Тэрээр шинээр сургуульд элсэн орж байгаа бяцхан хүүхдүүдэд урам хайрлаж гарын бэлгээ гардуулсан юм. Намрын сэрүү татсан салхитай жиндүү өдөр байсан ч хүүхдүүд инээд хөөрөөр цалгисан, эрдэм номдоо шамдахаар цугласан байлаа. Харин тус дүүргийн XXV хороонд хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг тэргүүлэгч Л.Сайнтөгс хэлж байсан. Тиймээс өнгөрсөн оны XI сард 170 дугаар цэцэрлэгийг Шадар сайд Д.Тэрбишдагвын багцын хөрөнгөөр барьжээ. Тус цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна.
Одоогоор тус хороонд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 650 хүүхэд байгаа гэнэ. "Тэднийг харахаар өрөвдөх юм. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа нь харамсалтай байна" хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан санаа зовниж буйгаа илэрхийллээ. Цэцэрлэгийн хувьд тохижилт сайн, халаалт нь ирчихсэн байсан юм. Энд өвлийн улиралд хүүхэд даарна гэдэг асуудал байдаггүй гэнэ. Харин үлдсэн хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг тэргүүлэгч болон УИХ-ын гишүүд шуурхай шийдэж өгөхийг хүслээ.
Тус цэцэрлэгийн эзэмшлийн таван га газар байдаг юм байна. Энэхүү газар нь намаг ихтэй болохоос биш сайхан газар юм. Цэцэрлэгийн ажилчид гаднах орчноо сайхан тохижуулжээ. Сагсан бөмбөгийн талбай байгуулсан нь ойр орчмын залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь тусалдаг гэж байлаа. Харин "Газар байгаа нь том боломж тиймээс энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч өргөтгөх ажлыг эхлүүлэх хэрэгтэй юм байна" гэдгийг тэргүүлэгч хэлсэн. Дараа нь тус дүүргийн IX хороонд байрлах амьдралын боломж тааруухан айл өрхийх хүүхдүүдийг хооллодог сайн дурын ""Гал голомт"-нд зочиллоо.
Баруун салааны эцэс рүү гэх бартаатай замаар явсаар уулын энгэрт ирсэн юм. Тэнд жижигхэн гэрт зургаан сартайгаас гурван настай бяцхан жаалууд үдийн хоолоо идэж байв. Тэд хүүхдүүдийг хооллоод гурван жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд амьдралын түвшин муу, ядуу, өрхийн хүүхдүүдийг өдөрт 11-12 цагийн хооронд хооллодог байна. Энэ нь зүгээр нэг хоол хийж өгөх биш, хүүхдэд тохирсон эрүүл зөв хооллолт, хүүхдийн дархлааг сайжруулах илчлэг, тэжээлтэй хоолоор хангадаг байна.
Харин эцэг эхчүүдийг олон төрлийн сэдвээр сургалтад хамруулж, хүүхдээ зөв зохистой хоол хийж өгөх талаар сургадаг гэж байлаа. Ингэснээр хямд төсөр материалаар чанартай хоол хийх боломжтой гэнэ. Мөн хөл хүндтэй эхчүүдэд хичээл заадаг аж. Ургийг зөв өсгөх, чанартай хоол тэжээлээр тэтгэх үүднээс ийм ажлуудлыг зохион байгуулдаг гэж байлаа. Тэдний хувьд хүндрэлтэй зүйл нь орон байрны асуудал гэнэ.
Орон байр бэлдээд өгчихвөл хэсэг хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой, өдөр өнжүүлэх ажлуулаад байж чадна гэдгийг хэлж байсан юм. Харин тэд санхүүжилтээ өөрсдөөсөө гаргадаг гэнэ. 14 хоногт 25 хүүхдийн хоолны материалыг бэлдэхэд 435 мянган төгрөг зарцуулдаг. Харин Дэлхийн зөн байгууллагатай хамтарч ажилладаг аж. Ямартай ч сайн үйлс хийж байгаа тэд орон байрны асуудал шийдэж өгөхийг НИТХ-ийн тэргүүлэгчээс хүслээ.
Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин