Оюутны тангаргийн баяр болж, хонхоо цохилоо

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Оюутны тангаргийн баяр болж, хонхоо цохилоо


Ажил, амьдралын гараа буюу жигүүрээ дэлгэн нисэхээсээ өмнө ийнхүү номын дуугаа сонсч буй залуусын хичээл өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Ийнхүү хичээлийн шинэ жилийн эхлэлийн баяр, дуулиан болох өнөөдөр Сүхбаатарын талбайд өрнөсөн юм. Ингэж хэлэх учир нь жил бүр шинэхэн оюутнууд тангараг өргөдөг ёсоор төв талбайдаа цуглаж, төрийн өндөрлөгүүд, ахмад мэргэжилтнүүдийнхээ дурдатгал, зөвөлгөө болон хичээлийн жилийн анхны хонх цохихыг чих тавин сонслоо.

 “Монгол Улсын ирээдүйн эзэн болсон оюутан би эрдэм мэдлэгт шамдан суралцаж

Боловсролтой, авъяас, чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга

Хүнлэг энэрэнгүй,

Эх оронч бие хүн болон төлөвшиж

Мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа

Эрдэмтэн багш, найз нөхөд, ард түмэндээ

Андгайлан тангараглая

Тангараглая, тангараглая, тангараглая”  хэмээн төв талбайд зуу, зуун оюутны дуу хадан тангарагаа өргөлөө.

Түүнчлэн энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Хүүхэд асран хүмүүжүүлэх үндэсний төвөөс их, дээд сургуульд элсэн суралцах зургаан сурагчид сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжийг олгосон юм.

  1. “Эм Ай Юү” дээд сургуулийн Компьютерийн программ хангамжийн ангийн оюутан С.Азсайхан
  2. МУИС-ын Худалдааны сургуулийн Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутан С.Азбаяр
  3. МУИС-ийн Япон хэл-орчуулагчийн анги Б.Номин-Эрдэнэ
  4. Улаанбаатар их сургуулийн Япон хэл- судлалын анги Б.Нандин-Эрдэнэ 
  5. МУИС-ийн Бизнесийн удирдлагын анги Б.Баярмаа
  6. МУИС-ийн Бизнесийн удирдлагын анги А.Гансүх зэрэг оюутнуудын суралцах хугацаан дахь сургалтын төрийн сангийн буцалтгүй тэтгэлгийг ийнхүү олгохоор боллоо.

Оюутны тангарагийн баярт Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль, ЭМШУИС, Байгалийн ухааны их сургууль, “Соёмбо” зэрэг их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн сургуулийн далбааг хийсгэн зогссон юм.  Оюутны тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон Оюутны холбоо, болосвролын салбарт хийж бүтээснээрээ үнэлэгдсэн ахмад мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, индэр дээрээс үг хэлцгээсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

“Энэ жил их, дээд сургуульд шинээр элсэн орж буй оюутан, залуусынхаа тангарагын баярт оролцож байгаадаа баяртай байна. Оюутан цаг бол сайхан цаг. Миний хувьд МУИС-ийн физикийн ангид суралцаж төгссөн. Эх орондоо боловсрол эзэмшиж буйд баярлаж байна. Одоо суралцах гээд тангарагаа өгч буй залуус хэдэн жилийн дараа цагийн эрхээр мөн над шиг дурдатгалаа хийгээд л байж байна. Амжилт хүсье” хэмээн хэлсэн бол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:

“Та бүхний өргөж буй тангараг, өнөөдрйин энд дугаргаж буй хонхны дуу Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын ажлын эхлэлийн хонхны дуу байж чадлаа. Монголчуудыг нэг зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй, эрч хүчтэй хамтарч ажиллах гарааны тангараг байлаа. Тангараг дотор үнэнч байна гэсэн. Үнэнч байна гэдэг нь өөртөө үнэнч байхаас эхлэнэ. Өөсрдийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнөөдрийн өргөсөн тангарагтаа үнэнч байхад хангалттай юм. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнч байхыг хүсч байна” хэмээн оюутны тангараг өргөх ёслолын үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж