Ираны монголч эрдэмтдийг найрамдал медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ираны монголч эрдэмтдийг найрамдал медалиар шагнав

Иран улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн зарлиг гаргаж, Иран улсын монголч эрдэмтэн Фарханг Жаханбахш, Ширин Баяани нарыг “Найрамдал” медалиар шагнаж, баяр хүргэв.

Монголын түүх судлаач Фарханг Жаханбахш нь Тажикстаны Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд “Ил хааны үеийн түүхийн судалгаа”-гаар докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Ил хаант улсын нийгэм соёлын сэтгэлгээний тухай, Ираны гүн ухаан, нийгэм түүхийн сэтгэлгээнд монголчуудын оруулсан хувь нэмрийн талаар судалгаа хийж, Монголын байлдан дагууллын эерэг нөлөөний талаар хэд хэдэн ном, өгүүлэл бичиж туурвижээ. Мөн Ираны хөгжил цэцэглэл, соёлд монголчуудын оруулсан түүхэн хувь нэмрийг эерэг байр сууринаас тайлбарласан олон цуврал нэвтрүүлгийг 2007 оноос хойш хөтөлж байгаа юм.

 Ширин Баяани нь Тегераны их сургуулийн профессор бөгөөд Монголын эзэнт гүрэн хийгээд Ил хаант улсын тухай нэгэн сэдэвт бүтээл долоог туурвиж, гурван ном орчуулжээ. Түүний 1988-1996 оны хооронд туурвин хэвлүүлсэн “Монголын эрхшээлийн үеийн Ираны улс төр, шашны байдал” нэртэй гурван боть зохиол нь онол, арга зүйн өндөр түвшинд бичсэн тул оны шилдэг номоор шалгарч байжээ.

Тэрээр 1971 онд Монголын нууц товчоог хятад эх хийгээд франц орчуулгыг харьцуулан перс хэлнээ хөрвүүлсэн нь монголын түүхийг Иран улсад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж