”Би эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш”

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

”Би эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш”

Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарыг эмэгтэй хүн зодож гарынхаа чилээг гаргасан тухай хэвлэлүүд мэдээллэх болов. Тэрээр үл таних бүсгүйг газраар нэг чирж хавиргыг нь хүртэл хугалсан юм гэнэ.

Эх орныхоо нэрийг дэлхийн дуурийн тайзнаа цуурайтуулсан гавьяа нь мартагдаагүй байхад түүний тухай саар мэдээ хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн нь энэ. Мэдээлэл бодитой эсэх талаар түүнээс асууж тодрууллаа. Тэрээр өнгөрсөн жил Мөн М.И.Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж Монголын дуурийн урлагийг олон улсад гайхуулсан нэгэн. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас үнэлж Монголын Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан юм.

-Өөрийг чинь эмэгтэй хүнийг зодож гэмтээсэн гэх боллоо. Үнэн үү?

-Хачирлана, хачирлана гэхэд арай хэтрүүлсэн байна лээ. Хүнийг үгээр алж болно гэдэг л тэр байх. Эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Зөвхөн үл ойлголцож маргалдсан юм. Үүнийг зодсон гэж ойлгож байгаа бол харамсалтай л юм. Болсон явдлыг үнэнээр нь хэлье. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт намайг "Сүлд" караокед найзтайгаа яриад сууж байхад миний таньдаг ах тэр эмэгтэйг дагуулж ирсэн юм. Тэр бүсгүйг өмнө нь таньдаггүй байсан. Яруу найраг бичдэг уран бүтээлч бүсгүй юм билээ. Найзуудаараа юм ярьж байгаад бид хоёр өчүүхэн зүйлээс болж маргалдсан. Маргалдаад өнгөрсөн болохоос биш биед нь халдаж зодсон юм байхгүй. Хүмүүс хоорондоо үзэл бодлын зөрүү, ажлаас болж маргалдаж л байдаг шүү дээ. Түүн шиг маргалдсан болохоос тэр бүсгүйд гэмтэл учруулсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Өөрийг чинь согтуу байсан гэх юм билээ?

-/Инээв/. Архи уугаагүй, эрүүл байсан. Тэр эмэгтэйтэй уулзаад албан ёсоор уучлалт гуйсан. Эмэгтэй хүнтэй хүнлэг бус байдлаар харьцсандаа уучлалт гуйсан хэрэг. Тэр бүсгүй "Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэтрүүлэгтэй мэдээлэл өгсөндөө харамсч байна. Шархалсандаа тэр" гэж байна лээ. Бид залуу хүнийхээ хувиар уулзаж ярилцаад учраа олчихсон. Хоёр хүний хоорондын маргааныг зодоон болгосон нь хэтрүүлэг юм даа. Энэ дашрамд намайг таньдаг хүмүүс болоод ард түмнээсээ эмэгтэй хүнтэй хүнлэг бусаар харилцсандаа уучлалт гуйж байна. Ээж, эгч шигээ хүнд гар хүрээд явах аавын хүү би биш шүү.

-"Сүлд" караоке өөрийн чинь эзэмшлийнх юм уу?

-Манай найзынх. Найзтайгаа уулзах гэж очоод ийм юманд хутгалдчихлаа. Намайг бас "Монголын цагдаа мөрдэстэйгээ миний өмнө бүжиглэдэг" гэж аархсан гэнэ. Өнөөдөр миний бие Цагдаагийн "Сүлд" чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна. Манай чуулгын гол үүрэг цагдаа, ард түмний харилцааг урлагаар нягтаршуулах зорилготой. Ийм байж яалаа гэж цагдаагаа муулах юм бэ. Тэгээд ч Монголын цагдаад би дэндүү хайртай, албандаа дуртай хүн. Тогоонд нь чанагдаж яваа ширхэг будаа нь учраас Монголын цагдааг хаана ч магтах болно. Өнөөдөр иргэн та гэртээ бөх нойртой хонож байхад таны амгалангийн төлөө гадаа гудамжинд цагдаа нар хонож байна. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч залуусын нэг нь болж яваа учраас ийм увайгүй үйлдэл надаас хэзээ ч гарахгүй.

-М.И.Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээнд тэргүүн байр авч Монголын дуурийг дэлхийд гайхуулснаас хойш бараг нэг жил өнгөрчээ. Уулзсаных уран бүтээлийнхээ талаар яриач?

-Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна, "Илүү ч үгүй, дутуу ч үгүй" нэртэй нийтийн дууны шинэ цомгоо гаргалаа. Одоо залуу хүний эрч хүчийг харуулъя гэдэг утгаар дараагийн тэмцээндээ бэлтгэж байна. Тэмцээн ирэх жилийн зургадугаар сард Англид болно. Нэг тэмцээнд ороход доод тал нь нэг жилийн бэлтгэл шаардлагатай байдаг учраас бэлтгэлээ эхлээд байгаа нь энэ. Уран бүтээл хийгээд явахад сайн, саар олон юмтай учирч байна даа. Гэхдээ саар бүхэн нь миний эр зариг, урлагийн төлөө зүтгэлийг маань мохоохгүй.

-"Сүлд" чуулга ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Өвлийн нээлтийн тоглолтын бэлтгэлдээ орсон. Энэ жил манай чуулган сонгодог, шилмэл, нийтийн дуу гэсэн чиглэлээр гурван өдөр дараалсан тоглолт хийнэ. Тоглолтоор сонгодог урлагийн гайхамшигийг мэдрүүлэх болно.

-Таныг Улсын драмын эрдмийн театрын “Гоолингоо” дуулалт жүжигт голд үр бүтээнэ гэсэн?

-Жүжигчин Г.Отгонцэцэгийн хамтаар дуулалт жүжгийн гол дүрд тоглож байна. Тоглолт аравдугаар сарын 10-нд нээлтэ хийнэ. Одоо бэлтгэл, сургуулилт гээд завгүй хүн явна даа.

Д.Болор

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж