
Сирид сүүлийн хэдэн долоо хоногт шил шилээ даран болсон үйл явдлууд талуудын мөргөлдөөн ужиг бөгөөд цуст иргэний дайн болж эргэлт буцалтгүй хувирсныг харуулав. Ялна гэсэн бодит найдвар хоёр талын алинд нь ч байхгүй бөгөөд ингэснээр Сири улс аажмаар хоёр дахь Афганистан болон хувирч байна.
Үүсээд буй нөхцөл байдлыг ойлгохын тулд үйл явдал анхнаасаа хэрхэн өрнөснийг эхлээд харах нь зүйтэй болов уу. Зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн юуны түрүүнд суугаа газраасаа албаны хүмүүс, тэр дундаа цагдаагийнхныг хөөж явуулаад нэг ёсны өөрийн гэсэн орон нутгийн засаг захиргааг бий болгосон билээ. Нэг долоо хоногийн дараа Засгийн газрын цэрэг тэдний бий болгосон “чөлөөт бүс”-ийг бүсэлж ус, хий, цахилгаан, холбоог нь таслав. Улмаар хэдэн өдөр зогсоо зайгүй бөмбөгдөн, их буугаар буудсаны эцэст хуягт зэвсгээр дэмжүүлсэн их хэмжээний цэрэг оруулжээ. Зэвсэг муутайн дээр сэтгэл санаагаар унан, ядарч туйлдсан босогчид өөр өөрийн хандсан зүгт тарж зугтсан билээ. “Чөлөөт бүс”-т цэвэрлэгээ явуулж Засгийн газарт үнэнч бус гэж тооцогдсон хүмүүсийг устгахыг нь устган, баривчлахыг нь баривчилснаар эхний энэ үе дуусав. Хүний эрхийг хамгаалагчид энэ явдлыг эсэргүүцэхэд эрх баригчид ямарваа нэг аллагын эзнээр “зэвсэгт дээрэмчдийг” тодруулан зарлах маягаар хариу барьж байлаа. Арми үүний дараа өөр нэг “чөлөөт бүс” рүү явж одоход, тарж зугтсан босогчид эргэн ирж Засгийн газрын шинэ төлөөлөгчдийг дахин хөөж явуулах гэх зэргээр үйл явдал ээлжлэн үргэлжлэв. Босогчид байгаа газраа хамгаалж чадахуйц хэмжээний хүч, хөрөнгөгүй байсан нь ийм байдалд хүргэжээ. Тэд Засгийн газрын цэрэгтэй нэгийгээ үзсэний үр дүн гэвэл армийн онгоц, танк, их бууны галд хамаг юмаа хуйхлуулж үлдсэн энгийн иргэд л байлаа. Гайхуулаад байх амжилт босогчдод үнэндээ байсангүй. Арми ч мөн ялгаагүй. Тэртэй тэргүй Сирийнх хэвээрээ байгаа хотуудыг эзлэх нь гол биш, зэвсэглэсэн дайснуудаа устгах нь чухал байсан боловч тэд ингэж чадахгүй л байв. Хот л эзлээд байдаг, босогчдыг устгаж чаддаггүй. Босогчид нь эргээд л босч ирээд байгааг ямар ололт гэх вэ.
Харин наймдугаар сарын туршид босогчид тактикаа сольсноор нөхцөл байдал баахан өөрчлөгдөв. Өөрсдөө сэхээрсэн үү, эсвэл хэн нэг нь зааж өгсөн үү ямар ч байсан тэд хот хамгаалж зууралдан тулалдахаасаа илүүтэйгээр цэргийн обьектууд руу довтлох тактикт шилжсэн юм. Дайрна гэдэг нь дайраад эзлэнэ гэсэн үг ч биш, англиар “hit and run” буюу “цохиод зугт” гэдэг аргыг хэрэглэх болсон байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тэд армийн хоёр ч баазыг амжилттай довтолжээ. Тухайлбал, Идлиб мужид онгоцны буудлыг довтолж, 10 нисдэг тэргийг газар дээр нь устгав. Мөн Дамаскийн ойролцоо агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн баазыг эзэлж бүрмөсөн сүйтгээд хариу цохилтоос урьтан зайлжээ. Мөргөлдөгч талуудын дунд хоёр хуваагдсан Алеппо хотод хүртэл босогчид зууралдан тулалдахаас зайлсхийж, гэнэт гарч ирж бужигнуулаад гэнэт алга болдог болсон байна. Босогчдын нэг баг гол төлөв гранатчин, мэргэн буудагч, автоматчинаас бүрддэг. Нарийн гудамж, дээвэр, байшингуудын завсраар тэд Засгийн газрын цэргийн байрлалд дөхөж очуутаа эхнийх нь байг (харуул, машин, автобус эсвэл өөрөө явагч) довтлоход, хоёр дахь нь туслахаар ирж буй цэргүүд рүү галлаж, харин автоматчин нь нөгөө хоёроо галаар хамгаалах аж. Засгийн газар их буу, нисэх онгоцны дэмжлэг хүсэх боловч тэднийг ирэх гэсээр байтал өнөө хэд хэргээ гүйцээгээд зайлж одно. Засгийн газар Алеппо хотыг авахаар хамаг хүчээ хаясан боловч бүтэн сар тэнд тийчилж байгаагийн гол шалтгаан энэ ч байж болох юм. Босогчид армийнхантай их хүчээр тулалгүйгээр тэдний галын бөөн хүчнээс зайлсхийхээс гадна хамгаалалт муутай эмзэг хэсэгт нь оновчтой цохилт өгч туйлдуулсаар байгаа нь хотын төлөө тулалдаанд тэдэнд амжилт авчирсаар байгаа аж.
Үүнээс гадна Сирийн умард нутагт ч жинхэнэ партизаны дайн өрнөж байна. Босогчид замуудад түр зуурын харуул гаргаж албаны хүмүүс, цэргийнхэн, аюулаас хамгаалахынхныг ганц нэгээр нь “тонших” бөгөөд хүнээ алдсан талынхан түгшүүр зарлаж цэрэг илгээхэд отолтод оруулж “агнана”. Ингээд бушуухан зайлж уул хаданд гарч ор мөргүй болох аж.
Тактик өөрчлөгдсөнөөс гадна тулааны зарим хэсгийг агаарт шилжүүлсэн нь чухал болж байна. Зарим хэвлэлийн мэдээлснээр Идлиб мужид Туркээс зенит пуужингийн зөөврийн төхөөрөмж наад зах нь хорь гаруйг нийлүүлжээ. Энэ нь нотлогдсон мэдээлэл биш боловч өнгөрсөн долоо хоногт босогчид армийн хоёр МиГ-23 онгоц, нэг нисдэг тэргийг агаарт устгасан нь баримт юм.
Сирийн дайны явцад дорвитой нөлөөлж мэдэх бас нэг хүчин зүйл бол зэвсэг хэрэглэл, бэлтгэл, зохион байгуулалт сайтай лалын шашинт дайчид мөргөлдөөнд оролцож эхэлсэн явдал юм. Афганистан, Чечениэс Судан, Алжир хүртэл дэлхийн олон оронд партизаны дайн явуулсан туршлагатай тэдгээр хүмүүс Персийн булангийн орнуудын “хүмүүнлэгийн” сангуудаас хангалттай санхүүжилт авч байгаа тул орон нутгаас хүн элсүүлэх, хар зах дээрээс зэвсэг худалдаж авах өргөн бололцоотой юм. Тэдний байлдах чадвар, гаргаж чадах үр дүн нь сөрөг хүчнийхний талд орсон цэргийнхэн болон энгийн иргэдийнхээс хавьгүй илүү байх нь ойлгомжтой хэрэг.
Сирийн баруун хойдод “Уммагийн бригад” хэмээх бүлэглэл гарч ирснийг энд дурьдах хэрэгтэй. Жинхэнэ цэргийн сахилга бат, өндөр чадвартай, баялаг энэ байгууллагын цөмийг Ливид байлдаж байсан мэргэжилтнүүд бүрдүүлдэг бөгөөд хэдэн мянган хүнтэй энэ багавтар армийг Катараас санхүүжүүлдэг гэж үздэг. Катар улс үүнийг үгүйсгэдэг боловч Ливид байлдаж байсан “Триполийн бригад”-ыг “Уммагийн бригад”-ын толгойлогчид удирдаж байсан бөгөөд санхүүжүүлэгч нь Катар улс байсан нь хожим тодорхой болсон билээ.
Энэ бүхний үр дүнд Сирийн босогчдын байлдааны үйл ажиллагаа цэвэр партизаны хэлбэрт шилжиж байна. Засгийн газрын цэрэг галын хүчээр илт давуу байгаа хэдий ч хилийн чанадаас босогчдод төрөл бүрийн тусламж цутгаад эхэлжээ. Цэргийн хүнд техник устгах “Стингер” маягийн өндөр үр дүнтэй зэвсгээс авахуулаад Арабын баян хаадын мөнгийг хармаалсан “террорист интернационал”-ын дайчид дэлхийн олон орноос босогчидтой нэгдэхээр цувж байна. Энэ бүхэн дээр Туркийн Адан дахь тусгай төвд тус улсын болон Америкийн тагнуулчид сөрөг хүчнийхэнд очих тусламжийг зохицуулж байгааг нэмбэл 1980-аад оны Афганистаны дүр зураг (ЗХУ-ын цэргийн оролцоог эс тооцвол) тэр чигээрээ гарч ирж байна. Арван жил үргэлжилсэн Афганистаны дайн босогчдын (можахедууд) ялалтаар төгссөн боловч дайн дууссаны маргаашнаас л өвөр зуураа дайтаж эхэлсэн юм. Афганы дүрвэгсдийн хүүхдүүдийг Пакистаны хуаранд шашны номлолоор мунхруулж өсгөн гар хөлөө хийсэн “Талибан” хөдөлгөөн тэрхүү шинэ мөргөлдөөнийг сайхан ашигласан билээ. Үр дүнд нь юу болсныг бид бүгд мэднэ. Афганы ужиг дайн байгаагүй бол 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг гарахгүй байх байлаа.
Сирийн мөргөлдөөнд ойрын үед шийдвэрлэх эргэлт гарахгүй бол энэ улс Афганистаны замаар орох нь тодорхой болжээ. Үйл явдал ингэж өрнөх салаа мөчир хэдийнэ ургачихаад байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин