Сирийн босогчид өнгөрсөн баасан гаригт Алеппо хотын районд өргөн цар хүрээтэй сөрөг довтолгоон эхлүүлжээ. Сөрөг довтолгоог босогчдын талд орсон цэрэг офицерүүдийн бригад тэргүүлж байна. Баасан гаригийн шөнө цэргийн баазууд ба нисэх буудлуудад босогчид довтлов. Сөргөлдөгч талууд эсрэг талдаа ихээхэн хохирол учруулсан гэж мэдээлж байна.
Босогчдын сөрөг довтолгоон нь сүүлийн үед Башар Ассадын армийн хийсэн дайралт бүс нутгийн босогчдын түшиц газруудыг бүрэн устгаж чадаагүйг харуулж байна.
Сирийн дүрвэгсэдийн тоо эрс нэмэгдэж буйд НҮБ түгшүүрээ илэрхийлж байна. “Хэрэв тулалдаан ингэж эрчимжвэл төрөлх нутгаа орхин гарч буй хүмүүсийн тоо мөн л эрчимтэй өснө. Тэгвэл бидний боломж удахгүй шавхагдана” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон хэлэв. Түүний яриагаар одоо 2,5 сая дүрвэгсэдэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болжээ.
Сирийн хэрэг явдал хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж магадгүйг Турк анхааруулав. Удалгүй Туркийн Засгийн газар Аюулгүйн зөвлөлд Сирийн хүн амыг хамгаалах хамгаалалтын бүс байгуулах санаачлагаа тавих гэнэ.
Сирийн чөлөөт арми есдүгээр сарын 3-наас эхлэн Дамаск ба Алеппо хотуудын нисэх буудал дахь иргэний агаарын тээврийн онгоцнуудад довтолно гэж мэдэгдэв. Онгоцнуудыг зэвсэг зөөхөд ашиглаж байна гэж босогчид үзэж байгаа аж. Агаарын тээвэрлэгчид Сирид хийх нислэгээ мэдэхүйц бууруулж ба заримыг нь бүрэн зогсоосон байна.