг 76-р сургуулийн сургуулийн төгсөгч, Хувиараа бизнес эрхлэгч Д.Хишигбаатар гэр бүлийн хамтаар харууллаа.

Тэрээр өөрийн төгссөн сургуулийнхаа тавдугаар ангийн 240 сурагчид сургуулийн дүрэм хувцас бэлэглэсэн юм. Мөн тэрээр уржигдар 67 дугаар сургуулийн 240 гаруй хүүхдэд сурагчдын дүрэмт хувцас бэлэглэсэн аж.

Дүрэмт хувцас гардуулах үеэр нь Д.Хишигбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Ямар учраас хүүдүүдэд дүрэмт хувцас бэлэглэх болсон бэ?

-Бид нар жил бүрийн есдүгээр сарын 03-нд аав Г.Дэмбэрэлдоржийн гэгээн дурсгалд зориулан хүүхэд баярлуулж, буян үйлддэг юм. Энэ жил уламжлал ёсоороо Сонгинохайрхан дүүргийн 67 болон 76 дугаар дунд сургуулиудын 480 гаруй сурагчдад дүрэмт хувцас бэлэглэн хүүхдүүдийг баярлуулж байна. Өмнө нь бид хүүхдүүдэд чихэр боов тараах зэргээр баярлуулж ирсэн. Харин энэ жил аав маань бурхан болоод 20 жил болж байна. Хүүхдүүд нь ч өсч өөрсдийн байр суурийг хэдийнэ оллоо. Тиймээс бид дорвитой буян үйлдэхийг хичээсэн дээ. Энд ямар ч бизнесийн сонирхол байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Яагаад 67, 76 дугаар сургуулийн хүүхдүүдийг сонгон баярлуулах болсон бэ?

-Бид эцэг эхээсээ 11-үүлээ. Эдгээр сургуулиудад бид эрдэм боловсрол олж авсан. Тиймээс алслагдсан дүүргийн, амьжиргааны түвшин доогуур эцэг эхчүүддээ нэг удаа ч болов тус нэмэр болъё гэж бодон өөрсдийн төгссөн сургуулиа сонгон авсан юм.

-Танай найзууд бас таны сайн үйлст нэгдсэн байна. Энэ тухай?

-Ямар нэгэн хөдөлгөгч хүч, уриалах хүн байвал бусдад туслах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Жишээ нь манай найз Ц.Мэндбаяр 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу ажиллуулдаг юм. Тэрээр миний хүүхдүүдэд туслах гэж байгааг сонсоод амьжиргааны түвшин доогуур 104 хүүхдэд өөрийн борлуулдаг хувцаснаас бэлэглэхийг хүссэн.

76 дугаар сургуулийн захирал Х.Баяржаргал:

-Манай сургуульд энэхүү буянтай үйлийг хийж, сурагчдыг маань баярлуулж байгаа н.Зоёо гуайн хүүхдүүдэд үнэхээр их баярлаж байна. Бид эдгээр дүрэмт хувцасыг размерээс шалтгаалан тавдугаар ангийн сурагчдад бэлэглэхээр болсон. Манай сургуулийн хамт олон, эцэг эхчүүд, сурагчид хөл газар хүрэхгүй л баярлаж сууна даа. 

Манай сургууль бол байгуулагдаад 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийт 2350 хүүхэдтэй. Алслагдсан дүүргийн, гэр хорооллын сургууль болохоор эмзэг бүлгийн сурагчид ихэнх хувийг эзэлдэг. Д.Хишигбаатарын найз манай ахлах ангийн 104 сурагчид таарах бэлэн хувцасыг мөн бэлэглэж байгаа. Бид эдгээр хувцасыг хүүхдүүдэд эмзэг бүлгийн гэж тодотгож, нэр зааж өгч болохгүй. Тиймээс бид анги удирдсан багш нартай хамтран  АХА, Сайн үйлсийн аян зэрэг тэмцээн зохиогоод, оролцогчдод эдгээр хувцасыг бэлэглэх болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж