Сувилагч нар ноцтой алдаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Сувилагч нар ноцтой алдаа гаргажээ

“Хариуцлага алдсан тасгийн эрхлэгч,сувилагч нарт арга хэмжээ авна”

Хууль зүйн яамны харьяа Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагчид өнгөрсөн мягмар гаригийн шөнө ээлж солилцохдоо ноцтой алдаа гаргажээ. Халуун бууруулах зорилгоор жин тавьдаг крантны усаар тариа найруулж, 10 гаруй өвчтөнд хийсэн гэх мэдээллийг нэгэн эх сурвалж өгсөн юм. “Шинэ төрлийн” найрлага бүхий тариа хийлгэсэн өвчтөнүүдийн бие муудаж, эмч нарыг сандаргасан байна.

Эмчилгээ  хийлгээд  эмнэлгээс гарах болсон өвчтөнүүдийн биеийн байдал яагаад гэнэт муудав гэдгийг цаг алдалгүй эмч нар шалгахад дотрын тасгийн сувилагчид хариуцлага алдаж, цифазеолин гэдэг тариаг крантны усаар найруулан тарьсан нь тодорхой болжээ. Гэтэл эмнэлгийн зүгээс энэ явдлыг тас нуухаар шийдсэн бололтой. Хүний амь аварч, өвчнийг нь эдгээж зовлонг нь хугаслах тангараг өргөсөн эмч, сувилагч нар алдаа гаргачихаад нуухыг оролдсон гэх энэ мэдээллийн мөрөөр тус эмнэлгийн удирдлагатай уулзахад шал өөр тайлбар өгч байв. Тэд санамсаргүй хугацаа нь дууссан натрийн шингэнээр тариа найруулан хийсэн байна. Техникийн горим зөрчсөн дотрын тасгийн эрхлэгч, тасгийн ахлах сувилагч, тухайн үед ээлжинд гарч байсан хоёр сувилагчдаа хариуцлага тооцно хэмээн хээв нэг ярьж байв. Харин өөр эх сурвалжийн хэлснээр яах аргагүй крантны усыг тарианы шингэнтэй андуурч усаар тариа найруулж хийсэн гэнэ. Одоогоор  өвчтөнүүдээс шинжилгээ авч, эмчийн хяналтад байлгаж байгаа аж.

ТТАХНЭ-ийн ерөн­хий эмч, хурандаа Ш.Жаргалсайхантай уулзаж болсон явдлын талаар тодруулав.

-Танай сувилагчид крант­ны усаар тариа най­руулж өвчтөнүүддээ хийсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хаанаас ийм мэдээлэл сонсов. Үнэнийг хэлэхэд болсон явдлын талаар нууж хаах зүйл байхгүй. Крантны усаар тариа найруулж хийгээгүй. Хугацаа нь дууссан натрийн шингэнээр цагийн тариа найруулж, найман өвчтөнд тарьсан. Тухайн үед он, сар, өдрийг нь харалгүй хийсэн юм билээ. Үүнээс болж гурван хүний биеийн байдал муудсан. Энэ гурван хүнд давтан шинжилгээ хийж, эмчийн хяналтад байлгаж байна. Нөгөө хүмүүст нь шинжилгээ хийхэд айхавтар өөрчлөлт гарсангүй. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байна. Зургаан хүний хоёр нь эмнэлгээс гарсан. Хоёр удаа шинжилгээ хийж үзэхэд ямар нэгэн зовиур илрээгүй ч тандалт явуулж байгаа. Бие нь муудсан гурван хүний цусанд жаахан өөрчлөлт гарсан ч давтан  шинжилгээ хийгээд  хариуг нь  хүлээгээд байж байна.

-Хугацаа нь дууссан шингэнийг хадгалаад байсан хэрэг үү?

-Тэр бол тасгийн эрхлэгчийн мэдэх асуудал. Дотрын тасгийн эрхлэгч болон тасгийн ахлагч сувилагчтай холбоотой. Хугацаа нь дууссан натрийн уусмалыг яагаад устгаагүй талаар одоо шалгаж байгаа. Мөн алдаа гаргасан бүх хүмүүстээ хариуцлага тооцохоор болсон. Өвчтөнүүдийн биеийн байдал гайгүй бол захиргааны арга хэмжээ авна. Хэрвээ биеийн байдалд ямар нэгэн хүндрэл илрэх юм бол ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. 72 цагийн дотор шинжилгээний хариунд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй бол зүгээр. Одоогоор хариуцлага алдсан хүмүүс өөрсдөө өвчтөнүүдээ сахиж байгаа.

-Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нь хэн гэж хүн байдаг юм бэ?

-Дотрын тасгийн эрхлэгч, дэд хурандаа Ё.Наранцэцэг, тасгийн ахлах сувилагч М.Энхцэцэг хоёрын хариуцлагагүй алдаа гэж хэлж болно. Тэдний асуудлыг манай эмнэлгийн удирдлагууд болон Захиргааны зөвлөл, Чанарын албаны хурлаар авч хэлэлцэнэ. Манай эмнэлгийн журамд зааснаар албан тушаал тэнцэхгүй гэсэн үндэслэлээр тушаал бууруулах буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авах болов уу. Хамгийн гол нь ажилдаа туршлагатай олон жил ажилласан эмч, сувилагч яагаад ийм хайнга, хариуцлагагүй хандсаныг мэдэхгүй юм. Гэхдээ санаатай гаргасан хэрэг биш. Хамт олных нь саналыг ч сонсоно.

-Тухайн үед ээлжинд гарч байсан сувилагчид хариуц­лага тооцох уу?

-Хэдий санамсаргүй алдаа гаргасан ч гэсэн тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Цогзолмаа, Буян­хишиг хоёрт зохих ёсны хариуцлага тооцно. Тасгийн ахлах сувилагч М.Энхцэцэг хяналт муу тавьсан учир хатуу арга хэмжээ авна.

-Хугацаа дууссан натрийн шингэнээр найруулсан гэдгийг яаж илрүүлсэн юм бэ?

-Алдааны сангийн бүртгэлээр илрүүлсэн. Манайх хамгийн сүүлд авсан эм, тариагаа сериэр нь кодлон хооронд нь тулгадаг. Гэтэл сүүлийн бүртгэлд ороогүй хаа нэгтээ хадгалагдаж байсан шингэнийг анхааралгүй эм тариандаа оруулсан байхыг үгүйсгэхгүй. Тус шингэнийг нарийн ажиглавал шар тунадас үүссэн харагдана билээ.

-Хугацаа дууссан шингэ­нээр тариа найруулж хийлээ гээд өвчтөнүүд хэл ам хийхгүй байна уу?

-Харьцангүй гайгүй, тайван хүлээж авсан. Өвчтөнүүдэд нэ­мэлт эмчилгээ хийсэн болохоор нэг их цочирдож хүлээж аваа­гүй.

Эмнэлгийн ерөнхий эмч ийн ярив. Гэхдээ эх сурвалжийн мэдээгээр хугацаа дууссан шингэн биш, крантны усаар тариа найруулсан гэж байгаа. Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хэдийгээр хүний амь эрсдээгүй ч, дахин ийм явдал болох вий дээ гэж сэрэмжилэхээс аргагүй алдаа дахин эмнэлгийнхэн  бүү гаргаасай.

О.САЙХАНЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж