Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын салбарын дурьдах нэг онцлог бол бага дунд боловсролын шинэ стандарт нэвтрэх туршилт эхлүүлсэн явдал байлаа. Улсын хэмжээнд 31 лаборатори сургууль бэлтгэсний нэг нь Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль болсон юм. Бага дунд боловсролын шинэ стандарт нэвтрүүлэх эхний шатны туршилтаа энэ сургууль амжилттай дуусгаж, ажлын үр дүнгээрээ сайн үнэлэгджээ. Сургалтын шинэ аргачлал, стандартыг дагаад сургалтын орчин нөхцөл сайжирч, сурагчдын идэвхи нэмэгдсэн нь эхний шатны сургалтын үр дүн болсон байна. Эхэлж байгаа шинэ хичээлийн жилдээ хоёр дахь шатны сургалтаа эхлүүлжээ. Ингэснээр тус сургууль Дундговь аймагтаа үндэсний сургагч багш нар бүхий шинэ стандарт сургалтын лаборатори төв болжээ. Энэ хичээлийн жилд 1-11 дүгээр ангийн тус бүр нэг бүлэг байгалийн ухааны хичээлүүдийг шинэ стандартаар судалах аж. Лаборатори сургууль болсноор тус сургуульд орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байна. Өнгөрсөн хичээлийн жилд орсон хөрөнгө оруулалт 500 сая гаруй төгрөг байсан бол энэ жил 600 сая болж өсчээ. Мөн энэ жилийн томоохон хөрөнгө оруулалт нь спорт заал юм. 1400 гаруй хүүхэд суралцдаг “Эрдмийн далай” цогцолбор сургуульд спорт заалны хүртээмж тааруу байсан бол харин шинэ хичээлийн жил эхлэхтэй хамтатган шинэ спорт заалтай болохоор барилгын ажил эхэлсэн нь хүүхдүүдэд хамгийн таатай мэдээ байлаа. Дашрамд дурдахад Дундговь аймгийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт энэ онд л гэхэд 10 тэрбум төгрөг болж өсч байгаа юм. Дундговь аймгийн ерөнхий боловсролын 18 сургуульд 8000 гаруй сурагч, 550 гаруй багш удирдах, ажилтан, 20 цэцэрлэгт 3000 гаруй хүүхэд 100 гаруй багш эрхлэгчтэйгээр 2012-2013 оны хичээлийн жил эхэлж байна.
Т.Оюунтуяа /Дундговь/