
Болсон явдлыг эхнээс нь тодруулбал УИХ-ын чуулган дээр МАН-ын гишүүдийн зүгээс бүлэг байгуулах хуулийн төслөө хэлэлцүүлэхээр шахахад УИХ-ын дарга “Ээлжит бус хуралдаанд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй тул боломжгүй” гэсэн хариултыг өгсөн аж. Учир нь УИХ-ын анхдугаар чуулганы төгсгөлд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах үед МАН-ын гишүүд төслөө УИХ-д өргөн мэдүүлэхийн оронд “Хуулийн төсөл өргөн мэдүүлэх шаардлагагүй. Бид угаасаа бүлэгтэй, энэ бол Үндсэн хуулиар бидэнд олгосон эрх” гээд сууж байсан билээ.
Гэвч УИХ-ын даргаас татгалзсан хариу сонссон МАН-ынхан маргаан дэгдээж, намаараа талцан хэрэлдэх үед Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүх рүү “Таван хүний амь хөнөөчихөөд та нар юу юм бэ. Чи шорондоо сууж байх ёстой нөхөр шүү” хэмээн дайрсан аж. Тэгэнгүүт У.Хүрэлсүх нь гүйж очоод “Гараад уулзчихья” хэмээн чуулганы танхимаас зангиагаар нь оосорсон чирч гаргаад чуулганы танхимын үүдэнд шанаадаж унагасан. Үүнээс өмнөх нь телевизийн камерт бичигдээгүй ч Г.Баярсайхан нь У.Хүрэлсүхийг “Гараад уулзья” гэсний хариуд салаавч үзүүлсэн гэж байгаа юм. Харин одоо “Би тийм ёс зүйтэй хүн биш” хэмээн өөрийгөө өмөөрч, У.Хүрэлсүхийгээ УИХ-ын Ёс зүйн хороонд гомдол гаргана, шүүхэд өгнө гэж мэдэгдээд буй. Харин У.Хүрэлсүх нь “МАН-ын гишүүд тэсэрч эхэлж байна. Миний ард Монголын сонгогчдын 40 хувь бий шүү” гэх маягийн юм яриад яваа.
Үүнээс хойш тав хоног өнгөрчихөөд байхад таг чиг байхыг бодоход тэдний хэн хэн нь шүүхэд хандах бодолгүй байгаа бололтой. Харин Хууль зүйн сайд асан, бас л “боевик” талдаа ордог /Хууль зүйн сайд байхдаа намаасаа сонгогдсон Ж.Сүхбаатар гишүүнийг зангиагаар нь боож унагасан удаатай/ Ц.Нямдорж гишүүн “Би хоёулантай нь уулзсан. Бие биенээсээ уучлал гуйж, эр улс учраа ололцсон нь дээр” хэмээн зөвлөсөн байна лээ.
Ингэхэд бид яах болж байна аа. Зодсон, доромжилсон хоёр бие биенээсээ уучлал гуйгаад эр улс шиг эв зүйгээр учраа ололцчихдог юм байж. Харин тэдний энэ авирыг нүд бүлтийж, нүүрээ улайлган байж харсан, хэлж ярьсан үгийг нь хоёр чихээрээ сонссон жирийн иргэд, төрийн түшээ гэж өргөмжилж ирсэн сонгогч олноос хэн уучлалт гуйх вэ. Явж явж хамгийн их зодуулсан, доромжлуулсан нь Г.Баярсайхан ч, У.Хүрэлсүх ч биш, харин тэднийг өрөвдөхдөө өрөвдөж, ичихдээ ичиж, өмнөөс нь нүүр улайж суусан жирийн иргэд биш. Монголын төр иргэддээ салаавч үзүүлж байгаа анхны тохиолдол ч энэ биш.
Эхлээд Ш.Сайхансамбуу гишүүн ангийнхаа нөхөр Б.Бат-Эрдэнэ рүү салаавч гаргаад, тэр нь баримтаараа интернетэд тавигдсаны дараа “Тоглож байхад зураг дарчихсан байна” гээд өнгөрсөн. Дараа нь Ц.Шинэбаяр гишүүн гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан цагдаагийн ажилтнууд руу “Май чи” хэмээн телевизийн эфир дүүрэн салаавч гаргасан. “Яана аа, ийнэ ээ, таминь туслаарай” гэж телевизийнхнийг дуудаж авааччихаад шууд нэвтрүүлэг явж байхад телевизийн экран дүүрэн салаавч гаргаад сууж байсан. Дараа нь Ерөнхийлөгч асан эмнэлгийн орон дээрээс өөрт нь тусалж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтан руу “Май чи муу … минь” гээд салаавч гаргаад хэвтэж байв. Дөрөв дэх нь УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг, УИХ-ын Ёс зүйн хороог толгойлж байсан Г.Баярсайхан гишүүн өөрөө боллоо. Энэ янзаараа салаавчны нэр хүнд улам өсч, харин Монголын төрийн нэр нүүр улам дордох бололтой. Ер нь бол бие биенээ гэхээсээ илүү манийгаа л доромжлоод байгаа юм шүү дээ. Естой нөгөө “Намайг хэн хэлж, нохойг хэн саах юм бэ” гэдэг болж байна.
Тиймээс улстөрчдийн энэ увайгүй, төрийн нэр нүүр, түмний хүндлэлийг уландаа гишгэсэн бүдүүлэг, ёс суртахуунгүй, заваан залхаг байдлыг таслахын тулд зодсон зодуулсан хоёрт хоёуланд нь хариуцлага тооцъё. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тэр Ёс зүйн дэд хороогоор нь оруулж, доромжлуулсан гээд байгаа У.Хүрэлсүхээсээ ч, жинхэнээсээ доромж үзэгдэж эхэлсэн сонгогчдоосоо ч уучлал гуйг. Харин У.Хүрэлсүхийн асуудал бол тусдаа. Угаасаа хүн зодно гэдэг эрүүгийн гэмт хэрэг. УИХ-ын гишүүн ч бай, улсын Ерөнхийлөгч ч бай, баян ч бай, ядуу ч бай хүн зодсон бол хариуцлага хүлээх хуультай. Харин тэр хуулиас айдаг нь жирийн иргэд л болсон байна. Тэнд ч Асашёрү тэгж хүн зодлоо, энд ч улсын цолтой бөх ингэж хүн дарамталлаа, тэнд ч замын цагдааг зодчихлоо, энд ч “Жигүүр гранд”-ын босс нь хүн зодчихлоо л гэнэ. Сүүлдээ зүгээр ч нэг зодчихгүй, “Чамайг алчихсан байхад тэнсэнтэй л гарна” гэж аархдаг болсон байна. Ийм байхад мянга хууль яриад, “Хуулийн өмнө хүн бүр тэгш” гэж мянга лоозогноод яах юм бэ?
