Цахим барааны IFA яармаг: хурдан, нимгэн, ухаалаг

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Цахим барааны IFA яармаг: хурдан, нимгэн, ухаалаг

Наймдугаар сарын 31-нд Берлин хотноо гэр ахуйн цахим техникийн IFA 2012 яармаг нээлтээ хийлээ. Гол тренд нь “смарт” болж байна. Гар утаснаас гадна зурагт, хөргөгч, угаалгын машинууд улам “Ухаалаг” болж байна.

Берлиний гэр ахуй, өргөн хэрэглээний цахим барааны IFA үзэсгэлэн худалдаа нь дэлхийн хэмжээнд хамгийн том нь юм. Эндээс трэндүүдийн жилийн хандлага харагддаг. Энэ жилийн трэндүүд “хаантай” болсноороо онцлогтой гэнэ. Смартфонууд нь  таблеттай, телевизор нь компьютертай нийлэн ургаж байна. OLED органик гэрлийн диодтай зурагтууд гэх шинэлэг бараа ч гарч иржээ. Германд тэр нь Зул сарын баяраас худалдаанд гарах юм байна.

Энэ жил германчууд 10 сая зурагт худалдан авна

 
Одоо ганц бие хүмүүсийг оруулаад дундаж герман айл хоёр зурагттай болжээ. Хуучин нь сайн ажиллаж байгаа ч тэд шинэ загварын зурагт худалдан авах болсон байна. “Хүмүүст том дэлгэц, гурван хэмжээнээс дүрс зэрэг нь илүү таалагдаж байна” гэж Холбооны мэдээллийн болон компьютерийн технологийн нэгдлийн гэр ахуйн барааны салбарын тэргүүн Михаэль Шидлак (Michael Schidlack) тайлбарлав.

Гэхдээ одоогоор телевизийн ганц ч суваг гурван хэмжээст форматад ороогүй байгаа нь хүмүүсийг зовоохгүй байна. Мөн  тийм телевизийн тусгай нүдний шил үнэтэй бөгөөд олигтой биш байгаа.

Samsung ба LG зах зээлийн лидерүүд

 
Интернэтэд орох, видео телефон маягаар ашиглах зэрэг телевизорын ажиллагаа аль эртнээс зүй ёсны болоод байна. Өнгөрсөн жилд зурагтууд 13 хувиар хямдрана гэж шинжээчид хэлж байлаа. Гэтэл тэр нь биелээгүй учир нь хүмүүс олон зориулалтын ажиллагатай загварыг сонгох  болжээ. Зурагт нь “смарт” нэг үгээр “ухаантай” болжээ.

Смартфон ба смарт-зурагтын худалдааны нийт хэмжээ энэ жилдээ 13 тэрбум евро болно гэж Герман үзэж буй. Гэхдээ Германы компаниуд энэ зах зээлд бараг орсонгүй. Тэргүүн байрлалыг Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид эзлээд байна. Дэлхийн гурван зурагтын нэг нь Samsung ба LG компанийх байна. Энэ жил тэдний өрсөлдөгч япончууд органик гэрлийн диодын зурагтуудаа танилцуулж байна. Урт хугацаанд тийм дэлгэцүүд урт насгүй гэгдэж байсан юм. Одоо тэдэнд “ухаан” суулгаж, бөөний үйлдвэрлэлд оруулсан байна.

Смартфонуудын хувьд анхаарлын төвд нь бас л нөгөө Samsung оржээ. Компани нь хибридийн смартфоны хоёр дахь үеийн Galaxy Note II загварыг танилцуулав. Түүнд смартфон ба таблетийн үйлдлүүдийг зэрэгцүүлж чадав. Гол сонин нь Samsung, Nokia мэтийн өрсөлдөгч нараасаа түрүүлэн зах зээлд Windows 8 үйлдлийн системтэй анхны смартфоныг гаргаж чадлаа.

Цахилгааны үнэ нэмэгдэж байгаа учраас ахуйн шинэ техник авах хэрэгтэй

Харьцангуй бага цахилгаан хэрэглэдэг, гэхдээ хурдан өсч буй ахуйн техникийн сегмент IFA үзэсгэлэн яармагт шинэ хөргөгч, угаалгын машин байв. Эдгээр техникийн цахилгааны хэрэглээ 15 жилийн өмнөхөөс 60 хувиар бага болсон байна. Гэхдээ одоо Германд 14 жилээс илүү хугацаанд ашиглагдаж буй 20 сая хөргөгч ба угаалгын машин байгаа учраас эдгээр техникүүд ирээдүйтэй.

Хэрэв бүх хуучин техникийг шинээр соливол Герман даяар жилдээ 15 тэрбум киловатт-цагийн хэмнэлт гарах аж. Үүний зэрэгцээ шинэ угаалгын машинууд интернэттэй болсон байна. Тэднийг олон арван км-ын цаанаас программчлаад смартфоноор удирдаж болно. Гэхдээ машиндаа угаах зүйлээ өөрөө ялган хийж өгөх ёстой. Түүнийг л машин хийж чадахгүй байгаа.


Ахуйн цахим техникийн IFA үзэсгэлэнгийн түүх

2010 онд 50 жилийн түүхтэй IFA үзэсгэлэнгийн эх орон нь Берлин хот юм. Үзэсгэлэнгийн түүх нь хамгийн анхны радио хүлээн авагчаас гурван хэмжээст видео технологи хүртэлх ахуйн техникийн хөгжлийг харуулдаг.  
 
Тэр үед Немцийн их радио үзэсгэлэн гэж нэрлэгдсэн яармаг анхны үзэгчдээ 1924 оны арванхоёрдугаар сарын 4-нд хүлээн авчээ. Харин 1930 оны үзэсгэлэнг Альберт Эйнштейн (Albert Einstein) өөрөө нээж, түүний үгийг радиогаар шууд дамжуулж байлаа. Германы радио тэр өдөр дөнгөж нэг настай байсан ба зургаан жилийн дараа байгаагүй өндөр төвшинд радио нэвтрүүлэг хүрсэн байв. Тэр үеийн “үзэсгэлэнгийн хадаас нь” богино долгионт радио мөн анхны алхамаа хийж буй телевиз байлаа.

Ард түмний эвлэрлийн ер бусын  зорилт

Баяр хүргэсэн үгэндээ Эйнштейн: “Ямар ч техникийн ололтын эх сурвалж нь тэнгэрлэг сонирхол  ба шургуу судлаачийн зүтгэл зохион бүтээгчийн бүтээх зөгнөл байдаг. Радиогийн хувьд улс түмнийг эвлэрүүлэх ер бусын үүрэг түүний өмнө байна” гэж онцолж байв. Гэхдээ хэдхэн жилийн дараа Германы техникийн дэвшил нь национал-социализмын үзэл суртлын хүлээсэн орсон байв. Үзэсгэлэнг хариуцаж байсан “Гуравдугаар рейхын” Сурталчилгааны сайд Йозеф Геббельс мэдэгдэхдээ” “Бид ямар ч нууц зүйл хийгээгүй. Радио бол биднийх! Би түүнийг олон нийтэд нөлөөлөх бүх хэрэгслээс хамгийн орчин үеийн чухлын чухал гэж үзэж байна” гэсэн байлаа.

Нацистууд радио хүлээн авагчийг сурталчилгааны техникийн хэрэгсэл болгон ашигласан билээ. Ард түмэн түүнийг “Геббельсийн ам” (Goebbels-Schnauze) хэмээн шоглон нэрлэж байлаа. Немцийн 16-р их радио үзэсгэлэнд Геббельс 1939 оны наймдугаар сард очих цагаар Германы радио нь ард түмнийг дайнд бэлтгэж эхэлсэн байв. Ахуйн цахилгаан барааны шинэ загваруудыг хоёр хуваагдсан Германы баруун хэсэгт Дэлхийн дайн төгссөнөөс таван жилийн дараа 1950 онд  Дюссельдорф хотноо дахин шинээр үзсэн юм. Тэр үеэр үзэсгэлэнгийн нэрнээс “Их” гэсэн үгийг хасч хоёр жилд нэг удаа Дюссельдорф, Майн дахь Франкфурт, Штутгарт ба Берлин хотуудад ээлжлэн явуулах болжээ.

Дэвшил юунд хүргэв

Хэт богино долгионы ялалтын алхам 1950 онд эхлэв. Үүнээс хоёр жилийн дараа герман айлд анхны зурагтууд гарч ирлээ. 1955 оноос эхлэн транзисторын техникийн хөгжил хэтэрхий том оврын радио техникийн хэмжээг багасган гартаа авч явж болохоор “чемоданы” гэж нэрлэгдсэн радиог бий болголоо.

Үзэсгэлэн 1967 оноос Берлинд буцан ирэв. ХБНГУ-ын канцлер Вилли Брандт (Willy Brandt) үзэсгэлэнг нээсэн үгэндээ Германд өнгөт телевизийн эрин эхэлж буйг зарлав. Баруун Герман нь PAL системийн өнгөт телевизийг хэрэглээнд оруулсан Европын анхны орон болов. Анхны өнгөт зурагт 2400 дойчамркийн үнэтэй байжээ.

1971 оноос үзэсгэлэн олон улсынх болж өнөөгийн Internationale Funkausstellung (IFA) гэсэн нэрээр нэршиж эхлэв. Тэр цагаар германчуудын ахуйд видеомагнитфон, гар удирдлага зэрэг шинэлэг зүйл нэвтэрлээ. 1980-аад онд олон нийтийн эрхт телевизтэй өрсөлдөх хувийн сувгууд бий болжээ. 1990-ээд он нь компьютерийн техникийн үе байлаа.

Энэ зууны эхээр шингэн талстын  хавтгай дэлгэцтэй телевиз, 2003 оноос дижитал нэвтрүүлэг барих антенн дэлгэрэв. Сүүлийн жилүүдэд үзэсгэлэн дээр өндөр шийдлийн зураглалтай (HDTV) телевиз ба гар утсанд телевиз дамжуулах гэсэн Европын хоёр шинэлэг зүйл бий болсон байна. 2005 оноос эхлэн зохион байгуулагчид нь үзэсгэлэнг жил тутмын болгожээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж