Нүүр нүдгүй элсээр шуурч, намартаа 31 хэм хүртэл халж байдаг Замын-Үүд сумын цаг агаар энэ өдөр таатай угтав, урьд өдөр нь бороо орсон тул газар чийг дааж, тэр хэрээр агаар бас цэвэршжээ. Гэвч Замын-Үүд дэх хог новш бол өнөөх л янзаараа овоолоостой. Энэ нь наймаачид урд хилээр оруулж ирсэн бараагаа Улаанбаатар хот руу ачуулж аваад, хог новшоо Замын-Үүдэд хаяж хоноцын сэтгэлээр ханддагтай холбоотой гэсэн.
Сумын ИТХ-ын төлөөлөгчид Эрээн хотынхноос санаа авч, дамжин өнгөрч байгаа зорчигч бүрт 1000 төгрөгийн татвар ногдуулж , төвлөрсөн хөрөнгийг тохижилтод зарцуулах менежемэнт боловсруулсан ч хэрэгжүүлэх талд нь Хил, гаалийнхан дэм болсонгүй суусаар өнөөг хүргэжээ. Харин замын-үүдчүүд олон жил хогондоо даруулсан болохоор ч тэр үү орчиндоо дассан бололтой, “Иймэрхүү л байдаг юм даа” гэсэн шиг сууцгаана. Харин шинэ гийчид бол эл дүр төрхийг нь хараад шууд гутарч, бас шүүмжилж байгаа юм, бүр “Хэзээ Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжин, Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгөх юм болоо” гэж санаа алдана. Хаа очиж, Замын-Үүд чөлөөт бүсийн ажил ахицтай яваа юм билээ, энэ тухай жичэд нь өгүүлнэ.
Урд хилээс Монголын нутаг руу орж ирсэн 60-100 тоннын даацтай ачааны авто машин Замын-Үүдэд өнөөдөр барагцаагаар 400-д хүрч байх шиг. Хилийн дээс алхаж, гааль, хилийнхний шалгалтыг нэвтрээд зөвхөн ачаагаа вагонд ачуулахаар бөөгнөрөл үүсгэсэн хүнд даацын авто машины уртын урт цуваа 3 км орчим үргэлжлэхтэй таарав. Ар араасаа дугаарлах автомашинуудыг тоолбол 300 дөхнө, эдгээрт дандаа барилгын материал ачигдсан бөгөөд ихэнх нь цемент аж. Монгол орны өнцөг булан бүрт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа нь барилгын материалын эрэлтийг ихэсгэжээ. Харин энэ их эрэлтийг тээвэрлэхэд “Улаанбаатар төмөр зам”-ын вагоны хүчин чадал хүрэхгүй байгаа аж. Тус нийгэмлэгийн Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаагийн тайлбарласнаар “УБТЗ нь нийт 1350 орчим вагонтой, түүнийхээ 983-ыг нь зөвхөн барилгын материал тээвэрлэхэд зориулан гаргадаг. Үүнээс илүү вагоныг гаргах боломжгүй, учир нь уул уурхайн чиглэлээр жонш, гялтгана, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалыг урд хөрш рүү экспортлоход вагон шаардлагатай. Дээр нь Монгол Улс зөвхөн барилгын материалыг урд хөршөөс импортолдоггүй, контейнер, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бусад барааг авчирдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг ачиж тээвэрлэхэд үлдсэн вагонуудыг хуваарилах шаардлагатай. Цемент тээвэрлэсэн вагоныг угааж байж, бусад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд ашиглахаас аргагүй, үүнд цаг хугацаа ихээр шаарддаг. Тиймээс байдаг чадлаа шавхаад 983 вагоныг зөвхөн барилгын материал ачихад зориулж байна” гэж сайд Н.Батбаярт учирлав. Нөгөөтэйгүүр, 1997 онд урд хилээс Замын-Үүд суманд өдөрт 16 тонны даацтай ачааны авто машин өдөрт 10 орж ирдэг байсан бол одоо 60-100 тоннын даацтай автомашин өдөр тутамд 100 гаруй орж ирэх болжээ. Вагоны хүчин чадал, ачих буулгах терминалын хүчин чадлыг тухайн үеийнхээс нэмэгдүүлсэн хэдий ч ачааллыг даван туулж чадахгүй байгаа. Дээр нь цементийг машинаас вагонд ачихад гар ажиллагаа шаарддаг. “Улаанбаатар төмөр зам”-ынхан хувийн компаниудтай гэрээ байгуулан ажиллаж, ачилтыг хийлгүүлдэг. Зуны цагт ачигч нар олдоцтой байсан бол оюутнууд буцсанаар багасчээ. Тоо хэлбэл, 200 гарч байсан ачигч нар одоо 100 хүрэхтэй үгүйтэй болсон. Авто машинаас вагон руу цемент ачихад нэг ачигчийн цалин өдөрт 50000-100000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Ачигч нь нэг өдөрт хоёр вагонд ачаа ачих нь бий, ингэж чадвал өдөртөө 100 мянган төгрөгийн орлоготой. Хэрэв нэг вагон ачаа ачвал 50 мянган төгрөг олно. Ингэхдээ вагон ачааг 220 мянгаас 200 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр ачиж, 4-5 хүн хувааж авдаг байна. Хэдийгээр ачигч нарын хувьд цалин өндөр ч нөгөө талдаа цаг их ордог, тиймээс энэхүү гар ажиллагааг өөрчлөх талаас 2008 онд төмөр замынхан ачаа тээвэрлэлтийг механик ажиллагаанд шилжүүлэхийг оролдсон ч тэд зам дээр хэвтэж, эсэргүүцлээ илэрхийлснээр амжилтгүй болжээ. Хэвтсэн гэх яриаг аймгийн Засаг дарга нь сонсоод “Ямар хүмүүс зам дээр хэвтдэг байна аа, ёстой сонсоогүй юм байна” гэж толгой сэгсэрсэн бол Д.Жигжиднямаа дарга “Би та бүхэнд зохиож яриагүй, болсон явдлыг л хэлж байна. Ажиллах хүч маш асуудалтай байна, өнгөрсөн хавар хойд Солонгосын 55 иргэнийг ажиллуулсан, удалгүй явсан, ирсэн нь буцаад тогтохгүй байна” гэсэн юм.
Нэг талдаа вагонд ачаа ачих нь нутгийн “инданиуд”-ын өрхийн орлогод сайнаар нөлөөлөх ч бизнес эрхлэгчдийн хувьд цаг хугацаа алдахад хүргэдэг, дээр нь төмөр замд танилгүй бол ачаагаа Улаанбаатар хот руу ачуулж чадахгүй сар болж ч мэднэ, танилтай бол өөр. Ямар ч байсан Эрээнээс орж ирээд Монголын хил, гаалийг даваад зөвхөн ачаагаа вагонд ачуулахын тулд жолооч нар доод тал нь 10 хоног хүлээх шаардлагатай болдог, дунджаар 14 хоног хүлээж ачаагаа вагонд ачуулан тэвшээ суллаж аваад дараагийн ачаагаа ачаалахаар Эрээнийг зорьдог тухай жолооч нар хэлнэ билээ. Бас тэд Замын-Үүд-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орчихсон бол өнөөдөр зөвхөн төмөр замынхны царай харж, цаг алдахгүй байсан гэх гомдлыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт тавьсан, бодууштай л үг.
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон авто машины бөглөрлийг сааруулахын тулд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл авто машиных нь улсын дугаарын сүүлчийн цифрээр хязгаарлалт хийн хөдөлгөөнд оруулах аргыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгөөд байгаа. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Замын-Үүд суманд ажилласан анхныхаа томилолтоор хүнд даацын авто машины дугаарлалтыг багасгах бас нэгэн гарц хайв. Тэр нь Монгол Улс дотооддоо цементийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах нь зөвхөн урд хилээр импортлогдон орж ирж байгаа нийт барааны 70 хувийг бүрдүүлдэг барилгын материалын урсгалыг саармагжуулна гэж үзлээ. Мөн монголчууд асар их мөнгийг зөвхөн цемент худалдан авахад зориулж урд хөршид өгч буй бол дотооддоо үйлдвэртэй болсноор тэр их хөрөнгө Монгол Улсад л үлдэнэ. Энэ нь гадагшаа их хэмжээгээр урсгадаг валютынхаа урсгалыг саармагжуулах, тэр хэрээр гадаад худалдааны алдагдлыг бууруулахад асар их ач холбогдол өгнө гэж үзлээ. Юутай ч ачааны их бөглөрөл үүсгэж, монголчуудын хэтэвчийг сэгсэрч байгаа цементийг дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол барилгын материалын үнэ ханш тэнгэрт хадаж, орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхэд садаа болж буй проблемууд бас давхар шийдэгдэх гарц харагдаж буй юм. Түүнчлэн сайд Н.Батбаяр “Улаанбаатар төмөр зам”-ынхантай санал солилцоод “Улаанбаатар хотод цементийн терминаль ашиглалтад оруулчихвал Замын-Үүд дэх ачааны бөөгнөрөл арилах юм байна” гэдэг шийдэлд хүрэв. Харин энэ ажлыг Засгийн газар, барилгын компаниудтайгаа ярилцаад хамтдаа шийдэх нь хамгийн зөв гарц гэсэн зөвлөгөөг Т.Очирхүү дарга мөн өгнө билээ.
Нэг зүйлийг онцлоход, барилгын материалын бизнесийг зөвхөн бизнесмэнүүд хийхээ больж, уг наймаанд боловсролын салбарынхан эрчтэйгээр хүч түрэн орж ирсэн байна. Тодруулж хэлбэл, зуны амралтаараа багш нар Эрээн хотоос-Улаанбаатар хотын хооронд цементийн наймаа хийхэд зарцуулж байна гэж хэлж болох аж, энэ тухай Замын-Үүд сумынхан онцолно билээ. Сургуулийнх нь захирлууд хичээлийн шинэ жил дөхөхөд сурагчийн дүрэмт хувцасны наймаа эрхэлж ашигтай ажилладаг бол багш нар тэднээс дутахгүй барилгын материалын бизнест хүч сорих болсны жишээ энэ буюу.
Монгол, Хятадын хил хооронд хатуу хучилттай авто зам хараахан тавигдаагүй байгаа аж, эл зам нийт 1.1 км үргэлжилнэ, хөрөнгийг өмнөд хөрш талаас гаргаж, тавихаар хоёр тал тохиролцсон. Эл хэлэлцээр бодит ажил болбол авто машинаар тээвэр хийгчдийн хувьд нэг том ачаа хөнгөрөх аж. Нөгөө талаас Замын-Үүд дэх Гаалийн хилийн шалган нэвтрүүлэх цогцолборын өргөтгөл баригдаж, уг өргөтгөлөөс рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км авто зам барих ажил шийдэгдвэл ганц шугамаар хийж байгаа хяналт шалгалтыг зургаа хүртэл нэмэгдүүлэх боломжтойгоос гадна ачааны авто машиныг бага оврын авто машинаас ялган шалгах боломж бүрдэнэ. Одоо бол ганц шугамаар ачааны авто машин бага оврын авто машин холилдон орж ирдэг. Түүнийгээ дагаад хил болоод гааль дээр хяналт шалгалт хийлгүүлэхэд хугацаа алддаг байна. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийхэд шаардлагатай дөрвөн сая орчим ам.долларыг улсын төсөвт суулгаад өгөх хүсэлтийг Гаалийнхан тавьсан. Сайд Н.Батбаяр “Шаардлагатай хөрөнгийг 2013 оны улсын төсөвт суулгаж өгье, гол нь шугам нэмэгдэхээр хүн хүчийг нэмэх шаардлагатай болно. Тэгэхээр гаалийнхнаас гадна, мэргэжлийн хяналтын алба, хилийн цэрэг гээд энэ бүх албадууд орон тоо хэр нэмэгдэх вэ гэдгийг нарийн тооцоод энэ бүх асуудлаа Эдийн засгийн хөгжлийн яаманд ирүүл. Бүх судалгаа тооцоог хийж үзээд, хөрөнгийг нь төсөвт суулгая. Хөрөнгө шийдвэрлэнгүүт найдвартай гүйцэтгэгч нараар ажлаа хийлгэх хэрэгтэй, тэгээд энэ их ачааны бөөгнөрөл, зорчигчдод учруулж байгаа хүнд суртлаа арилгах ёстой. Ажлаа хийж чадахгүй бол хариуцлага алдсаныг нь албан тушаалаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэдгээ хатуухан хэлээд авсан юм.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн чөлөөт бүсийг дөрвөн аймагт байгуулахаар шийдвэр гаргасны нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм. Эрээн хоттой хил залгах тус сум эдүгээ 15 мянга орчим хүн амтай, түр оршин суугч хэлбэрээр 5000 орчим иргэн амьдардаг, дээр нь дамжин өнгөрөх зорчигчид нь 25 мянга хол давах болжээ. Тодруулж хэлбэл, дамжин өнгөрөгсдийг оруулахгүйгээр тооцоход эл сум 20 мянга орчим хүн амтай болсон гэсэн үг. Хачирхалтай нь хүн ам ийн өссөн атал дунд сургууль ганцтай бол хүүхдийн цэцэрлэг ердөө хоёрхон. Төмөр замын харьяа Соёлын төв байхаас сумын харьяанд улаан булан гэж байдаггүй, нэг ёсны нийгмийн асуудал нь орхигдсон хамгийн шоовдор сум болж, соёлоос гээгджээ. Ганц гэрэл гэгээ татуулах мэдээ нь Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс 2014 онд ашиглалтад ороосой гэх хүлээлт юм. Эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсон цагт хүн ам 60 мянгад хүрнэ гэсэн тооцоо ч бас гарчээ. Харин энэхүү чихэнд чимэгтэй мэдээг дагаад элсэн цөл үргэлжлэх их талбайд бүтээн байгуулалтын их ажил ундарч байна. Тодруулбал, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг байгуулах зорилгоор өнгөрсөн хавраас эхлэн 58.5 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэлжээ. Эл төслийн хүрээнд дөрвөн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Эхнийх нь Замын-Үүд сумын төвөөс 11 км зайд Ус цэвэршүүлэх байгууламж байгуулахаар болсон. Барилгын ажил өнгөрсөн хавар эхэлсэн ч нэлээд эрчтэй явж байгаатай сайд биечлэн танилцлаа. Тус сумынхны хувьд ус хамгийн хүнд асуудал болж хувирсан тул Эрээнээс цэвэр ус татаж хэрэглэх нь ч бий. Тэгвэл Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын хүрээнд цэвэр усны асуудал шийдэгдэх талдаа ажил шуударсан, барилгын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байна, бэрхшээл нь ажиллах хүч ихээр дутагддаг. Нутгийн иргэдийг газар, шорооны ажилд дайчлая гэхнээ олддоггүй. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс мөн сумын Тамгын газрынхан ажиллах хүч орон нутгаасаа хайгаад олохгүй байгаа тухайгаа учирлав. Бүр гэрээр нь явж сураглаад ч тусыг эс олсон, энэ нь нэг өдрийн 20 мянган төгрөгөөр цалинжуулна гэсэн нь чамлалттай санагддаг бололтой. Ачигч хийвэл өдөртөө дор хаяж 50 мянган төгрөгийн орлоготой, сайн ажиллавал 100 мянган төгрөг ч халаасална, тиймээс иргэд “Наад мах шүүс сорсон ажлаа хятадуудаар хийлгэ” гэж томрох нь энүүхэнд гэнэ. Төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд ажиллах хүчнийг өмнөд хөршөөс авах хүсэлтээ өнгөрсөн хугацаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тавьсан ч яам хоёр хуваагдсан, агентлагууд татан буугдсан гэх бужигнаанаар хойшлогдсоор өнөөдрийг хүргэжээ. Гэхдээ өчигдрөөс эхлэн гадаадаас ажиллах хүчин авах хүсэлтийг холбогдох яам хүлээж авахаар болсон тухай Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаныхан мэдэгдсэнээр асуудал тэгсхийгээд намжсан. Одоо 80 хүнийг өмнөд хөршөөс ажиллах хүчнээр аваад ирвэл ирэх арваннэгдүгээр сар хүртэл ажиллуулах боломжтой, тэр цагт ажил нэлээд явж, төлөвлөсөн хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх бололцоо бүрдэх юм байна.
Хоёр дахь бүтээн байгуулалтын ажил болох бохир ус ариутгах, байгууламж шугам сүлжээ байгуулах ажил мөн л эхэлжээ, газар шорооны ажил ид явж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд 2014 онд дуусч, түлхүүр гардуулах хэмжээнд очих аж. Гурав дахь нь Дулааны цахилгаан, шугам сүлжээ барих ажил. Эл ажил харин ойлголцолд хүрч чадаагүй ч газар шорооны ажил бол эхэлчихсэн. Ойлголцолд хүрээгүй гол шалтгаан нь дулааны цахилгаан, шугам сүлжээг барьж байгууллаа гэхэд нүүрсний тээвэрлэлтийг хэрхэх вэ гэдэг ойлгомжгүй юм байна. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд эл асуудлыг ойрын хугацаанд холбогдох хүмүүстэй уулзаж, нэг мөр болгоно гэдгээ онцолсон, мөн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгохын тулд салхин сэнс тавьж, ашиглах боломжтой. Урд хөршийнхний ашиглаж байгаа салхин сэнс нүдэн дээр эргэлдэж байхад түүнээс нь суралцаад Замын-Үүдэд хэрэглэхэд болохгүй зүйлгүй гэж байлаа. Түүнчлэн Замын-Үүд чөлөөт бүсийнхний байрлах ажлын байр ашиглалтад оржээ, нийтдээ 900 гаруй сая төгрөгөөр барьж байгуулсан юм байна. Бүтээн байгуулалтын ажил үүгээр дуусахгүй аялал жуулчлалын цогцолбор байгуулахаас эхлээд казино байгуулах хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай тухай ч хөндөгдлөө.
Харин Замын-Үүд чөлөөт бүсийнхний тайлбарласнаар гадаадын хөрөнгө оруулагчид дэд бүтцээ шийдэхийг хүсч байгаа, тэр цагт газар ч үнэд орно. Харин дотоодын хөрөнгө оруулагчид дараах хүсэлтийг тавьж байна. Нэгдүгээрт үндэсний хөрөнгө оруулагчиддаа эл чөлөөт бүсийн газрыг өмчлүүлэх боломжтой байхаар зохицуулалт хийх ёстой бол гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг эзэмшүүлэх. Хоёрдугаарт Алтанбулаг чөлөөт бүсийн алдааг давтаж болохгүй, энэ нь дэд бүтцийн ажлыг хийхээс урьтаад газар олголтыг хийчихсэн, ажил хийе гэхээр газар авсан хүмүүс нь газраа өгдөггүй гээд бэрхшээлтэй асуудал үүсчээ. Тиймээс ийм алдааг Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд давтахгүй байхыг сануулж буй юм. Гурав дахь нь үндэсний компаниуддаа хөрөнгө оруулалт хийх бололцоог олгох. Хуульд стратегийн хөрөнгө оруулагч гэсэн заалт туссан нь үндэсний компаниуд оролцох боломжийг хаагаад байгаа аж.
Тэгвэл Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсноор монголчуудад үр ашгаа хэрхэн өгөх вэ гэсэн асуултад тус чөлөөт бүсийнхэн дараах хариултыг өгч байна. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдсан цагт монголчууд заавал Эрээн хот руу явж наймаа хийх шаардлагагүй, хятад наймаачид өөрсдөө орж ирж худалдаа эрхэлнэ. Тэр цагт хил, гаалиар нэвтэрч цаг алдахгүй. Нөгөө талдаа тус бүсэд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдлэхээр бараагаа бага үнээр борлуулна. Бизнесийн эрхлэгчдийн хувьд тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татваас эхний гурван жилд чөлөөлөгдөнө, дөрөв дэх жилээс нь тус татвараас 50 хувь чөлөөлөгдөнө. Мөн экспорт, импортын татвараас эхний гурван жилд бүрэн чөлөөлөгдөх аж. Эдийн засгийн ийм таатай орчин бүрдсэнээр гадагшаа урсаж байсан их мөнгөний урсгал татарна, өөрөөр хэлбэл, Эрээн хот монголчуудын буянаар өнгөрсөн 20 гаруй жилийн турш эрчимтэй хөгжилд хүрсэн бол буйдхан Замын-Үүд сум эдийн засгийн чөлөөт бүсийн нөлөөгөөр 60 мянган хүн амтай, Монголын 340 гаруй сумаас хамгийн их хүн амтай хот болж хөгжих бололцоо байна. Нөгөө талдаа “Улаанбаатар төмөр зам”-ын өнгөрсөн хугацаанд үүрч ирсэн ачаа хөнгөрөх гээд олон олон таатай нөхцлүүд бий болох нь, түүнийгээ дагаад Замын-Үүд сумын төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур төв болж байгаа боомтод тулгарах бэрхшээлүүд ч арилна.