Н.Батцэрэг, Г.Уянга нар ”Нарантуул”-ынхантай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг, Г.Уянга нар ”Нарантуул”-ынхантай уулзлаа

УИХ-ын гишүүн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар Олон улсын худалдааны “Нарантуул” төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.

Тус худалдааны төвийн Үйлдвэрчний хорооны мэдэгдэж буйгаар “Нарантуул” төвд худалдаа үйлчилгээ эрхэлж буй 30000 хүний 50,7 хувь нь 7-21 жил ажилласан ч тэдний таван хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа аж. Иймд тэдний ажилласан жилийг “улсад ажилласанд тооцох” арга хэмжээ авахыг парламентын гишүүдээс хүссэн юм.

Эрхэм гишүүн Н.Батцэрэг, ерээд онд эхэлсэн шилжилтийн он жилүүдийг ганзагачин, наймаачин гэж нэрлэгддэг хүмүүс үүрч ирсэн. Одоо эргээд хартал та нарын маань амьдрал баталгаагүй, төрөөс үзүүлэх аливаа хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагддаггүй, тэтгэвэргүй үлдэхээр байна. Зөвхөн нийгмийн даатгал ч гэлтгүй ер нь хувиараа хөдөлмөр эрхэлж, төрийн нуруун дээрх ачааг хөнгөлөлцөж ирсэн хүмүүсийн талаар баримтлах бодлогыг иж бүрнээр шийдэхийн төлөө ажиллана гэлээ. Гишүүн Г.Уянга, шилжилтийн үед ажлын байр нь татан буугдах зэргээр ажилгүй болсон хүмүүсийн нийгмийн даатгалыг төрөөс төлөх, мөн зарим хэсгийг иргэд өөрөө төлж нийгмийн даатгалд хамруулах тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж буйг мэдэгдээд энэ нь 2000 оноор хязгаарлагдахаар байгаа гэв. Иймд 2000 оноос хойшхи ажилласан жилийг мөн тооцож шийдэх төслийг санаачлахаар зэхэж буйгаа мэдэгдсэн нь худалдаа эрхлэгчдийн талархлыг хүлээлээ.

Дашрамд тэмдэглэхэд, “Нарантуул” худалдааны төвд ажиллагсдын 67.8 хувь нь эмэгтэй, 70.4 хувь нь 35-56 насныхан, 98.1 хувь нь гэр бүлээрээ ажиллагсад байдаг судалгааг тус төвийн Үйлдвэрчний эвлэл хийгээд байгаа аж.  

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж