Коксжон түлшний үйлдвэр муу дүн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Коксжон түлшний үйлдвэр муу дүн авлаа

Эрчим хүчний сайд М.Сономпил “ДЦС-2” ХК-ийг түшиглэн барьж буй жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаатай амралтын өдөр танилцлаа.

Уг үйлдвэрийн гүйцэтгэгчээр 2010 онд салбарын яамнаас зарласан тендерт шалгарсан “Аморе интернэшнл” компани ажиллаж байгаа юм. Шахмал түлш байгуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах 18 тэрбум бүхий өртөгтэй ажлын хүрээнд тус станцын хоёр зуухыг кокс, уур хосолсон байдлаар ажиллуулах мөн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэхээр техник, технологийн хувьд төлөвлөөд байсан.

Гэвч энэ ажил удаашралтай байгаа төдийгүй гэрээнд заасан хугацаандаа шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангаж амжихгүйд хүрээд байгааг гүйцэтгэгчид хэлсэн. Энэ талаар тус компанийн захирал Н.Баатарсүрэн “Түлшийг барьцалдуулах шингэн шилний үйлдвэр байгуулахад нэлээд хугацаа, хөрөнгө орсон. Мөн одоогийн байдлаар шинэ технологийг хэрэгжүүлэхэд нүүрсний чийглэг болон хэмжээ тохирохгүй байгаагаас гадна үйлдвэрт туршилт тохируулгын ажил хийгдэж байгаа”  гэж байлаа.

Харин Эрчим хүчний сайд М.Сономпил, өндөр хүчин чадалтай үйлдвэр гэрээний дагуу хэрэглэгчдэд шахмал түлш нийлүүлж байх ёстой атал туршилтын цех байгаа мэтээр хариуцлагагүй ажиллаж байгаад яамны зүгээс анхаарч ажиллах шаардлатай байсныг  хэллээ. Мөн үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очихдоо эдийн засгийн хувьд хямд байж чадах эсэхийг анхаарах шаардлагатайг онцоллоо. М.Сономпил сайд , төслийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулж, хагас коксжсон шахмал түлшний  үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхдээ одоогийн гүйцэтгэгч компани хэрэгжүүлэх боломжийг судлахыг  холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Мөн энэ үеэр “ДЦС-2” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус станц нь 1980 оноос хойш нийслэлийн баруун дүүргийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг бөгөөд зарим төлөвлөгөөт ажил нь дээрхи шахмал түлшний үйлдвэрийн төслөөс болж удаашрахад хүрээд байгаа аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж