Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Т.Хасбаатар “Улаанбаатар хотыг хорт утаанаас нь салгах цорын ганц найдвартай арга нь гэр хорооллыг орон сууцжуулах явдал. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүл гэдэг шаардлагыг өмнөх Засгийн газарт тавьж ирсэн. Энэ шаардлагаа мөн шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд тавьж байна. Үүний тулд эхний ээлжинд гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Хамгийн гол нь Засгийн газар энэ талын хуулийн төслийг санаачлах үүргийг шаардлагаараа дамжуулан мэдэгдэж байна. Хэдийгээр шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа ч аргачлал нь урьдынхаас ялгарах зүйлгүй харагдаж байгаа. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөрийг зөвхөн Улаанбаатар хот гэхгүй улсын хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд урт хийгээд богино хугацааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд энэхүү мэдэгдэлд есдүгээр сарын 20-ны дотор багтаан хариу өгөх ёстой” гэлээ. Улаанбаатар хотод өнөөдөр 1 сая хол давсан иргэн амьдарч байгаагаас олонхи нь гэр хороололд амьдардаг. Гэр хороолол байгаа цагт утааны асуудлыг бүрэн шийдэхгүй гэх нь ч бий. Тиймээс түүнтэй тэмцэх хамгийн найдвартай арга нь гэр хорооллыг барилгажуулах явдал хэмээн олон хүн үздэг юм.
Г.ДАРЬ