17 настай охин дэлхийн дээд амжилтыг эвдлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

17 настай охин дэлхийн дээд амжилтыг эвдлээ

Паралимпийн наадмын усан спортын S6 100 метрийн зайн сэлэлтийн төрөлд Британийн Эллие Саймондс гэгч 17 настай охин дэлхийн дээд амжилтыг эвдэж чадлаа. Тэрбээр 5:19.17 секундэд 100 метрт сэлснээр дэлхийн дээд амжилтыг таван секундээр урагшлуулж чадсан юм. Өмнө нь АНУ-ын Викториа Арлен гэгч мөн л 17 настай охин 5:20.18 секундэд сэлснээр дээд амжилт тогтоож байсан түүхтэй.

Алтан медалийн эзэн, дэлхийн шинэ рекорд тогтоогч охин "БиБиСи" агентлагт өгсөн ярилцлагадаа "Би алтан медалиа хадгалж үлдэхийн төлөө хамаг л чадлаа дайчилсан. Сүүлчийн 50 метрт би хамаг байдгаа шавхсан. Миний өөртөө тавьсан зорилго асар хүнд санагдсан. Дасгалжуулагч маань надад 5:19 секундэд л туулчих юм бол чи амжилтыг нь эвдэж чадах болно гэж зоригжуулж байсан. Гэхдээ л би үнэндээ итгэлгүй байлаа. АНУ-ын тамирчин Викториа өмнө нь энэ том тэмцээнд оролцоод дэлхийн рекорд тогтоосон байхад би түүнээс түрүүлж чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байсан" гэжээ.

Олон улсын  Паралимпийн холбооноос "Ирэх оны наймдугаар cap хүртэл усан сэлэлтийн S6 төрөл чинийх байх боллоо" хэмээн урамшуулан баяр хүргэжээ. Түүний Европт гаргасан дээд амжилт нь 5:24.64 секунд байсан аж. Магадгүй түүнийг сүүлийн 50 метрийг туулж байхад Акүатик талбайд цугласан 17 мянган хун уухайлан хашгирч дэмжиж байхад зүрх нь хөөрч улам эрч хүч орсон байх хэмээн "БиБиСи" мэдээлжээ.

Тэрбээр өмнө нь 2008 оны зуны Бээжингийн олимпод 50, 100, 400 метрийн төрөлд өрсөлдөж байсан аж. Анх 13 настайгаасаа эхлээд усан спортоор хичээллэж эхэлжээ.

Энэ удаагийн паралимпид 164 орны 4200 тамирчин 11 хоногийн турш хурд хүчээ сорьж байгаа юм. Энэ удаад Британид зохион байгуулж буй гэдэг утгаараа тус улсаас 300 орчим тамирчин тус наадамд оролцож байна. Наадмын эхний өдөр тэргэнцэртэй хүмүүсийн сагсан бөмбөг, байт харваа, усан сэлэлт, дугуй уралдааны төрөл болжээ. Паралимпийн наадам нь одоогоос 60 гаруй жилийн өмнө буюу 1948 онд Британид зохион байгуулагдаж байсан түүхтэй юм.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж