18 мянган оюутны асуудал – хөлсний байр

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

18 мянган оюутны асуудал – хөлсний байр

Намар болж, хичээлийн шинэ жил эхлэх үеэр бүгд л хөдөлгөөнд ордог. Зам, талбай, үлйчилгээний газрууд гээд л. Тэгвэл хөдөөний оюутнууд зуны хугацаанд амарч, хичээлдээ орох энэ үеэр сургуулийнхаа хажуухнаас сургуульдаа явахыг л хүснэ. Хотод танилгүй оюутнууд аль болох оюутны байрандаа багтахыг хүснэ, чадахгүй бол хөлсний байр хайхаас өөр сонголт үгүй. Гэтэл байр, байшингийн хэрэгцээ гарсан энэ үед үнэ ханш илт нэмэгддэг билээ. Ингээд уншигчдийн хүсэлтээр нийслэлийн дүүргүүд дэхь хөлсний байрны үнэ болоод сургуулиудын дотуур байрны үнийг сонирхсон юм.

Улсын сургуулийн дотуур байрны дундаж үнэ 200-400 мянган төгрөг байна.
ШУТИС-260 мянган төгрөг
МУИС-250 мянган төгрөг
СУИС-300 мянган төгрөг
ХУИС-360 мянган төгрөг
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байр 515 мянган төгрөг
СЭЗДС – 400 мянган төгрөгөөр оюутнууд жилийн туршид дотуур байраа хөлслөхөөр болжээ. Энэ жилийн тухайд 40 гаруй мянган залуус их, дээд сургуульд элсэн орж байгаагийн 80 орчим хувь нь хөдөө орон нутгаас нийслэлд сурахаар ирээд буй оюутнууд. Эдгээрээс 14 мянган оюутныг дотуур байранд оруулах бөгөөд нийслэлийн хэмжээнд 43 дотуур байр байдаг гэнэ. Ингээд 14 мянган оюутан дотуур байрандаа багтаад, үлдсэн нь 18 мянга орчим нь хамаатан садныдаа толгой хоргодох, эсвэл өнөөх хөлсний байр, хажуу өрөө хайх хэрэгтэй болох нь.

Хажуу өрөөний үнэ ханш

Энэ нь дунджаар байршлаасаа хамаараад нэг сардаа 180-300 мянган төгрөгийн үнэтэй байна.
-Гал тогооны өрөө 180-210 мянган төгрөг
-Том өрөө 300-350 мянган төгрөг
-00 тоот буюу “подваль” 200-300 мянган төгрөг
Зуны улиралд энэхүү үнээс 50-60 мянган төгрөгөөр хямд байсан ч оюутнууд ирэх сургаар хөлсний үнээ нэмчихжээ. Оюутнууд хамтаараа хажуу өрөө түрээслэх нь түгээмэл бөгөөд түрээслүүлдэг эздүүд нь өрөөндөө өөр хүмүүс дагуулж ирэхийг хориглож, шөнө оройтохгүй, чимээгүй байхыг шаарддаг байна.

Шаардлага өндөртэй ч гэсэн орох оронгүй байснаас хамаг мөнгөө цуглуулаад ганцаараа ч гэсэн хажуу өрөөгөө болгодог цөөнгүй оюутнууд байдаг. Хажуу өрөө гэдэг чинь өндөр үнэтэй, дээрээс нь хатуу шаардлагатай байх аж. Хөлсний байрны хэрэглэгчид бүгд оюутнууд биш бөгөөд залуу гэр бүл, өөрсдийн орон гэрээ төхөөрж амжаагүй байгаа ажилчин анги ч багтдаг байна. Гэвч намар болж, оюутнуудын давалгаа хүч түрэн орж ирж,  хөлсний байрны үнэ нэмэгдэхэд оюутнуудаас ч дутахгүй хүнд цохилтонд өнөөх залуус автдаг гэнэ. 

Нийтийн байрны үнэ ханш

Нийтийн байрны үнэ байршил болон доторх тохижилт, халаалтаасаа хамаараад янз бүрийн үнэтэй байна. Нийтийн байрнууд голдуу нам даралтын зуухаар халдаг бөгөөд өвлийн улиралд нүүрсний үнэ нэмэгдэж, зунд үнэ нь буудаг аж. Өнөөдрийн байдлаар зах зээлийн ханшийг нь сонирхвол,
Зургадугаар бичил хороололд 200 мянган төгрөг
100 айлд 250 мянган төгрөг
Дарь-Эхэд 150 мянган төгрөг
Ганданд 170 мянган төгрөг
Эх нялхаст 150 мянган төгрөг
Баянбүрдэд 140 мянган төгрөг
Байр бүхлээр нь түрээслэх ханш
Ерөнхийдөө төвд байрлалтай нэг өрөө байр 450-600 мянган төгрөг, төвөөс зайдуу бол 200 мянган төгрөгөөс дээш үнээр нэг сарын турш түрээслэх нь. Мэдээж өрөөний тооноос хамаарч мөн үнэ нь өснө. Тухайлбал,

  • Нэгдүгээр хороололд нэг өрөө байр 200 мянган төгрөг
  • Гуравдугаар хороолол, “Тэмүүлэл” хотхонд нэг өрөө байр 420 мянган төгрөг
  • 21 дүгээр хороололд нэг өрөө байр 420 мянган төгрөг
  • Хоёрдугаар 40 мянгатад нэг өрөө байр 210 мянган төгрөг
  • Зайсанд нэг өрөө байр 450 мянган төгрөг 
  • Гуравдугаар хороололд нэг өрөө байр 420 мянган төгрөг 
  • Төмөр замд нэг өрөө байр 480 мянган төгрөг 
  • “Баянмонгол” хороололд хоёр өрөө байр 580 мянган төгрөг 
  • Нэгдүгээр хороололд хоёр өрөө байр 550 мянган төгрөг
  • “Максмолл” их дэлгүүрийн ойролцоо хоёр өрөө байр 900 мянган төгрөг 
  • 19 дүгээр хороололд хоёр өрөө байр 350 мянган төгрөг 
  • “Жаргалан” хотхонд гурван өрөө байр 1.500 мянган төгрөг
  • Кино үйлдвэрт гурван өрөө байр 700 мянган төгрөг
  • “Натур” төвийн хажууд гурван өрөө байр 900 доллараар тус тус түрээсэлж байна.

Ингэхээр хамаг л үйлчилгээнээсээ холдчихсон байршилтай газарт хэн л байр түрээсэлж амьдрахыг бодох вэ. Аль болох хотын төвд, үйлчилгээндээ ойрхон газар бараадахыг хичээнэ. Тэгэхээр сардаа дор хаяж 400-500 мянган төгрөгөөр түрээсэлж таарах нь. Ганц бие, амьдралаа эхлүүлэх гэж яваа залуусын хувьд ажил хөдөлмөр эрхэлсэн ч бүх цалингаа байрандаа ингээд зарцуулах бол яаж амьдрах вэ гэдэг нь бүрхэг. Хүмүүсийн амыг харж, нэг нэгнээсээ хоцрохгүй, алдчихгүй гэсэндээ хөрөнгөтнүүд нь хөлсний байрныхаа үнийг нэмдэг сурагтай. Залуус үүрнээсээ нисч, тэнгэр газарт орчилдон байхад амьсгалах агаар мэт хүмүүний хэрэгцээ болсон хөлсний байрны үнэ хөөргөдсөөр. Эрэлт нийлүүлэлтээ хэд дахин нугалсан үед үнэ нийлүүлэгчдийн дураар өссөөр байх нь тодорхой. Уг нь ямар бизнест хөрөнгө оруулахаа шийдээгүй хүмүүс хөлсний байр ямар их эрэлттэй байгааг бодмоор л юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж