Улаанбаатарт суралцдаг. Учир нь манай их дээд сургуулийн 88.5 хувь нь
нийслэлд төвлөрдөг. Тэгэхээр Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм эдийн
засгийн гол бүс нутаг байгаад зогсохгүй боловсролын төв цэг гэсэн үг.
Улсын хэмжээнд өнгөрсөн хавар 30 536 сурагч ерөнхий боловсролын сургууль
төгсч, их дээд сургуульд элсэх эрхээ авсан. Үүний 27 405 нь Улаанбаатар
хотынх, 3 131 нь хөдөө орон нутагтаа элсэлтийн шалгалт өгч дээд
боловсрол эзэмших эрхээ баталгаажуулсан. Харин хөдөө орон нутгийн 3 000
гаруй хүүхдийн хичнээн нь Улаанбаатарт ирж суралцана гэсэн нарийн тоог
гаргах боломжгүй гэнэ. Их дээд сургуулийн томилолтоо авсан ч ямар нэг
шалтгаанаар энэ жилдээ суралцахгүй эсвэл өөрийн аймагт байх харъяа
сургууль, коллежид суралцахаар шийдвэрлэсэн зэргээс үүдэн энэ тоо
хэлбэлзэх юм байна. Гэсэн ч энэ үзүүлэлт төдийлөн буурахгүй аж. Тэгэхээр
энэ намар Улаанбаатарын хүн ам дунджаар 3 000 орчим түр оршин суугчаар
нэмэгдэнэ гэсэн үг. Харин энэ нэмэгдэл Улаанбаатар хотод ямар
өөрчлөлтийг авчрах нь ойлгомжтой. Нийтийн тээвэр, замын түгжрэл, архидан
согтууралт, гудамж талбай, зах дэлгүүрийн ачаалалтай бол яриад ч
хэрэггүй. Ганцхан жишээ дурдахад оюутнууд ирж, хичээл сургууль эхлэх тэр
үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөн 5-6 километр цагийн хурдтай болж,
бараг л зогсолтод орно гэсэн тооцоо бий. Бас нийслэлд гарах гэмт
хэргийн тоо ч нэмэгддэг. Долоо, наймдугаар сард өдөрт 30-35 гэмт хэрэг
бүртгэгддэг бол оюутнууд цугласан ес аравдугаар сард 45-50 болж, 10-15
хэргээр өсдөг байна. Зуны улиралд 90-140 хүн эрүүлжүүлэгддэг бол намар
180-220 болон нэмэгдэж, хулгай, дээрэм, танхайн хэргийн гаралт эрс өсдөг
байна. Харин худалдаа үйлчилгээний тухайд Нарантуул зах, хотынхны
нэрлэдгээр “NT shop” аль хэдийнэ хөл хөдөлгөөнд орчихсон.
Наймаачдын
хэлж буйгаар барааны үнэ “сүртэй биш, тав арван цаас”-аар нэмэгдсэн
гэнэ. Хичээлийн хэрэгслээс эхлээд хувцасны үнэд хэд арван төгрөгийн
нэмэгдэл шингэснийг наймаачид нуухгүйгээр барахгүй “бидний гайгүй
ажилладаг ганц улирал ш дээ” гээд болох ёстой зүйл жамаараа болж байгаа
мэт зогссон. Ийм яриа их дээд сургуулийн сургалтын алба, дэлгүүрийн
лангуу, байрны эздийн хооронд өнөөдөр ч яригдаж байгаа нь нууц биш.
Тэгвэл Улаанбаатарт суралцахаар ирсэн хөдөөний оюутан халаасандаа хэдэн
төгрөгтэй байвал хүнд нүд үзүүрлэгдэхгүйгээр хотод сурч, амьдрахыг
тооцоолох гээд үзье.
Юуны өмнө сургалтын төлбөрийн талаар сонирхлоо. Өнгөрсөн жил манай улсын
ихэнх их дээд сургуулийн сургалтын төлбөр дундажаар 1.5 сая төгрөг
байсан. Харин энэ жил ямар нэг хэмжээгээр нэмэгдэх нь бараг л тодорхой
болсон. Саяхан их дээд сургуулийн удирдлагууд шинэ сайдтайгаа уулзах
үеэр энэ асуудлыг хөндсөн. Ингэхдээ МУИС 38-60 хувь, ХААИС 49 хувь,
СУИС 20-40, УБИС 25-50, “Их Засаг” их сургууль 14-15 хувиар нэмэх санал
гаргасан. Захирлуудын саналаар бол сургалтын төлбөр хамгийн багадаа л
150 мянган төгрөгөөр нэмэгдэж, доод хэмжээ нь 1.6 саяд эргэлдэх нь. Дээд
тал нь хоёр сая төгрөг давна гэсэн үг. Олон хүний цусны даралтыг
нэмэгдүүлэхгүйн тулд дундаж хэмжээ болох 1.6 сая төгрөгөөр тооцоолъё.
Сургалтын төлбөрөөс гадна хөдөөний оюутанд амьдрах орон байр мөн л
толгойны өвчин. Гадуур, дотуур гэхгүй байр бүхэн үнэтэй. МУИС-ийн оюутны
байр өнгөрсөн жил барьцаа мөнгөтэйгээ 260 мянган төгрөгийн төлбөртэй
байсан. Энэ жил нэг их нэмэгдэхгүй байх аа гэсэн албаны хүний
эргэлзээтэй үг дотуур байрны төлбөр нэмэгдэнэ гэсэн санаа байхыг ч
үгүйсгэх аргагүй. Харин нийтийн байрны хувьд үнэ нь аль хэдийнэ тэнгэрт
хадчихсан. Гаднаа ус, 00-той, 3х3 хэмжээтэй жижиг өрөө хамгийн багадаа
150 мянган төгрөг. Байрлалаасаа хамаараад энэ үнэ өснө үү гэхээс
буурахгүй. Хажуу өрөө бол сарын 200-300 мянган төгрөгийн хөлстэй. Ийм
хэмжээний хөлс нэхсэн байрны эзэн тохитой томоотой 2-3 эмэгтэй оюутан
гэх шаардлагыг хэлэхээ бас мартахгүй. Харин нэг өрөө байрны хөлс сарын
400 мянган төгрөгөөс эхэлнэ. Баянгол дүүрэгт нэг өрөө байр 450 мянга,
Сонгинохайрханд 400 мянга, Чингэлтэйд 500 мянган төгрөгөөр үнэлэгдэж
байна. 600 мянгаас нэг сая төгрөгтэй бол хоёр өрөө байранд амьдарч болох
л юм. Харин хашаа байшин харьцангуй хямд, 60 мянгаас 200 мянган
төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хэдийгээр үнэ нь гайгүй сонсогдож байгаа ч
байрны хөлсийг зургаан сараар эсвэл нэг жилээр бөөнд нь авна гээд айдас
төрүүлчихнэ. Сонсоод л хаанаас олох юм вэ гэсэн бодол зурсхийх үнэ хөлс
энэ мэтээр цааш хөвөрнө. Хоосон байшинд ороод хэвтэхгүй нь ойлгомжтой.
Ядаж л хөнжил гудас, халуун тогоо, аяга халбага хэрэгтэй. Хамгийн хямд
халуун тогоо 15 000 төгрөгийн үнэтэй. Дээр нь өмсөх хувцас гэж нэлээд их
төсөв шаардсан хэрэгцээ байна. Нарантуул захаас хамгийн хямд үнэтэй
жинсэн өмд авахад 20 000 төгрөг хэрэгтэй. Цамц, пүүз гээд хэрэгцээт
зүйлсийн жагсаалт нэлээд урт үргэлжилнэ. Толгой муутай нэг нь
тооцоолоход хэцүү учраас тооны машин зайлшгүй. Сургалтын төлбөрт 1.6
сая+ нийтийн байрны 75 000 (нэг өрөөнд хоёулаа орсон бол)+ хувцасны
200000 (хамгийн багадаа) + хоол хүнсэнд 50 000+ унааны 15 000
(хөнгөлөлтийн виза карт гарах есдүгээр сарын 20 хүртэл өдрийн 800
төгрөг). Ингээд нэмэхээр хоёр сая төгрөг энүүхэнд болж байгаа биз.
Төлбөрийн асуудлаар хичээлээс хөөгдөхгүй, ааштай хамаатны аяыг
дагахгүйгээр хэсэг хугацаанд мөр бүтэн гэдэс цатгалан явахын тулд нэг
оюутанд дор хаяж хоёр сая төгрөг шаардлагатай болох нь. 2000 оны дундуур
сурч байсан бидний бүтэн жилийн амьдралын өртөг өнөөдрийн оюутнуудын
нэг сарын хэрэгцээнд хүрэхгүй шахам байна. Харин шалтгааныг нь хэнээс
асууж, хаанаас хайх вэ? …. Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс
Эх сурвалж: WWW.TOIMSETGUUL.MN
Үндэстний тойм сэтгүүл №134