1. Мохаммэд Фарах (Их Британи)
Лондонгийн Олимпоос хөнгөн атлетикийн 5000, 10000 метрт хос алтан хүртсэн Мохаммэд Фарах Сомалийн нийслэл Могадишо хотод 1983 онд төрсөн. Өөрийн ихэрийн хамт хүүхэд насаа Жибути улсад өнгөрөөж, найман настайдаа Лондонд очжээ. Байгалийн баялаг ихтэй ч, түүнээс болж улс төрийн тогтворгүй байдалд байсан Сомалид, Фарахыг Европ зорьдог 1991 онд иргэний дайн дэгдсэн юм. Англид суралцаж байх үед Алан Ваткинсон багш нь холын зайн гүйлтийн маш их авьяас байгааг илрүүлжээ. Уг нь түүний мөрөөдөл Арсэналын баруун жигүүрийн хамгаалагч болох байлаа. Гэвч багш нь Фарахыг уруу татаж төрөлхийн авьяасыг нь нээжээ. Фарах тамирчин болгосон Британий нэр дээрээс уралдах болж, 2001 онд Европын өсвөрийн аваргад 5000 метрийн зайд алтан медаль хүртсэн. Улмаар насанд хүрэгчдийн ангилалд шилжиж, 2010 онд Европтоо босоо болж, 2011 онд анхны Дэлхийн аваргаа 5000 метрт хүртжээ. Харин Лондонгийн Олимпт 5000, 10000 метрт хос алтан медаль хүртсэн. Британий түүхэнд холын зайн гүйлтийн эрэгтэй аварга олимп, дэлхийгээс анх удаа төрөн гарсан нь энэ юм. 2010 онд олон жил үерхсэн Таниа Нэллтэй гэр бүл болж Британий хүргэн болсон. Ихэрийн удамтай Фарах ирэх есөн сард ихэр охидтой болно. Том охин Рианна нь Фарахын охин биш боловч Фарах төрсөн эцэг шиг нь хайрладаг. Энэ удаагийн Олимпоор алтан медаль хүртсэний дараа гэр бүлээрээ баярын тойрог хийхэд, хоёр дахь эх орон нь зохион байгуулагчийн хувиар “арын хаалга”-дсан юм.
2. Саня Ричардс-Росс (АНУ)
Ямайкын нийслэл Кингстон хотод төрсөн Саня олон улсад АНУ-ыг төлөөлдөг. Төрсөн эх орондоо хоёр ч ахлах сургуульд суралцаж байгаад Флорид руу нүүж спортын шилдэг программтай Сэнт Томас Акуинас сургуульд суралцах болсон. Долоон настайгаасаа хөнгөн атлетик, сагсанбөмбөгөөр хичээллэж байгаад эхнийхийг нь сонгожээ. 2003 оны Парисын дэлхийн аваргаас 4х400 метрт алтан медаль хүртсэн бол ганцаарчилсан төрөлд 2005 онд мөнгөн медаль авсан. 2012 онд 400, 4х400 метрийн зайд хос алтан медаль хүртсэн. Өнөө үеийн 400 метрийн дэлхийн номер нэг эмэгтэй тамирчин. 2007 онд Америк хөлбөмбөгийн тамирчин Аарон Росстой сүй тавьснаар нэр нь Ричардс-Росс болжээ.
3. Артур Таймазов (Узбекистан)
Чөлөөт бөхийн Узбекистаны нүүр царай болсон Таймазов хуучин ЗХУ-ын Хойд Оссетэд төрсөн. Түүний ах Тимур 1996 онд Украины нэр дээр хүндийн өргөлтийн Олимпын аварга болж байсан бол Артур Узбекистаныг сонгожээ. Анх ахтайгаа адил хүндийн өргөлтөөр хичээллэж байсан боловч 11 настай байхад нь төрөлх тосгонд нь чөлөөтийн секц нээгдсэнээр эргэлт буцалтгүй бөх рүү орсон. 2000 онд анхны Олимптоо мөнгөн медаль авахдаа, аваргын төлөө ОХУ-ын Давид Мусульбест ялагдсан. Мөнгө авахад нь Оросууд түүнийг эх орноосоо урвасан гэж дээрлэхсэн гэсэн яриа ч байдаг. Артурыг дэвжээн дээр гарахын өмнөхөн хэдэн том биетэй Оросууд очсон гэдэг. Дараагийн гурван Олимпт дарааллан алтан медаль хүртэж Узбекистаны анхны хос медальтнаас эхлээд дөрвөн медаль авсан анхны тамирчин болсон. Лондон 120 кг-д Гүржийн бөхийг илт давуу ялж чөлөөтийн бүх цаг үеийн шилдэг бөхчүүдийн нэг болсон юм.
4. Марям Юсуф Жамал (Бахрайн)
Эфиоп бол холын зайн гүйлтийн шилдэг тамирчдын эх орон. Олимпт оролцох гуравхан эрх багадах нь ойлгомжтой. Тийм ч учраас зарим тамирчид нь өөр улсын нэр дээрээс уралддаг бөгөөд нэг төлөөлөл нь Жамал юм. Жамалын нөхөр Тарик Якообын хамт улс төр, эдийн засгийн татвар төлөөгүй гэж Эфиопын хөнгөн атлетикийн холбоо баталснаар Афины Олимпт оролцож чадсангүй. Жамал өөрийн улсын нэр дээр уралдах иргэншил хүсэхэд АНУ, Канад, Франц зэрэг улсууд санал болгосон ч нэг шашинд Бахрайныг сонгожээ. Жамал шинэ эх орныхоо нэр дээр амжилттай оролцож 2007, 2009 оны Дэлхийн аваргад 1500 метрт алтан медаль хүртэж энэ Олимпоор хүрэл медаль хүртсэн юм. Лондонгийн хүрэл нь Бахрайны Олимпын түүхэндэх анхны медаль болсон нь түүнийг Бахрайны баатар болгосон.
5. Фэн Тианвэй (Сингапур)
Спорт гэдгийг бараг мэдэхгүй Сингапурын Олимпын дөрвөн медалийн гурав нь Фэнтэй холбоотой. Ширээний теннисний ганцаарчилсан болон багийн төрөлд Лондонгоос хошой хүрэл хүртсэн бол Бээжинд багаараа мөнгө хүртэхэд гол хүн нь Фэн Тианвэй байсан юм. Ширээний теннисээр төрөлх эх орон БНХАУ-аас Олимпт оролцох боломж хомс байсан учир Сингапурын нэр дээрээсээ тоглох болсон. Тэрээр өмнөд хөршийн Харбин хотод төржээ. Фэний аав 2002 онд судасны хатуурлаар нас барж гэр бүлд нь том гарз болсон. Фэн 2003 онд шигшээ багт дуудагдсан боловч бие нь өвдөж спортоосоо түр хөндийрчээ. Түүний бие өвдсөн шалтгаан аавыгаа санаснаас болсон гэдэг. 2005 онд Японы мэргэжлийн лиг яваад тоглож байх үед Сингапурын ширээний теннисний холбооноос санал тавьжээ. Ашигтай санал байсан, дээр нь Хятадын шигшээд багтахад хэцүү байсан учраас 2008 оны нэг сард Сингапурын иргэн болжээ. Оролцсон тэмцээн бүртээ эх орон нэгтнүүдтэйгээ тэнцүүхэн өрсөлддөг Фэн Сингапурын хамгийн алдартай тамирчин.
6. Сэрж Ибака (Испани)
“Нисдэг Конго” хочит Ибакагийн аав, ээж хоёр нь сагсанбөмбөгийн тамирчин байжээ. Конгод улс төрийн тогтворгүй байдал тогтмол болж байсан учраас эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй болж, Конгын хоёр дахь дайнаар Испанийг зорьжээ. Эцэг, эх нь амь зуухын эрхээр ажиллаж Ибакаг сагсанбөмбөгөөр хичээллүүллэх болсон. Ибакад аав, ээжийн авьяас өвлөгдөж, Испаний өсвөрийн сагсанбөмбөгийн сургалтанд багтсанаар од болох эхлэл тавигджээ. 17 настайгаасаа Испаний лигт тоглож, хоёрхон жилийн дараа АНУ-ыг зорьж драфтын нэгдүгээр бүсийн 24-өөр Оклахомад очсон. 2012 онд Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдэж, блок шотоор тэргүүлжээ. Сагсанбөмбөгчин болгосон Испаний шигшээг сонгосон Ибака Европын аваргын алт, Лондонгийн Олимпоос мөнгөн медалийг хүртсэн. Испаниас гарсан хамгийн шилдэг сагсанбөмбөгчдийн нэг болсон Ибакагийн аав, ээж нь хүүгээ ийм өндөр амжилтанд хүрч, дэлхийн хамгийн лигийн шилдэг хамгаалагч болно гэж зүүдлээ ч үгүй гэдэг.
7. Димитрий Овчаров (Герман)
Украины Киевт төрсөн, Германы ширээний теннисний шилдэг тамирчин. ЗХУ болон Украинаас төрөн гарсан ширээний теннисний хамгийн алдартай тамирчин боловч Германы нэр дээр тоглох болсон. ОХУ-ын Газпром Факэл Оренбург клубт харьяалагддаг. Бээжингээс мөнгөн медаль хүртэж байсан бол Лондонгоос хошой хүрэл авч, ганцаарчилсан төрлийн анхны медаль нь байснаараа онцлог юм.
8. Шариф Шарифов (Азербайжан)
ОХУ чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлдэг. Ялангуяа уулынхан болох Чечень, Дагестан, Оссетоос ихэнх бөхчүүд нь төрөн гардаг. Шигшээ багт багтаж чадахгүй бол өөр улсын нэр дээр барилдах тохиолдол олон гардагийн нэг жишээ нь Шарифов. Азербайжан газрын тосоор баялаг учраас гаднаас тамирчин авахад гар татахгүй. Энэ зарчимаар Шарифовыг өөрсдийн нэр дээр оролцуулах болсон бөгөөд Лондонгоос 84 кг-д алтан медаль хүртсэн юм. Тэрээр Дагестаны Махачкалад төрсөн.
9. Сидэрис Тасиадис (Герман)
Герман улс цагаачдад ээлтэй. Сидэрисийн аав, ээж нь Германд байхдаа түүний төрүүлсэн бөгөөд багаасаа каноэ завиар хичээллэжээ. 10 настай байхдаа Германы иргэн болсноор, Грекийн нэр дээр оролцохгүй болсон. Лондонгийн Олимпоор мөнгөн медаль хүртсэн бөгөөд сүүлийн хоёр дэлхийн аваргаас хошой мөнгө хүртсэн юм.
10. Бэрнард Лагат (АНУ)
Лондонгоос медаль аваагүй ч Лагатыг оруулахгүй бол болохгүй. Кенийн нэр дээр хоёр ч Олимпоос медаль авсан Лагат 2005 оноос АНУ-ын нэр дээрээс оролцох болсон юм. Холын зайн гүйлтээр тааруу АНУ-д томоохон дэвшилийг Лагат авчирч 2007 оны Осакагийн Дэлхийн аваргаас хошой алтан медаль хүртсэн. Хөгжилтэй газар бэлтгэл сургуулилт хийхэд ч амар байсан уу, амжилт нь эрс дээшилсэн. Лондонгийн Олимпын 10000 метрийн зайнд цагаан арьст тамирчин медалийн тавцанд зогсоход Лагатын нөлөө байсан юм. Рупп гэж Америк залуу Лагатаас маш их зүйл сурч, Америкийн Хөнгөн алетикийн холбоо Олимпоос сарын өмнө Кенид бэлтгэл хийхэд Лагатын нөлөө үлэмж их байсан нь ойлгомжтой. “Шинэ” эх орныхоо холын зайн гүйлтийг дэлхийн тавцанд гаргахад том гавьяа байгуулсан Лагатыг цагаач тамирчдын аравт орууллаа.
Эх сурвалж: WWW.TOIMSETGUUL.MN
Үндэстний тойм сэтгүүл №134