-Бидний урилгыг хүлээн авч, “Редакцийн уулзалт”-ын маань анхны зочноор оролцож байгаад баярлалаа. Таны амьдралын өглөө хэрхэн эхэлдэг вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
-Өглөө гэдэг үг их гайхамшигтай. Би өглөөд их дуртай. Яагаад гэвэл нэг л сайхан юм ирнэ гэж бодогддог. Огт танихгүй, хамгийн сайхан мөрөөдөлтэйгөө уулзаж байгаа юм шиг санагддаг. Хүн бүр өглөөд дуртай байх ёстой. Эдгэршгүй өвчтэй хүн маргаашийг хүлээж байвал тэр өвчнийг нь эмчлэх нээлт гарч ирж болно. “Үүрийн буурал хяруунаар намайг буудах юм гэнэ” гэдэг шүлэг байдаг. Түүн шиг хүн болгон маргааш үхэх юм шиг амьдрах ёстой юм гэнэ лээ. Тэр лугаа адил өнөөдөр заавал сайхан юм надад учирна гэж яривал, бодвол их сайхан.
2012 оны 12 дугаар сарын 21-ний өглөө бол бидэнд их сонин байгаа шүү дээ. Зарим нь дэлхий сөнөнө гэж байхад нөгөө хэсэг нь улс даяараа баяр хөөртэй угтана гэж ярьж байна. Энэ бол аймшигтай зүйл биш.
Шинэ эрин эхэлж байгаа, байгалийн гайхамшигтай үйл явдал болно гэж үзэж байна. Огт мэдэхгүй, таагдашгүй, шинэ юм бүхнийг өглөө авч ирдэг. Амьдрал өөрөө таагдашгүй. Таагдашгүй байдлын гайхамшигтай нууц нь орой биш өглөөд л байдаг юм. Өглөө бол хүнд дандаа горьдлого төрүүлж байдаг. “Монголчуудын маргааш олон” гэдэг чинь муухай мэт боловч нөгөө талаасаа хамгийн сайхан үг. Хүний өөдрөг байх ухагдахуун нь өглөө гэдэг юмтай огтолж байдаг.
-Ажил амьдралын тань өглөө хэзээ эхлэв?
-Би 1977 онд Багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын ангийг төгссөн. Хүмүүс кино драмын анги төгссөн л гэж ойлгоод байдаг юм. Монголын зохиолчдын хороонд хоёр жил ажиллаад, телевизэд ажилд орсноос хойш 33 жил эндээ ажиллаж байна. Би дунд сургуулийн сурагч байхдаа шүлэг бичдэг байсан учраас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхож байсан. Гуравдугаар дамжааны оюутан байхдаа радиод нэвтрүүлэгчээр шалгуулж тэнцсэн юм. Гэтэл Эстрадын жүжигчдийн улсын уралдаан гэж анх удаа Монголд болсон. Оригиналь жанр гээд уран элэглэл, шүлэг зэргийг багтаасан төрөлд нь оролцож түрүүлээд, телевизэд бичлэгт орсон. Телевизийн дарга Жаргал гуай “Чи хаана юу хийж байна” гэлээ. “Радиод туслах нэвтрүүлэгч санаатай” гэсэн чинь сэтгүүлч болох санал тавьсан. “Арай л чадахгүй байх даа” гэтэл “Ажил голох уу” гэж асуудаг юм байна. “Голохгүй” гэсэн чинь МҮОНТ-ийн залуучуудын редакцид туслахаар авсан. Тэр цагаас л бага багаар дэвшиж эхэлсэн дээ.
-Таныг цагдаа болох гэж байсан гэж сонссон?
-Би хүний ганц хүү. Манай аав манаач байсан. Ээж маань бүх насаараа хэвтэрт байсан. Хамаатан садан гэж байхгүй. Ижий, аавын холын хамаатнууд бол бий. Сайн явахад намар болохоор хүүхдээ сургуульд оруулна гэж ирдэг юм. Саар явбал тоох ч үгүй. Би өөрөө зориглоод, амьдралд их эрт орсон. Хэрсүү байсан.
Аав маань долоодугаар ангиа төгсөөд, цагдаа бол гээд сургуулиас гаргана гэж байсан. Би ч цагдаа болно гээд шийдчихсэн, хичээлдээ суухгүй, муу дүн авдаг байлаа. Тэгсэн аз болоход намайг долоодугаар анги төгсөхөд Монголын пионер сурагчдын урлагийн үзлэг Улаанбаатар хотод болсон юм. Тэр уралдаанд оролцож, уран уншлагаар алтан медаль автал сургуулиас намайг наймдугаар ангид дэвшүүлсэн.
Сэтгүүлчийн ажил их сайхан. Би нэг л юманд их дуртай. Өдөр бүр өөр өөр хүнтэй уулзаж ярилцдаг хувь заяа сэтгүүлч хүнд л олддог. Өнөөдөр траншейныхантай, маргааш ерөнхийлөгчтэй уулзана. Нөгөөдөр баяр баясгалантай зүйлтэй учирна. Тэр нь хүссэн хүсээгүй өөрийг нь хүмүүжүүлээд, амьдралын цар хүрээ их өргөн болдог. Би 33 жил сэтгүүлчээр ажиллахдаа Хамбын овооны гуйлгачнаас Далай лам хүртэл уулзсан.
“Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийг 362 дугаар хийлээ. Би хэнтэй ч, ямарч сэдвээр ярьж чадна. Олон хүнтэй ярилцах нь надад эрдэм болсон. Сэтгүүл зүйн нэг гавьяа бол нийгмийн амьдрал дунд явж, өдөр бүр шинийг харж, хөгжиж байна. Өөрөө тэрийгээ хөгжүүлж, түүнийгээ мэдлэг гэж бодвол сэтгүүлч өөрөө хөгждөг. Харин ажил гэж түүртээд байвал унадаг. Ийм байвал больчих л хэрэгтэй.
-Дур сонирхлоос гадна өөр нэгэн зорилго таныг сэтгүүлч болох зам руу хөтөлсөн гэдэг юм билээ?
-Манай ээжийн ах нь Бага хурлын дарга Бумцэнд гуайн нарийн бичгийн дарга Баяр гэдэг хүн байсан юм. Тэгээд хэлмэгдсэн. Одоогийнхоор бол ажлын хариуцлага хүлээсэн. Ээж маань ахындаа амьдарч байгаад, Баяр ах нь шоронд орсон учир хүүхдийнхээ хамт нутаг руугаа буцсан. Би хоёр эгчтэй байх ёстой юм гэнэ лээ. Нэг нь нас барж, нөгөө нь тэр үеийн идэвхтний эмнэлэг буюу Сайд нарын эмнэлэгт ээжтэй төөрөлдсөн юм гэсэн. Би эгчийгээ олох гэж сэтгүүлч болсон. Их хөөцөлдсөн. Ижийгээ амьд байхад л эгчийгээ олоод өгчихье гэж их хичээсэн. Сүүлдээ сонирхол буурсан. Нэлээн хэдэн нэвтрүүлэг хийсэн. Олон хүн утастаад, толгой эргэсэн. Гэхдээ манай эгч амьд байх магадлалтай. Надаас 10-аад насаар эгч гэхээр одоо 70 хүрч яваа.
-Тэр үед телевиз, радиод дандаа гадаадад сургууль төгссөн хүмүүс ажилладаг байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хоёр, гурван гадаад хэлээр ярьсан хүмүүс л байдаг байлаа. Сэтгүүлчээр ажилд ороод хоёр, гурван нэвтрүүлэг хөтөлчихөөд байж байтал телевизийн зөвлөгөөн дээр нэг хүн “Манай телевизийн ажил ерөөсөө уруугаа харчихлаа. Багшийн дээд сургуулийн монгол хэлний анги төгссөн цээж бичгийн багш хүн нэвтрүүлэг хөтөлдөг болсон бол бид үнэмлэхээ өгье” гэсэн. Би тэр үед “Та нар намайг дээрэлхэж л бай. Би чадна” гэж бодож суусан. Явсаар явсаар байгаад өнөөдөр хүртэл микрофоноо бариад зогсож л байна.
Нэг хүн аравдугаар ангиа алтан медальтай төгсөөд, Москва явах гэтэл аав нь “Миний хүүд Монголд сурах юм байхгүй бол яв даа” гэсэн юм гэнэ лээ. Би монгол сэтгүүлч, монгол телевиз юм гэж бодоод монголоороо сэтгэж л үлдсэн. Гашуун ширүүн юмны дундуур ороход их хатдаг. Өөрөө хатна гэж зүтгэх хэрэгтэй.
-Та амьдралаа нэгэн хоног юм гэж төсөөлбөл одоо хэдэн цаг болж байгаа бол?
-Миний амьдралыг нэгэн хоног гэвэл одоо үдийн 14:00 цаг л болж байна даа. Би өөдрөг сэтгэлтэй. Хоёр жилийн дараа тэтгэвэрт гарна гэхээр миний сэтгэлд огт буудаггүй юм. Идэвхтэй хөдөлмөрлөх хориод жил байна.
-Цаана нь арван цаг байна. Юу хийхээр төлөвлөж байна?
-Тэтгэвэрт гарна гэдэг надад сонин биш. Хийх ажил их байна. Зөндөө төлөвлөгөө байна. Би 60 жаахан гараад, үсээ бууралтаад ирэхээр хүүхдийн нэвтрүүлэг хөтөлье гэж боддог. Жар хүрсэн өвгөн зургаан настай нусан буутай ярилцвал гоё биз дээ. Одоо Монголын телевизүүдэд хүүхдийн нэвтрүүлэг алга. Хүүхэдтэй хүн шиг ярих ёстой. Гэтэл манайхан хүүхэд болж, хүүхэдтэй ярьдаг. Хүн шиг яривал хүүхэд үнэнээ ярина шүү дээ. Надад маш их төлөвлөгөө байгаа учраас “Жар хүрвэл манай ажлаас надад нэг зурагт өгнө. Тэрийгээ тэврээд л, телевизээс гараад алхана даа” гэсэн бодол төрдөггүй. Өөрөө идэвхтэй байвал насны хязгаар байхгүй шүү дээ. Аливаа хүнд насны хязгаар сонин биш. Өөдрөг л байх ёстой.
-Бие биедээ сэтгэлийн дэм өгөх, урам зориг хайрлах үг залуусын амнаас гарахаа больжээ. Гэтэл сэтгэлийн жинхэнэ таашаал, урам зориг хайрлах үгс таны шүлгүүдээр дүүрэн байх юм?
-Аливаа юманд хүн сэтгэлээсээ орох ёстой. Манай нэг найз их дурламтгай. Үхтэлээ дурлана. Түүн шиг сэтгэлээрээ юманд хандах явдал бичихэд, ярихад их хэрэгтэй. Талархах, эмзэглэх сэтгэлтэй бай. Би Д.Намдаг гуайн шавь. Багш маань юманд эмзэглэх хэрэгтэй гэж хэлдэг байлаа. Эмзэглэж чадвал бичиж, ярьж, баярлаж чадна. Юмыг гаднаас нь харахаар худлаа болоод байдаг. Аливаа юмыг “Муухай юм даа” гэж харвал сайн буудаг.
Зарим хүн “Чи их сайхан юм ярьдаг. Энэ сайхан үгс хаанаас чинь гардаг юм бэ” гэдэг л юм. Хамгийн гол нь би тэнд зүрхээрээ очдог болохоор хүмүүст сайхан санагддаг. Аяндаа асуулт өөрөө бодогдоод ирсэн. Би 1989 онд “Говийн ганц айл” нэвтрүүлгийг хийж байсан. Өмнөговийн Ингэн сэвстэйн заставаас Гурвантэс хүртэл 300 км газар. Энд ганцхан айл бий. Тэр айлд хоёр хүүхэдтэй, гуч хүрч яваа нэг бүсгүй амьдардаг. Тэр бүсгүй сум, аймгийн төвөө үзээгүй. Хоёр хүүхэд нь буугаад мордсон хүний хүүхэд. “Амьдрал ийм л байдаг юм байна” гээд бодчихсон. Тэгээд Гүрээг асуухаар үнэнээ л хэлж байгаа юм. Улаанбаатарт үүнийг нэвтрүүлэхээр хүмүүс их гайхдаг. Би тэр бүсгүйн мууг үзэх гэж нэвтрүүлэг хийгээгүй. “Хүн ийм болчихоод байна. Өрөвдмөөр юм биш үү” гэдэг санааг л дэвшүүлсэн юм. Улаанбаатарын гудамжинд яваа нэг бүсгүйтэй уулзаад “Хүүхдүүд чинь бүгдээрээ таны нөхрийн хүүхэд мөн үү” гэвэл өөдөөс “Хуц” гэнэ биз дээ.
-Тэгэлгүй яах вэ?
-Ийм нарийн нандин зүйлсийг гаргаж ирэхийн тулд өөрөө зүрх сэтгэлээсээ байх ёстой. Зүрх сэтгэлээсээ байна гэж яахыг хэлдэг юм бэ. Тэр хүний өмнө өөрөө хүн байхыг хэлдэг юм. Сэтгүүлчийн дүрд тоглоод байвал хүн чамд хэзээ ч үнэнээ ярихгүй. Ярилцаж байгаа хүнийхээ яриаг жигдэлж байгаад, гол асуултаа тавих хэрэгтэй. Болохгүй бол аливаа зүйлийг тогтоож ав. Дэвтэр, үзэг, диктофон бүү гарга.
Сэтгүүлч хүний баримтлах зарчим бол хүнийг хүн гэж хүндэтгэх. Хүнийг хүндэтгэж байж сэтгүүлч болно. Гэхдээ хүнийг шүүмжлэхгүй гэсэн үг биш. Би шүүмжилдэг. Мянган хүний 700 нь намайг магтаж байхад, 300 нь муулж байгаа. 33 жил иргэний нийтлэлийн нэвтрүүлэг хийсэн хүн дайсантай л байж таарна шүү дээ.
-Сэтгүүлч хүн зөвхөн онолоор ажиллах нь өрөөсгөл мэт санагддаг. Яагаад гэвэл, сэтгүүлч өөрөө сэтгэлээсээ хандаж байж, хүний сэтгэлийг нээж чадах байх?
-Сэтгүүлч хүнд үзэн ядах, бахархах сэтгэлгээ хоёулаа байхгүй бол болохгүй. Би маргааш зурганд гарна. Есдүгээр сарын нэгнээр нэвтрүүлэг хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байна. Бүгд гоёод л сургуульдаа явж байна. Их гоё. Би энэ сэдвээр огт өөр, айдастай нэвтрүүлэг хийж байгаа. Өнөөдөр сургуульд орж байгаа 40 гаруй мянган хүүхдийг 40 жилийн дараа эх оронтой нь байлгах хариуцлага бидэнд бий. Заримдаа айдаг юм. Иймэрхүү маягаар явбал тайван Монгол Улсын иргэн гээд явах цаг хугацаа байх юм болов уу. Буруугаар эргэчих вий дээ гэж эмээдэг. Бид холын бодолтой байж, алсыг харж чадаж байна уу, үгүй юу.
Сургуульд орох гээд пижгэнэлдэн гүйж яваа хүүхдүүдийг харахад нэг бодлын бахархмаар, нөгөө талаар нулимс гармаар. Сайхан юман дээр муухай юм бодох хэрэгтэй. Эмзэглэх ёстой. Гадаадын сэтгүүлч Монголын тухай ном бичиж, альбом гаргасан байна. Тэр сэтгүүлч мориныхоо омруун дор тамхи татаад сууж байгаа өвгөний зураг тавиад, “Эзнийхээ бодлыг морь нь чагнаад байгаа юм шиг” гэсэн тайлбар тавьжээ. Монгол хүн энийг олж хараагүй л байхгүй юу. Аливаа юмыг өөр өнцгөөс харах, бодох эрх чөлөө хамгаас чухал.
-Та нийгмийн дунд амьдардаг хүн үү, эсвэл гадна талд нь уу?
-Би нийгмийн амьдралыг үргэлж гадна талаас нь хардаг. Нийгмийн сэтгэлгээ Монголд уначихсан байна. Ийм тохиолдолд уул уурхай хэчнээн хөгжөөд, хэдий их баялагтай байлаа ч улс орон хөгждөггүй. Хов жив, хэрүүл тэмцэл, албан тушаалд дуртай гээд нийгмийн сэтгэлгээ уначихсан орон хөгжихөд хэцүү. Тиймээс ийм сэтгэлгээ төлөвшрүүлэхэд анхаарах хэрэгтэй. 1990 онд ардчилсан хувьсгал дөнгөж гарч байхад монголчууд их сэргэлэн болчихсон байсан юм. Лангуун дээр ямар ч давс байхгүй, тогоонд нь чимх хоолгүй байхад бүх хүн гялалзаж байсан. Бүгд сайхан шинэ зүйл рүү орлоо гэсэн сэтгэхүйтэй болчихсон. Нүүдэл хөдлөхөөр сэтгэл догдлоод гоё байдаг даа. Яг түүн шиг. Гэтэл 22 жилийн дараах байдлыг тэр үетэй харьцуулахад хүмүүсийн царай нэг л дүнсгэр, гутранги, үл итгэх байдалтай. Энэ л их аюултай. Сэтгүүлчид чаддаг бол жаахан урагшаа дуугармаар, эднийг жаахан айлгамаар юм байна.
-Та хөтөлж байгаа нэвтрүүлэг, шоу тоглолтуудаа аргагүй “амьдруулж” чаддаг. Шүлэглээд л, уянгалаад л?
-Би аливаа арга хэмжээг хэзээ ч шүлэглэж, хөтөлдөггүй. “Гүрээ худлаа ярьж байна даа. Өөрөө шүлэглээд байдаг даа” гэж бодож болох юм. Би тодорхой шүлгийн ишлэлийг зүрх сэтгэлээсээ ярьдаг. Хүн ярьж байгаа юмандаа хэрхэн хандаж, хэр хариуцлагатай хандаж байгаагаас их зүйл шалтгаална. Хүн ярьж байгаа юмандаа итгэлтэй байх ёстой. Тэр ч бүү хэл, телевизийн сэтгүүлч хүн тодорхой зүйлсийг цээжилж тогтоосон байх хэрэгтэй. Цээжилсэн зүйлээ яриандаа оруулахаар хүмүүс түүнийг сонсоод “Үнэхээр сайхан ярьж байна шүү” гэдэг. Зайлшгүй оюуны бэлтгэл байх ёстой. Сэтгүүл зүйн өөрийнх нь урласан бэлтгэл байна шүү дээ.
-Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдтай уулзах гэж байгаа гэж сонссон. Ямар асуудал хэлэлцэх нь вэ?
-Мэргэшсэн гэдэг зөвшөөрөл бүхий үнэмлэх өгөөч гэсэн хүсэлт тавих гэсэн юм. Өөрөө шалгаад, 200 хүнээс 20 хүн шалгаруулж авна. Тэдэнд 90 хоног хичээл заана. Ингэхдээ тэр хүүхдүүдээс нэг ч төгрөг авахгүй. Намайг цалинжуулах спонсор хайна. Тэгээд тэр 20 хүнээ яая даа гэсэн мэдрэмжтэй сэтгүүлч болгож чадна. СУИС, дамжаануудад заагаагүй зүйлсийг би тэдэнд заана. Яагаад гэвэл, би үүнийг хийхээсээ их мэдэрч байна. Хүнд заах нь өөрөө хийхээс илүү. Би шүлэг бичдэг. Уран уншигч, хөтлөгч, сэтгүүлч. Би эдгээрийг сүрхий сайн хийгээгүй байлаа ч олон жил хийсний үр дүнд хүнд хэлэх юм надад үлдсэн. 18 гавьяат, гурван ардын жүжигчинтэй тоглолтыг би зүгээр л унагаж чадна. Нэг солгой хоолойтой, цэргээс халагдсан хоёр нөхөртэй тоглолтыг би үнэхээр гоё болгож чадна. Бүх юм хөтлөгчийн гарт байдаг юм.
-Таны хамгийн том бахархал хийгээд хамгийн их үзэн яддаг зүйл вэ. Таны бодлоор бахархал, үзэн ядалт хоёрын хооронд хэр их зай оршдог вэ?
-Хэнхэг юм ярьж байна гэж битгий бодоорой. Настай ч холбоотой байдаг биз. Үр хүүхэд, ач гучтай болоод ирэхээр ирээдүй хойчоо ч боддог юм. Монголоороо их бахархдаг. Маргаашийнх нь төлөө их санаа зовдог. Эх орны минь эсрэг юм бүхэн хамгийн дээд үзэн ядалт. Энэхэн зааг дээр зөв тогтохгүй бол аюултай шүү. Зөв тогтож чадвал нөхцөл, цаг хугацаа, үнэмшлээрээ 2000 жилд бүтээж болох зүйлийг 20 жилд бий болгож болно.