Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын түүхэнд тодоор бичигдэх шийдвэр гаргасан нь олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бүх үеийн тамирчдад сар тутам мөнгөн тэтгэлэг олгож байх тухай зарлиг юм. Зарлиг 2013 оны 1-р сарын 1-ээс үйлчлэх тул манай алдарт тамирчид тэр өдрөөс эхлэн төрийнхөө хишгийг хүртэнэ. Гэхдээ үүнээс урьтаж хийх ёстой том ажил бол ямар амжилт гарсан тамирчид тэтгэлэг олгох, тэтгэлэг хэрхэн олгогдох тухай нарийвчилсан мэдээлэл болоод ойлголтыг ард түмэнд түгээх явдал юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах аяны агуулга чухам үүнд оршиж байгаа юм.
Тэгвэл тус зарлигийг тухайн аймаг, хот, дүүргүүдийн удирдлагад гардуулах болон ард түмэнд таниулж, түгээх аян Өвөрхангай аймгаас эхэллээ. Тус аян Өврийн хангайгаас эхэлсэн нь учиртай юм. Эх орныхоо алдар сууг дэлхий даяар цуурайтуулсан болоод цуурайтуулж байгаа спортын олон суутан чухам энэхүү аймгийн харьяат улс байдаг билээ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд, 2012 оны Лондоны зуны олимпод оролцсон 29 монгол тамирчны зургаа нь Өвөрхангайнх байснаас Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэн элэг нэгт түмнийхээ магнайг тэнийлгэсэн. Гэхдээ хамгаас илүү, бусдаас гарамгай нь бол Монголын улсын ХХ зууны манлай тамирчин З.Ойдов билээ. Хархорин суманд төрсөн тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн №151-р зарлигийг төрөлх аймгийндаа таниулах үйлст өөрийн биеэр оролцохоор МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хамт Арвайхээр суманд зочилж, зарлигийг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон ИТХ-ын дарга И.Доржсүрэн нарт гардуулав. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ажиллагааг МҮОХ-ны хамт олон гардан зохион байгуулалцаж байгаа бөгөөд ажлынхаа эхлэлийг ийнхүү Өвөрхангай аймагт тавилаа. Тус аймгийн удирдлага болоод иргэд ч гэсэн ёслолын арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, тал бүрийн аижл зохиосон. Энэ нь олон баримтаас тод харагдаж байлаа. Тухайлбал, Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бүх үеийн тамирчдад сар тутам мөнгөн тэтгэлэг өгөхийн ач холбогдол, ашиг тусыг нутгийн иргэддээ сайн таниулах, хамгийн гол нь хурдацтай түгээх үүднээс бүх сумдаасаа төлөөлөгч урин, зарлиг гардуулах ёслолд оролцуулсан. Тэдгээр төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонсоход, Монгол улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг сэтгэл дүүрэн хүлээж авсанаа дуулгахын зэрэгцээ тив, дэлхийд данстай олон олон тамирчдыг бэлтгэсэн Өвөрхангай аймгаас нь аянаа эхэлж байгаад гүнээ билэгшээж байгаагаа илэрхийлсэн.