ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг томилох нь тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг томилох нь тодорхой болжээ

Өнөөдөр орой Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар товлоод байна. Энэ өдрийн хуралдаанаар өнгөрөгч бямба гаригийн ээлжит хуралдаанаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байсан томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэх аж.

Тухайлбал, Засгийн газрын бүтцийг шинэчлэн баталсантай холбоотойгоор шинээр байгуулагдаж, бүтцийн өөрчлөлтөд орсон зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох гэнэ. Үүнээс гадна олон нийтийн зүгээс хамгийн их анхаарал хандуулж буй бас асуудал бол ЦЕГ-ын даргыг өөрчлөх эсэх. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Цагдаагийн удирдлагад өөрчлөлт орно” хэмээн мэдэгдсэн билээ. Харин энэ томилгоо өнөөдөр хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хийгдэх бололтой. Цагдаагийн шинэ даргын албан тушаалд одоо ҮАБЗ-ийн Ажлын албаны  даргаар ажиллаж буй, өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан “сахал” хэмээх Б.Билэгтийг томилох нь тодорхой болоод байна. Хуульд зааснаар ЦЕГ-ын даргыг Хууль зүйн сайдын санал болгосноор Засгийн газраас томилдог. Тиймээс энэ томилгоог хийхийн тулд Хууль зүйн шинэ сайд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хооронд нэлээдгүй зөвшилцөл явсан бололтой.

Мөн ЦЕГ-ын даргын томилгоотой хамт тус газрын Тэргүүн дэд дарга, дэд дарга нарын асуудал ч мөн яригдах юм байна. Тэргүүн дэд дарга, дэд даргыг томилох эрх нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаардаг бөгөөд одоо ажиллаж байгаа Тэргүүн дэд дарга Р.Чингисийн оронд Ш.Ганболд, дэд дарга Л.Энх-Амгалан нарын оронд Ж.Ганбаатар нарын нэр сонсогдож байна. Ш.Ганбат нь ОХУ-д, Ж.Ганбаатар АНУ-д сургууль төгссөн, цагдаагийн байгууллага, тэр дундаа Эрүүгийн цагдаад олон жил ажилласан “кадр” боловсон хүчнүүдийн нэг аж.

Б.ЗАЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж