
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан семинарт бүх аймгуудын Засаг дарга нар хамрагдаж, өөрсдийн аймгийн онцлогт тохирсон “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулсан. Танай аймгийн хувьд үүнэс өмнө төлөвлөгөөгөө боловсруулаад, хэрэгжүүлж эхэлсэн. Семинараас ямар нэг шинэлэг санаа гарсан уу?
-Сургалт, семинар зохион байгуулсан нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсон. Хэнтий аймгийн хувьд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг” боловсруулаад, тодорхой ажил төлөвлөөд хийж байгаа ч сургалт, семинарт оролцсоноор шинэлэг олон санаа авч, дахин баяжуулах болоод байгаа. Тухайлбал, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг олж харлаа. Мөн удирдах албан тушаалтнуудын өөрдсийн хүсэл зоригоос ажлын үр дүн шалтгаалдаг. Тиймээс удирдах албан тушаалтнууд байгууллагынхаа эмх цэгц, хариуцлага, шудар ёс, хүний эрхийг дээдлэх тал дээр зоригтой, бодлоготой, оновчтой ажил төлөвлөж хийвэл үр дүнгээ өгөх юм байна. Төрийн захиргааны байгууллага бүхий л шатандаа төрийн үйлчилгээг ард иргэддээ аль болох хүндрэлгүй, бэрхшээлгүй, цаг хугацаа алдахгүй, чирэгдүүлэхгүй үзүүлэх нь нэн тэргүүний зорилт. Энэ үйлчилгээгээ ил тод, нээлттэй мэдээлэх нь ч туйлын чухал юм байна.
Хэнтий аймгийн бүх агентлагийн дарга нар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигагүй хүргэхийн төлөө хамтарч ажиллана гэж аймгийнхаа хөгжлийн өдрөөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд уриалга гаргаад, үүнийхээ төлөө явж байна. Энэ ажлынхаа хүрээнд энэ тавдугаар сарын 22-нд бүх сум, бүх багийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарыг хамруулж сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Сургалтын үеэр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан семинар дээр яригдсан асуудлуудыг бүх удирдах албан тушаалтнууддаа мэдээлнэ. Тухайн байгууллагын дарга аливаа асуудалд хариуцлагатай хандаж, зарчимтай байж, манлайлж чадвал гүйцэтгэх албан тушаалтнуудын ажлын хариуцлага нь дээшилж, сахилга дэг журам бэхждэг. Манай Хэнтий аймгийн агентлагийн дарга нарын хувьд энэ асуудал дээр илүү их ойлгоцтой, илүү их шударга, нээлттэй ажиллах боломж байгаа. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн аль ч төсвийн байгууллага төсвийнхөө тайланг “Ил тод”-ын буландаа тавьдаг болсон. Бүх сумдадаа мөн “Ил тод”-ын тодын булан гаргаж өгсөн. Тендерийн хувьд ч нээлттэй зарлаад явж байна. Энэ зүйлүүдийг улам их тод томруун болгох хэрэгтэй байгаа юм.
-Засаг даргадаа аймгийнх нь ард иргэд ямар асуудлаар их ханддаг вэ?
-Монголын нийгэм, монголын ард түмэн, төрийн байгууллага, удирдах албан тушаалтнаас мөнгө нэхдэггүй, цалин, хангамж нэмээд өгөөч гэдэггүй. Харин “Бидэнд хүнд суртал гаргалгүй, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлээч” гэдэг асуудлыг тавьдаг. Нийгэмд бий болсон энэ уур амьсгалыг манай албан газрын дарга нар гүнээ ойлгосон учир төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигаас ангид хүргэнэ гэж хамтарч мэдэгдэл хийсэн.
-Авлигаас ангид ажиллана гэхээр эсэргүүцэлтэй тулгарах ч юмуу?
-Идэвхтэй үйл ажиллагаа явуулаад эхлэхээр үүнд дургүйцсэн зарим нэг ухвар мөчид хүмүүс дээшээ, доошоо гомдол бичиг барьж гүйх юм гардаг л юм билээ. Шударга үнэний төлөө хийж байгаа ажил зарим нэг хүмүүст таалагддаггүй ч аймгийн ард иргэд нийтээрээ дэмждэг. Тиймээс бэрхшээл гарахгүй. Дашрамд хэлэхэд, сүүлийн үед Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн эрхийг хамгаалж байгаа гэдэг нэрийн дор зарим буруу шийдлийг гаргаад байна уу гэж бодогддог. Үнэхээр ажлын хариуцлага, сахилга, дэг журмаа алдаж, төсөвт хохирол учруулсан нь Аудит, Мэргэжлийн хяналтын байгууллагаар батлагдаад байхад “шүүхийн шийдвэр гараагүй байна, буцаагаад ажилд нь ав” гэдэг. Нөгөөх нь эргээд ажилдаа орохдоо улам их пээдийсэн, улам л юм ойлгохоо больсон, хамгаалалтад орчихсон юм шиг авирладаг. Тиймээс Төрийн албаны зөвлөл ажлын хариуцлага алдсан, төрийн албан хаагчийн ёс зүйгээ зөрчсөн нь нотлогдож байгаа хүнийг өмөөрөөд байх шаардлага байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Тухайлбал, хэнийг хамгаалсан гэж?
-Манай аймгийн Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нөхдүүд тендерийн ажлаа хийгээгүй компанид 260 гаруй сая төгрөг шилжүүлээд өгчихсөн. Хийгдэх ёстой зам нь одоо болтол тавигдаагүй байна. Үүнийх нь төлөө хариуцлага тооцоод ажлаас нь халчихаар Төрийн албаны зөвлөл “Төрийн албан хаагчийг үндэслэлгүй халсан байна, буцаагаад ажилд нь ав” гэдэг байдал үүсчихээд байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхээргүй байлаа ч төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйгээ зөрчсөн бол тэр үйлдэлдээ заавал хариуцлага хүлээдэг л байх ёстой.
-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад, хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө шаардагдана гээд зүрхшээх хандлага байдаг юм шиг. Танай аймгийн хувьд?
-Санхүүгийн хувьд бол бэрхшээлтэй зүйл байхгүй. Бид бүтээн байгуулалт хийж, байшин сав барих гээгүй. Гагцхүү хүний оюун ухаантай ажиллаж, удирдах албан тушаалтнууд хүсэл зоригоо илэрхийлж, соён гэгээрүүлэх талаар үйл ажиллагаагаа илүү түлхүү хийх шаардлага байдаг.
Ц.Эрдэнэцэцэг