Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах санал

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах санал

Хэд хоногийн өмнө санаандгүй суваг сольж байгаад НИТХ-н ээлжит бус 2-р чуулганыг шууд дамжуулж байхыг UBS телевизээр үзлээ. Урд өмнө нь ИТХ гэж чухам юу хийдгийг сайн мэддэг ч үгүй, сонирхдоггүй ч байж. Шууд дамжуулж байгаа чуулганыг хараад ИТХ бол дөрвөн уулын дунд амьдарч байгаа бидэнд хамгийн их хамаатай хурал болохыг ойлголоо. Тухайн өдөр хэлэлцсэн “Хотын түгжрэлийг буурах тухай” асуудал нь ч бүр их сонирхол татлаа.

Хот шинэ удирдлагатай болоод, хэдэн жилийн өмнөөс яригдсан ч хагас хугас хэрэгжүүлсэн ажлаа дахин шинэ эрч хүчээр эхлүүлэх бололтой. Энэ дундаас миний сонсож байгаагүй шинэ санаачлага нь “Баатар Цагаан” захирагчийн гаргасан төмөр замыг хотын нийтийн тээвэрт дахин ашиглах санал маш их таалагдлаа. “Баатар Цагаан” Захирагч биет судалгаа хийж,галт тэргээр хотын нэг захаас нөгөө зах хүртэл ердөө 20 минут явжээ. Энэ хугацаа бол бидний Энхтайваний гүүрийг давахад зарцуулж байгаа цагтай адилхан, зарим үетэй харьцуулахад бүр бага байгаа биз.

Хувь хүний хувьд “Баатар Цагаан” Захирагчийн саналыг хоёр гараа өргөн дэмжихийн зэрэгцээ энэ төслийг нь хэрэгжүүлэхэд тулгуур багана болох, мөн хотын нийтийн тээвэрт шинэчлэл авчирч болох саналаа Улаанбаатар хотын иргэдээрээ хэлэлцүүлэхээр бичлээ.

Иргэн миний хэлэлцүүлэх гэж байгаа санал бол хэт урт зам туулан үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн тээврийн автобусын туулах зайг багасгаснаар буудалд ирэх давтамжийг ихэсгэн, цагийг тогтмол болгох үндсэн зорилготой. Мөн одоо хэрэгжүүлж эхлэх зөвхөн 1-р эгнээгээр автобус зорчих үйл ажиллагаанд бодитой дэмжлэг болно гэсэн хувь хүний бодол байна.

За ингээд гол санаагаа дэлгэрүүлж тайлбарлах нь зүйтэй байх. Өнөөдөр үйлчилгээнд явж байгаа автобусны чиглэлийг харж байхад хотын нэг захаас нөгөө зах хүртэл хотын түгжрэл дундуур баахан хүн дүүргэж аваад мөлхөөд байна. Хоёр жилийн өмнө миний бие МУИС-с 10-р хороолол орох гэж “Өнөр хороолол” буюу 26-р чиглэлд суугаад хоёр цаг явснаа сайн санаж байна. Одоо бол бүр дордсон байлгүй. Тэгэхээр үүнийг эрс өөрчилж туулах замыг 2-3 дахин богиносгож жижиг тойргоор үйлчилгээнд явуулая.

Жишээ нь: Дамбын автобус “Дамба – 7н буудал- 32-н буудал – 11-р хороолол – Дарь-Эх – Дамба” гэсэн тойргоор нар зөв, нар буруу 2 чиглэлд. Мөн зөвхөн Бага тойруугаар явдаг нэг чиглэл гаргаж болох бол Их тойруугаар явдаг 4 чиглэл гаргаж болж байна. Үүнтэй адилхан 3,4-р хороолол, 10-р хороолол, Төмөр замыг дайрсан тойрог чиглэл гэх мэт хотыг жижиг тойргуудад хуваах ба чиглэлүүд нь хоорондоо огтлолцоно.Чиглэл бүрийг өнгөөр ялгах бөгөөд тухайн чиглэлд явж байгаа бүх автобус нь чиглэлийнхээ өнгөөр будагдана /зураг 1/. Чиглэлийг ингэж өөрчлөн автобусыг явуулвал доорхи үр дүнд гарна гэж бодож байна:

  1. “Баатар Цагаан” Захирагчийн гаргасан төмөр замыг ашиглах төсөлтэй холбогдоно. Рэйлбусын зогсоолуудтай тойргийн чиглэлүүдийг уялдуулснаар хотын нэг захаас төв рүү богино хугацаан орох боломжтой болно.
  2. Буудалд ирэх автобусны давтамж нэмэгдэн иргэд автобус хүлээн цаг алдах явдал багасаж ажиллах хүчний ажилдаа зарцуулах цаг нэмэгдэн, хөдөлмөрийн бүтээмж эрс сайжрана
  3. Хэт урт замд ашигт үйл багатай явах байдал багасаж эдийн засгийн бодит хэмнэлт гарна
  4. Автобус буудалдаа тогмол цагт ирдэг болсноор иргэд цагаа зохицуулж, удирдах боломж бүрдэнэ
  5. Нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй зарим гудамж, тойргууд чиглэлийн унаатай болно
  6. Өнгөөр ялгагдсан автобус нь иргэдэд ойлгомжтой байх бөгөөд хэрэгтэй чиглэлээ сонгоход хялбар болно.
  7. Богино зайд олон автобус үйлчилгээнд явах учраас зорчигчдын нягтрал багасч иргэд тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ

Гарч болох сайн талуудыг тоймлоход ийм байна. Энэ саналын эсрэг гарах гол эсэргүүцэл нь иргэд олон удаа мөнгө төлөх нь гэсэн асуудал байх болов уу. Миний бодлоор бидний гол алдаад байгаа сэтгэлгээ бол нэг л автобусанд суугаад очих газрынхаа бараг үүдэнд буух гэсэн хүсэл. Хотын тээврийн явуулсан бодлого ч гэсэн энэ сэтгэлгээнд нийцүүлэх гэж олон урт чиглэлд цөөн тооны автобус явуулж байна. Тийм болохоор энэ сэтгэлгээг өөрчлөн маневар сайтай, цагтаа тогтмол явдаг үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал болов уу. Иргэд ч гэсэн нэг автобусанд суугаад 2 цаг явах уу, аль эсвэл цагтаа саадгүй явах 2-4 чиглэлээр богино хугацаанд хүссэн газраа очих уу гэдгээ сонгох цаг нь болжээ.

Харин дээр дурдсан олон удаа мөнгө төлөх асуудлыг ингэж шийдэх санал байна. Автобусанд суух болгондоо төлдөг төлбөрийг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн ухаалаг картын системд шилжүүлье. Энэ карт автобус, рейлбус, микро гээд бүх нийтийн тээвэрт ашиглагдана. Нэг өдрийн, долоо хоногийн, сарын, улирлын гэх мэт ухаалаг карт нэвтрүүлснээр доорхи үр дүн гарна гэж бодож байна:

  1. Нийтийн тээврийн үйлчилгээнээс олох ашиг орлого нэмэгдэнэ./кондуктор жолооч нар орлогоос хумслах, үнэгүй зорчих асуудлууд байхгүй болно/
  2. Тасалбарыг урьдчилан борлуулах боломжтой болсноор хөрөнгө оруулалт, парк шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хялбар болно.
  3. Орлогын түвшинг урьдчилан тооцох боломж бүрдснээр бизнес төлөвлөгөөг яг таг боловсруулж, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээр тээврийн компаниудын чадавхи нэмэгдэн ажилчдын нийгмийн асуудлууд шийдэгдэнэ.
  4. Олон удаа ашиглагдах ухаалаг карт нэвтэрснээр цаасан тасалбар олон удаа хэвлүүлэх зардал байхгүй болж эдийн засгийн бодитой хэмнэлтийг бий болгоно.Хогны асуудал давхар шийдэгдэнэ
  5. Зорчигчдыг тоолох, хөдөлгөөний урсгал, ачаалалыг тооцох боломжтой болсноор аль чиглэлд хэдэн автобусыг ямар давтамжаар явуулахыг төлөвлөхөд хялбар болно.
  6. Нэг автобусанд ажиллах ажилчдын тоо 2 дахин буурснаар компаниудын тогтмол зардал тодорхой хэмжээгээр буурна.
  7. Кондуктороор ажиллаж байсан тодорхой тооны ажилчид карт борлуулагч, буудлын зохицуулагчийн ажилд шилжснээр стрессгүй тайван орчинд ажиллана.
  8. Иргэд нийтийн тээврээр зорчих өрхийн хэрэгцээгээ яг таг тодорхойлж чадсанаар өрхийн орлого зарлагаа зөв зохицуулах боломж бүрдэнэ.

Ухаалаг картыг нэвтрүүлэхтэй холбоотой одоогийн автобусны буудал, мөнгө хураах системийг өөрчлөх шаардлага гарна. Автобусны буудлаас эхлэх нь дараалалын хувьд зөв болов уу. Буудлууд нь карт борлуулах цэг, хүлээлгийн сүүдрэвч ба сандал, мэдээллийн самбар /зогсох чиглэлүүд, автобус ирэх цагийн хуваарийг мэдээллэх/, зорчих хэсгийг тусгаарлах хаалт зэргээс бүрдэнэ. Энэ дундаас тусгаарлах хаалтыг онцолмоор байна. Хаалт нь БНХАУ-ын томоохон хотуудын ачаалал ихтэй буудлуудад байдаг шиг хаалт байх юм. /зураг 2/ Хаалтыг хэрэглэснээр гарах үр дүн:

  1. Автобусны жолоочид буудалд зогсох ёстой газраа л зогссноор автобусны замбараагүй бөөгнөрөл үүсэхгүй
  2. Зорчигчид автобусанд эмх замбараатай, дарааллаар бууж, суух шаардлага аяндаа бий болж буудлын хөдөлгөөний урсгал цэгцтэй болно. /бид олон жил ярьж байгаа боловч хэрэгжүүлж чадахгүй байгаа/
  3. Зорчигчид дарааллаар сууснаар ухаалаг картаа уншуулах нөхцөл бүрдэнэ.
  4. Замын хөдөлгөөний аюулгүй байдал эрс дээшилж ЗТО-с урьдчилан сэргийлнэ.

Хаалтыг заавал буудал болгонд хэрэглэх шаардлага байхгүй ба томоохон олон чиглэл зогсдог эсвэл ачаалал ихтэй буудлуудад хийх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх болов уу.

Мөнгө хураах системийн өөрчлөлтөөр автобусанд карт уншигч суурилуулах ба зорчигчид зөвхөн урд хаалгаар орж картаа уншуулах ба зөвхөн хойд хаалгаар бууна. Автобус болгонд карт уншигч суурилуулах нь хөрөнгө оруулалт их шаардах боловч ашиглалтын явцад кондукторын цалингийн хэмнэлт, орлого нэмэгдэх зэргээс зардлаа нөхөх бүрэн боломжтой гэж бодож байна. Болдог бол автобусны хөдөлгөөнийг хянадаг, мэдээлдэг микро чиптэй карт унших төхөөрөмж байрлуулвал нийтийн тээврийн хяналт зохицуулалт шинэ түвшинд гарна даа.

Иргэн миний олон нийтийн хэлэлцүүлгэнд оруулж байгаа санал нь нэг ийм байна. Хэрэв энэ саналыг олон нийт дэмжээд хэрэгжүүлэх болвол мэдээж олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болох нь ойлгомжтой. Нийгэм, эдийн засгийнолон талын нарийвчилсан судалгаануудад үндэслэгдээгүй ч ямар байсан эдийн засаг, нийгмийн олон олон ач холбогдолтой санал гэдэгт итгэлтэй байна.

Санал гарган, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсан
Улаанбаатар хотын иргэн Ө.Төгөлдөр
tuuguu2920@gmail.com


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж