УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “100 мянган айлын орон сууц” төсөл 2010-2016 оны хооронд хэрэгжих ёстой бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх төсөл үр өгөөж муутай байгаа нь үнэн. Засгийн газраас мэдэгдэж УИХ-аас баталсан тогтоол ёсоор бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын тэлэлтийг багасгах, Улаанбаатарын агаарыг бохирдлыг бууруулахад зориулж, нэг сумаар хоёр туулай буудах зорилт тавьсан. Гэтэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бага, дунд орлоготой өрхийг орон сууцжуулах хөтөлбөр болж чадсангүй. Учир нь энэхүү хөтөлбөрт хамрагдсан гэх барилгын компаниудын орон сууцны метр квадрат нь өнөөдөр хамгийн багадаа 1500000 төгрөг байна. Ерөнхийдөө орон сууцны дундаж үнэ өнөөдөр метр квадрат нь 1800000 төгрөг байгаа юм. Ийм өндөр үнэтэй орон сууцыг бага, дунд орлоготой иргэд дийлж авч чадна гэж үү. Тэдний цалин өнөөдөр хэд байгаа билээ.
Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд 50 сая төгрөгийг олгох бол зөрүү мөнгийг нь иргэд өөрсдөө гаргах ёстой. Зөрүү мөнгө болох 20-30 сая төгрөгийг иргэд хаанаас гаргаж чадах юм бэ. Ийм их мөнгө бага, дунд орлоготой иргэдэд байсан бол юу гэж л байрны үнэ өсөхийг хүлээгээд хав дараад байв гэж, аль эрт л амиа борлуулчихсан байх ёстой биз дээ.
Үнэ эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. Монголд байрны хэрэгцээ байгаа юу гэвэл бий. Мянга, мянган иргэн орон сууцны мөрөөсөл болчихоод байгаа. Харин эрэлт байна уу гэвэл байхгүй. Мөнгөтэй, боломжтой байх л эрэлтийг бүрдүүлдэг. Барилгын салбарт байрны хэрэгцээ их ч харин эрэлт бага байгаа. Тэгвэл нийлүүлэлт нь бүр ч алга байна. Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар намраас байрны үнэ навс бууна гээд л сонгуулийн өмнөхөн баахан шоудсан. Бодит байдал дээр байрны үнэ хөөсрөлтэй хэвээр байгаа. Хэрэвзээ Хятадыг нөмөрч буй эдийн засгийн бараан сүүдэр Монголыг дайрвал барилгын салбар уналтад орох нь тодорхой. 2008-2009 онд Монголын барилгын салбар хэрхэн хямарсныг олон хүн санаж буй биз. Одоо байгаа үнийн хөөс, хямралтай давхцах юм бол барилгын салбар сэхэл автлаа нэлээд удах тийм хүндхэн байдалд орж болзошгүй байна.
“Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийг үр дүн, өгөөжтэй болгохыг хүсвэл эрэлт, нийлүүлэлтийг зэрэг хангах ёстой. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг зөвхөн эрэлтэд зориулж гаргах бус нийлүүлэлтэд зориулж гаргах ёстойг ч эдийн засагчид зөвлөж байгааг шинэ засгийн шинэхэн сайдууд анхааралдаа авчихад буруудахгүй лболов уу. Нөгөөтэйгүүр хэтэрхий дураар авирлаж байгаа барилгын салбарт төрийн нударга хэрэгтэй байгааг хэлэх хүн олон. Мэдээж, баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү чамд хамаагүй гэгчээр хувийн хэвшлийнхний ажилд төр хутгалдах нь буруу байж болох юм. Гэхдээ төсөл хэрэгжүүлж буй юм бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын орон сууцны үнийг 1199000 төгрөг байлгах боломжтой гэсэн салбарын яамны мэргэжилтнүүдийн хавар гаргасан судалгаанд үндэслэж шаардлага тавих эрхтэй билээ.
Ийнхүү олон шалтаг, шалтгаануудын улмаас иргэдийг орон сууцжуулах гоё мөрөөдлийн хөтөлбөр урагшлах бус замхрах тал руугаа орчихжээ, янз нь.