Паралимпийн тэмцээний нээлтийн өдөр болсон усанд сэлэлтийн тэмцээний гол фаворит гэгдэж байсан АНУ-ын усанд сэлэгч Жессика Лонг, Өмнөд Африкын Натали ду Тойт нар эмэгтэйчүүдийн 50 болон 100 метрийн төрөлд аваргаа хамгааллаа. Усанд сэлэлтийн эрвээхэй сэлэлтийн S8 төрөлд тэрээр өрсөлдөгчдөөсөө хол тасархай түрүүлсэн юм. Тэмцээний дараа тэрээр “Би яг энэ зааланд тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө ирж бэлтгэл хийсэн. Яг л бэлтгэл дээр байгаа мэтээр төсөөлж сэлсэн. Амжилт гаргасандаа баяртай байна” гэж ялалт байгуулсныхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр 2004 оны Афины паралимп, 2008 оны Бээжингийн паралимпод ялалт байгуулж байсан туршлагатай нэгэн. Харин тэрээр энэ паралимпод түрүүлснээр гурав дахь алтан медалиа өлгийдөж байгаа нь энэ ажээ.
Чөлөөт сэлэлтийн 50 метрийн S9 төрөлд босоо гэгддэг ӨАБНУ-ын усанд сэлэгч Натали ду Тойт мөн л аваргын цолоо хамгаалсан ажээ. “Би баяртай байна. Яг л олон жил давтсан зүйлээ хийж байгаа мэт сэтгэгдэлтэй байна. Үнэхээр гайхалтай” гэж ялалт байгуулсныхаа дараа ярьсан аж. Ду Тойт 2004 болон 2008 оны паралимпод тус бүр 7 медаль хүртэж байсан арвин туршлагатай нэгэн билээ. Энэ удаагийн олимп алдарт тамирчны сүүлийн олимп аж. Усанд сэлэлтийн таван төрлийн уралдаан тэмцээн энэ өдөр зохион байгуулагдсанаас өөр тэмцээн зохиогдоогүй юм.
Эмэгтэйчүүдийн пара усанд сэлэлтийн араар даллах сэлэлтийн S6 ангилалд өрсөлдсөн Их Британийн усанд сэлэгч Найри Киндред дэлхийн рекорд болох 1:27.59 гэсэн цагийг 22 дойлоор эвдэж дэлхийн рекордын эзэн боллоо. “Би үнэхээр баяртай байна. Дэлхийн рекордыг эвдэнэ дээ гэж үнэндээ бодоогүй. Зүгээр л өөрийнхөө амжилтыг эвдэж, өмнөхөө илүү сэлнэ л гэж бодсон. Эх орныхоо хөгжөөн дэмжигчдэд баярлаж байгаагаа илэрхийлье” гэж Киндред ярьжээ. Харин араар даллах сэлэлтийн 100 метрийн S7 ангилалд сэлсэн Австралийн усанд сэлэгч Жаклин Френи паралимпийн рекордыг эвдсэн аж. Мөн эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн S8 төрөлд сэлсэн Украйны усанд сэлэгч Катерина Истомина дэлхийн рекордыг эвдсэн байна. Харин эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн S7 төрөлд Их Британийн тамирчин Жонатан Фокс дэлхийн рекордыг эвдсэн ажээ.
Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны R1 ангилалд цэцээ сорьсон Хятадын тамирчин Жан Кюпин 500.9 оноогоор тэмцээнээ дуусгаж аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэрээр дэлхийн рекордыг 2.9 оноогоор эвдсэн нь энэ ажээ. Түүнтэй эцсийн мөч хүртэл Германы тамирчин Мануела Шермунд өрсөлдсөн хэдий ч долоон оноогоор хожигдож мөнгөн медаль хүртсэн байна. Харин хүрэл медалийг Австралийн тамирчин Натали Смит хүртсэн юм. “Би үнэхээр баяртай байна. Би анх удаа шагналын тавцан дээр зогсч байна. Гэхдээ бүр алтан медалийн тавцан дээр зогсч, дэлхийн рекордыг эвдлээ. Өрсөлдөгчиддөө баярлалаа гэж хэлье” гэж Жан Кюлин ярьжээ.
Дэлхийн рекорд энэ өдөр дахин эвдэгдсэн нь хүндийг өргөлтийн төрөл. Хүндийг өргөлтийн -48 кг-ын жинд Нигерийн тамирчин Адесокан Якубу 180 кг-ыг өргөж дэлхийн рекордыг шинэчиллээ. Тэрээр Өмнөх өргөлтөндөө 170 кг-ыг өргөж өөрийн болон дэлхийн рекордыг шинэчлээд байсан ч сүүлийн өргөлтөөрөө дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Түүний дасгалжуулагчид бэлтгэл дээрээ 195 кг-ыг өргөдөг гэж мэдээлж байсан билээ.
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан дасгалын төрөлд мэргэнээ сорьсон Их Британийн тамирчин Кенни Аллен ялалт байгуулж алтан медаль хүртсэн байна. Тэрээр 651 оноо авсан нь Паралимпийн рекордыг шинэчилэхэд хангалттай байсан юм. Мөн эрэгтэйчүүдийн холимог харвааны W1 ангилалд Чехийн тамирчин Давид Драхониски дэлхийн рекордыг эвдсэн байна. Эрэгтэйчүүдийн гэдрэг харвааны W1/W2 ангилалд мөн л Паралимпийн рекорд эвдэгдэв. Тайванийн тамирчин Лун Хуй Цен 652 оноогоор Паралимпийн рекордыг шинэчилсэн байна.
Тэрээр олимпийн нээлтийн өдөр 50 метрийн чөлөөт сэлэлтийн S9 ангилалд алтан медаль хүртээд байсан ч тэмцээний хоёр дахь өдөр 100 метрийн чөлөөт сэлэлийн S9 ангилалд алтан медаль хүртлээ. Ингэснээр Ду Тойт хоёр паралимаас 11 медаль хүртэж байгаа нь энэ юм. “Би үнэхээр жаргалтай байна. Би өмнө нь 100 метрийн сэлэлтийн төрөлд гурван алт хүртэж байсан. Гэхдээ яг энэ удаагийнх үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүллээ” гэж Ду Тойт ярьжээ. Харин мөнгөн медаль хүртсэн Испанийн усанд сэлэгч Сарая Гаскон Европын рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр энэ удаагийн Паралимпийн дараа их спортоос зодог тайлахаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Герман улсын жүдоч Кармен Брюссиг Тайваны жүдоч Ли Кай Линг ялсанаар Паралимпийн алтан медаль хүртлээ. Харин түүний дараахан ихрийн өрөөсөн Рамона Брюссинг эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн юм. Тэрээр алтан медалийн төлөө Хятад улсын тамирчин Лижинг Вантай учраа таарч иппон үнэлгээгээр буулгаж авсан билээ. Сонирхолтой нь ихрүүд алтын төлөөх тоглолтод учраагаа адилхан цэвэр ялсан байна. “Би үнэхээр гайхалтай мэдрэмжийг өнөөдөр мэдэрлээ. Надтай европ болон дэлхийн аваргууд таарсан бүгдийг нь ялаад алтын төлөө гарч ирсэн. Алтын төлөө мөн л ялалт байгууллаа. Итгэмээргүй ч гэсэн бодит зүйл болоод би медалиа энгэртээ зүүчихсэн байна” гэж Кармен ярьжээ. Харин түүний эгч болох ихрийн өрөөсөн Рамона “Бид хоёулаа гайхалтай байна. Энэ бол Герман улсын Паралимпийн түүхэнд бичигдэх өдөр. Үүнийг бид бүтээж чадлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Танхимын дугуйн төрөлд уралдсан Австралийн дугуйчид алтан медаль хүртсэн төдийгүй, дэлхийн рекордыг ч шинэчилсэн байна. Австралийн багийн Стефани Мортон, Феличити Жонсон нар өмнө нь дэлхийн болон тивийн тэмцээнд амжилттай оролцож байсан туршлагатай ажээ. “Биднийг ямар нэгэн амжилт үзүүлнэ гэж эх орон маань хүлээж байсан бид харин тэр итгэлийг нь алдаагүйдээ баяртай байна” гэж Мортон ярьжээ. Танхимын дугуйн хувийн C1 ангилалд уралдсан Их Британийн Марк Колборн, C2 ангилалд уралдсан Лян Гүхуа, C3 ангилалд уралдсан АНУ-ын тамирчин Жозеф Брени нар дэлхийн рекордыг дараалан эвдсэн байна.
Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 400 метрийн төрөлд сэлсэн АНУ-ын алдарт усан сэлэгч Жессика Лонг тэргүүн байранд орсоноор энэ паралимпоос хоёр дахь алтан медалиа хүртлээ. “Би өчигдөрхөн л алтан медаль аваад зогсч байсан. Өнөөдөр мөн л энэ тавцан дээр зогсч байна. Би хэдийгээр золгүй байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон ч энэ өндөрлөгт хүрлээ. Үнэхээр баяртай байна. Би өөрийгөө төдийгүй надтай өрсөлдсөн долоон улсын өрсөлдөгчөө яллаа” гэж тэмцээний дараа Жессика Лонг сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр 2004 онд 12-хон насандаа паралимпод оролцож гурван алтан медаль хүртэж байсан бол 2008 онд 16 настайдаа мөн л гурван алтан медаль хүртэж байв.
Жүдо бөхийн -73 кг-ын жинд Украйн улсаас хүч үзсэн Дмитро Соловей, Узбекстаны тамирчин Шариф Халиловыг иппон үнэлгээгээр ялсанаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэрээр энэ жил дөнгөж 18 нас хүрч байгаа бөгөөд энэ түүний анхны паралимп ажээ. Харин -81 кг-д нутаг нэгт тамирчин Олександр Косинов алтын төлөөх тоглолтод Аргентины тамирчин Хосе Эвоныг иппон үнэлгээгээр ялж алтан медалийг хүртсэн байна. Энэ төрөлд Оросын тамирчдыг өнгөлөх болов уу гэж мэргэжилтнүүд төдийгүй сэтгүүлчид таамаглаж байсан ч Украйнчууд ийнхүү гайхалтай ялалт байгууллаа.
Пара хөнгөн атлетикын эрэгтэй 100 метрийн Т13 төрөлд Ирланд тамирчин Жейсон Смит гайхалтай ялалт байгуулж аваргын алтан медаль хүртлээ. Тэрээр мөн дэлхийн рекордыг 10.53 секундээр тогтоосон байна. Түүний энэ амжилтын дараа АНУ-ын алдарт спринтер Тайсон Гей “Үнэхээр гайхалтай. Жирийн хүмүүс ч ийм амжилтыг үзүүлэхэд бэлэн. Түүнд амжилт хүсэх нь миний хувьд нэр төрийн хэрэг Паралимпийн дараа түүнтэй албан ёсоор уулзана” гэж твиттертэй бичсэн байна. Энэ өдөр зохиогдсон хөнгөн атлетикын бусад төрөлд Оросууд гурван алт, Хятадууд хоёр алт хүртжээ.
Джибути улсын тамирчин Омар Хассан эрэгтэйчүүдийн холын зайн 1500 метрийн Т46 ангилалд алтан медаль хүртжээ. Өмнө нь холын зайн төрөлд Джибути улсаас сайн оролцож байгаагүй ч энэ тэмцээнд Омар Хассан гайхалтай ялалтыг байгууллаа. Түүнийг тэргүүн байранд орж ирэхэд цэнгэлдэхэд хуран цугларсан 5000 гаруй хүн суудлаасаа босч баяр хүргэсэн байна. Харин энэ өдөр зохиогдсон 200 метрийн Т42 төрөлд Их Британын гүйгч Ричард Вайтхэд алтан медаль хүртэж, олимпийн рекордыг шинэчилжээ. Уртын харайлтын F13 төрөлд хүч үзсэн Куба улсын Луиз Фелипе Гутерез 7.45 метр харайж аварга болсон бол эмэгтэйчүүдийн диск шидэлтийн F11/F12 төрөлд Хятадын тамирчин Жан Лианмин алтан медаль хүртжээ.
Энэ удаагийн Паралимпийн фаворит Өмнөд Африкын гүйгч Оскар Писториус эрэгтэйчүүдийн 200 метрийн Т44 ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэрээр дэлхийн рекордыг 20.53 секундээр тогтоож аваргын алтан медаль хүртжээ. Тэрээр 2009 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг төлөөлж анх удаа оролцсон билээ. “Би уг нь илүү амжилт үзүүлж, цагаа илүү сайнаар тогтоох хүсэлтэй гарч ирсэн. Даанч энэ хүслээ биелүүлж чадсангүй” гэж Писториус ярилцлага өгчээ. Түүнийг энэ ялалтаа байгуулсны дараа Өмнөд Африкын засгийн газар түүний зурагтай тусгай марк гаргах болсоноо албан ёсоор зарласан билээ.