Архангайд үхрийн хорт салст халуурал өвчин илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Архангайд үхрийн хорт салст халуурал өвчин илэрчээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг болон Эрдэнэбулган сумын зургадугаар багт үхрийн хорт салст халуурал өвчний шинж тэмдэг илэрчээ. Одоогийн байдлаар 17 үхэр үхэж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлээд вирусийг нь хонь тээдэг бөгөөд хониноос үхэрт тусдаг  хорт салст халуурал өвчин болохыг тогтоожээ. Ийм учраас аймгийн онцгой комисс хуралдаад Засаг даргын захирамжаар тус сумын хот айлуудаас 10 километрийн радиусаар хорио цээрийн дэглэмийг тогтоожээ. Энэхүү өвчин нь 80-аад онд Өмнөговь, Өвөрхангай, хамгийн сүүлд Хөвсгөл аймагт 1990 онд гарч байсан аж. Энэ өвчнөөр өвчилсөн үхэр эмчилгээгүй болдог гэнэ. Мөн хүнд халдахгүй гэсэн баталгаа байхгүй, ариун цэвэр хорио цээрийн дэглэмийг чанд сахих шаардлагатай аж. Есдүгээр сарын 02-нд аймгийн Онцгой байдлын ажлын хэсэг тухайн газар дээр нь очиж зохион байгуулалтын арга хэмжээг авч, мал амьтан гаргахгүй оруулахгүй, малын гаралтай түүхий эд бэлтгэхгүй, шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй, эргүүл харуул гаргасан байна. Цэнхэр Эрдэнэбулган сумын онцгой байдлын алба, холбогдох албан газрууд одоогоор ажиллаж байгаа талаар тус аймгийн ОБХ-ийн хэлтсийн дарга хошууч Д.Эрдэнэбаатар мэдээлсэн байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж