Хувийн компаниуд дотроо олборлолтоороо толгой цохидог Нарийн сухайтын уурхай олборлолтоо зогсоож, Энержи ресурс энэ талаар бодож байгаа гэсэн мэдээлэл гал дээр тос нэмж байна. Товчхон хэлэхэд, энэ жил бид төлөвлөж байсан шигээ 30 сая тонн нүүрс олборлож чадахгүй байж магадгүй нь. Үүнийг дагаад эдийн засаг хүндэрч, улс төрийн хямралд хүргэж ч магадгүй байдал үүсэхэд ойртжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг холбогдох албаны хүмүүс хэд, хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байгаа бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн няцаалттай. Эдгээр шалтгаануудыг дор жагсаалаа.
Шалтгаан 1. Хэт их тансагласан. “Алдагдсан боломж” гэдэг үг одоо л монголчуудын орой руу орох нь. Бид өнгөрсөн он жилүүдэд нэг их наяд шахам төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас аваад хүртчихжээ. Бас маш их мөнгийг халамжийн бусад хэлбэрээр олгосон байна. Энэ мөнгөөр уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдээ чадавхижуулах ажил хийсэн бол бид өдийд валютын эх үүсвэрээ үлэмж нэмэгдүүлэх бололцоотой байлаа. Халамжийн бодлого баримталсан нь үнэхээр харалган шийдвэр байжээ. Хөрөнгө оруулалт нь хаашаа орсон нь мэдэгддэггүй Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангуудыг бүс нутгуудад байгуулж, төслийн зээл олгосон бол бараг илүү дээр байх байлаа. Хүчтэй төр алсыг харсан бодлого явуулдаг. Хүнсний хомсдол нүүрлэх нь гарцаагүй болоод байгаа энэ үед дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хүнсний үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулж, тэжээл орлуулагч, нано технологиор хүнсний бүтээгдэхүүн гаргаж авах ажилд өч төчнөөн тэрбумаар нь хөрөнгө хаяж байна. Бид тэдэнтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд ялагч болох нь мэдээж. Шинэ Засгийн газрын анхаарлаа хандуулах ёстой гол асуудал бол энэ. Эдийн засаг муудлаа гэхэд ард түмэн ядахдаа өлсөхгүй байх ёстой. Өмнө гаргасан энэ алдааг давтахгүй байх нь шинэ Засгийн газрын гол зорилго байх учиртай.
Шалтгаан 2. Өсөлт дэвшилт нь угаасаа савангийн “хөөс” байсан, эсвэл хан үндэстний эсрэг АНУ тэргүүтэй орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн алин болохыг мэдэхгүй, угаасаа аливаа өсөлт дараа нь буурдаг зүй ёсны үзэгдэл ч юм уу, урд хөршийн эдийн засгийн өсөлт энэ онд удааширлаа. Жил бүр 10 орчим хувийн өсөлттэй байсан бол энэ жил 7.6 хувьтай гарах графикаар явж байгаа. Энэ огцом уналтын шалтгааныг эдийн засагчид АНУ-тай “хүйтэн” харилцаатай, Европын улс орнуудын санхүүгийн тогтворгүй байдал зэргээс гадна хүн амын хөгшрөлт, үйлдвэрүүдийн ашигт ажиллагааны төвшин буурсантай холбон тайлбарлаж байгаа юм. БНХАУ-ын энэ уналтыг дагаад тус улсаас эдийн засаг нь хамааралтай байдаг орнуудад хямрал үүссэн нь мэдээж. Эдгээр улс орны нэг нь Монгол болов. Гэхдээ энэ нь БНХАУ-ын гэхээсээ эдийн засгаа нэг улсаас хараат болгосон эрх баригчдын бодлогын буруу. БНХАУ дампуурч байсан ч бид амьдардгаараа амьдарч, хөгждөгөөрөө хөгжиж байх ёстой билээ.
Шалтгаан 3. Коксын үнэ дэлхийн зах зээл дээр буурсан. Үнэ тодорхойлогч БНХАУ худалдан авалтаа багасгасан нь ийнхүү коксын үнийг навс унагаж орхисон байна. Энэ уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд зогсооход тун хүнд гэж хойд хөршийн хэвлэл, цахим сонинуудад мэдээлсээр байгаа юм. Төмөрлөгийн үйлдвэрүүд худалдан авалтаа багасгаж, Шаньси, Ляньюньган, Цянсу, Шаньдун мужуудад коксны үнэ 150-200 юаниар буурч байгаа аж. Дэлхийн зах зээлийн ханш 50 хувиар буурах нь БНХАУ-д биржийн үнээс гурав дахин хямдаар нийлүүлдэг Монголын компаниудад хамааралгүй баймаар. Гэвч хамаарч байгаа гэнэ. Албаны эх сурвалж үүнийг баталж байна. Тэртэй тэргүй хямдхан авч байж худалдан авалтаа бууруулж байгаа нь урд хөрш хөгжлийн өөр төвшинд хүрч, бодлого нь өөрчлөгдсөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой байж болох юм.
Шалтгаан 4. Урд хөрш сүүлийн үед худалдан авагч биш, хөрөнгө оруулагч болох бодлого эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Тус улсын компаниуд ирэх жил Индонези дэх хөнгөн цагаан, төмрийн хүдрийн уурхайнуудад 8.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Уул уурхайн сайд нь өнгөрсөн долоо хоногт энэ талаар мэдээлсэн байна. 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн эхнийх нь 2015 оноос ашиглалтад орж, хамгийн сүүлийнх нь 2021 онд ашиглалтад орох талаар уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг Miningweekly.com цахим сонинд мэдээлсэн байна. Энэхүү үйл ажиллагааныхаа бэлтгэл болгож, хөнгөн цагаан, төмрийн хүдрийн олборлолтоо багасгасан нь мэдээж. Манайд ч энэ аргаа хэрэгжүүлж байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ энэ үнэн бол бид босоо чиглэлийн төмөр замаа л хурдан барихаас өөр мэхгүй. Худалдан авагчийнхаа тоог нэмэгдүүлэх замаар л энэ байдлаас гарч чадна. Дээр дурьдсан шалтгаануудыг эдийн засагт хүндрэл үүсгэж болзошгүй хэмээн эрх баригчид болгоомжилж байна. Тавантолгойтой хэтэрхий холбож, “Бидний байдал хүндэрч магадгүй нь, тиймээс хөрөнгө оруулалтад эелдэг хандах ёстой” гэх хүн ч байгаа юм. Ямартай ч бидний хувьд, бүсээ чангалах хүндхэн үе ирж байгаа бололтой.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин