УИХ-ын гишүүн Ц.Цолмон:
-Зөвхөн Монголд ч биш ардчилал хөгжсөн орнуудад сонгуульд оролцох иргэдийн идэвхи буурдаг байдал ажиглагддаг. Сонгуульд иргэдийг идэвхитэй оролцуулахын тулд янз бүрийн механизм хэрэглэдэг тийм практик байгаа. Үүний нэг болгож Ардчилсан намаас өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар төрийн албан хаагч болохыг хүсч буй иргэн сонгуульд оролцох хэрэгтэй гэсэн байна. Зөвхөн төрийн албанд орох гэж хүсч байгаа хүн сонгуулиа өгөх ёстой гэхээр олон хүн хамаарах асуудал биш болж байгаа юм. Төрийн албанд орохгүй хүн зөндөө байгаа ч сонгуулиа өгөхгүй гэх ойлголт төрж болно. Ер нь бол тийм ч үр дүнтэй арга биш. Гэхдээ энэ асуудлыг манай бүлгийн хуралдаанаар санаагаа ярилцаж, шийдвэрт хүрэх байх. Төрийн албанд орох хүсэлтэй тийм ч олон хүн байхгүй байх, тийм ч үр дүнтэй механизм гэж бодохгүй байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Төрийн албанд 130 мянган хүн ажилладаг. Хуулинд төрийн албан хаагч болох гэж байгаа хүн төрийн сонгуульдаа оролцох ёстой гэсэн санааг агуулсан. Эрх эдэлж байгаа бол үүрэг байх ёстой гэсэн санаа. Энэ бол олон улсад байдаг л жишиг. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ заалт хамаарахгүй. Өөр нэг зүйл нь иргэд саналаа өгөх эрх нь тухайн хүний асуудал гэж ярьдаг. Тиймээс эрх, үүрэг хоёр нь уялдаатай байх ёстой гэдэг агуулгаар сонгуульд саналаа өгчихөөд үр дүнгийн талаар шалгуулж хянуулмаар байна, шүүхэд хандмаар байна, сонгуулийн хороодод хандан гомдлоо барагдуулъя гэх ёстой учраас учраас сонгууль өгч байж энэ эрх нээгдэх ёстой гэж үзсэн. Бас сонгуульд оролцоогүй бол төрийн албанд томилогдох эрхийг ч түдгэлзүүлнэ гэж оруулсан. Дараагийн ээлжит сонгууль Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод төрийн албанд томилогдох эрх нь нээгдэнэ. Үүргээ биелүүлж сонгуульдаа оролцож байж, төрийн албанд орж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Бусад улс оронд торгууль байдаг, бид эдийн засгийн хөшүүрэг оруулаагүй, эрх үүргийг зохицуулсан зохицуулалтыг шинээр тусгасан юм.
УИХ-ын гишүүн Б.Болорчулуун:
-Ер нь бол дэмжихгүй байгаа. Тухайлбал, оюутнуудыг аваад үзье л дээ. Одоо хичээл эхэлсэн оюутнууд орон нутгийн төлөөллөө очиж сонгох сонгуульд оролцож чадахгүй. Гэтэл сургуулиа төгсөөд төрийн албанд ороё гэхээр боломжгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр нийслэлд их, дээд сургуульд сурч байгаа өчнөөн олон оюутан сонгууль өгөөгүйгээс төрийн албанд орж чадахгүй болж байна. Тэдэнд чөлөө өгөөд очиж саналаа өг гэж хэлж болохгүй шүү дээ. Тиймээс энэ заалтыг эргэж харах ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үндсэн хуулийн Иргэний журам үүрэгт иргэн сонгууль өгөх үүрэгтэй гэж заагаагүй байгаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн баримтлалаар Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэхээр ард түмэн өөрөө засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд сонгуульд орох эрх нь өөсрдийнх нь хувийн асуудал. Өөрөөр хэлбэл, засгийн эрхийг байлгамаар байна уу, орон нутгийн эрхээ байгуулмаар байгаа эсэх нь хувь хүний ухамсарын асуудал. Ухамсарыг нь тулгалт юм шиг хийж байна гэхээр нөгөө төр бол нийтийн албан байна гэж яриад байгаа зарчмаасаа зөрж байгаа юм. Манай бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг мөн авч хэлэлцэж байгаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Сонгууль өгөх нь иргэний үүрэг гэж үзээд, иргэний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг механизмтай улс орнууд олон байдаг. Энэ нь өөрөө ардчилалыг бэхжүүлэхэд чухал механизм гэж үздэг. Яагаад гэвэл иргэдийн идэвхитэй, сонирхож байгаа хэсэг нь сонгуульд оролцоод саналаа өгөөд байхаар ардчилал гэдэн нь өөрөө тодорхой хэсэг хүмүүсийн сонголт болж хувирдаг. Тиймээс улс орон бүхэлдээ үүрэг хариуцлагын тогтолцоо, эрх үүргийн нэгдэл дээр амьдрал тогтох ёстой гэж үзэхийн бол иргэний сонгуульд санал өгөх үүргийг хариуцлага болгож хуульчилж байгаа нь өөрөө зөв зүйтэй зүйл юм. Иргэд өөрсдөө зөвхөн эрх эдлэх ёстой биш, үүрэг ч гэсэн хүлээх ёстой. Зөвхөн төр үүрэг хүлээгээд иргэд эрх эдэлдэг юм биш. Хариуцлагын сүлжээ ардчилсан орнуудад байдаг. Иргэн ч үүрэг, эрхтэй, төр ч гэсэн үүрэг эрхтэй байж ардчилалын тогтолцоо бий болж байдаг. Тиймээс энэ заалтыг зарчмын хувьд зүйтэй гэж дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Монголын төрд алба хашина, монголын төлөө ажиллана гэж байгаа хүн бол хамгийн эхний шаардлага байж болох юм. Энэ заалтыг гишүүний хувьд дэмжиж байгаа. Одоогоор Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлээгүй байгаа ч олонхи гишүүн дэмжих байх. Сонгууль гэдэг бол ардчилалын хамгийн чухал элемент. Үүнийг бүрэн ухамрласан, бүрэн хэрэгжүүлж чаддаг хүн л олон нийтийн төлөөх ажилд сонгогдон ажиллах ёстой. Энэ бол хамгийн энгийн зарчим. Тиймээс энэ бол төрийн албан хаагчдийг, иргэнийг улам илүү хариуцлагатай болгох заалт гэж бодож байна.