Ерөнхийлөгчийн язгууртан нутгийн айчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн язгууртан нутгийн айчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Эгнээндээ 120 улсыг нэгтгэсэн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалт Ираны нийслэл Тегеран хотноо наймдугаар сарын 30-нд эхэлсэн. Хоёр хоног үргэлжилсэн тус уулзалтад гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд, гадаад харилцааны сайд нар хүрэлцэн иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар оролцож, бусад орны төлөөлөгч нартай харилцан уулзалтад оролцсон юм.

Төр, засгийн тэргүүнүүд уулзалтын нээлтэд оролцож, дурсгалын зураг татуулсныхаа дараа тус хөдөлгөөний гүйцэтгэж буй үүрэг, өөрсдийн нь орны оролцоо, баримталж буй байр суурь, том гүрнүүдийн бодлогын талаар үг хэлж ерөнхий хуралдааныг эхлүүлэв. Энэ өдөр ерөнхий хуралдаанд хорь гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий хуралдаанд үг хэлэхдээ “21 дүгээр зуунд ЭҮНХ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үзэл санаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, дэлхий нийтийн тэгш хөгжил дэвшлийг хангахын төлөө идэвхтэй тэмцэгч хүчин байх учиртай гэсэн байр суурийг Монгол Улс дэмждэг” хэмээн онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч хуралдааны үеэр Энэт­хэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Египетийн Ерөнхийлөгч Мохамед Морси, Катарын Эмир Хамад бин Халифа, Иракийн Ерөнхий сайд Ноури ал-Малики, Ливийн Ерөн­хийлөгч Абдел-Рахим ал-Кииб, Тунисын Ерөнхийлөгч Монсеф Марзоуки нартай уулзаж, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцан санал солилцов.

БНАСАУ-ын усан боомтыг ашиглах асуудлаар ярилцлаа

ЭҮНХ-ний дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай наймдугаар сарын 30-нд уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д их хэмжээний бороо орсны улмаас үер болж хүний амь нас эрсдэн, эд хөрөнгийн хохирол учирсанд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд умард солонгосын ард түмэн байгалийн гамшгийн хор хохирлыг богино хугацаанд арилгаж, аж ахуйгаа сэргээн босгож чадна гэдэгт итгэж байна гэлээ. Мөн Монгол Улс БНАСАУ-д тодорхой тусламж үзүүлэх бодолтой байгааг дуулгав. БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам таны 2007 онд Монголд хийсэн айлчлал хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Ер нь харилцан айлчлалууд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд том түлхэц болдог. Тиймээс БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийн Монголд хийх айлчлал хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Энэ завшааныг ашиглан БНАСАУ-ын удирдагч, Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Унийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байна. Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байна. Монгол улс далайд гарцгүй орон. Тиймээс БНАСАУ-ын усан боомтыг ашиглах асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа хэмээн Ерөнхийлөгч хэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй наймдугаар сарын 31-нд уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын бүх гишүүдийн бараг гуравны хоёр нь багтдаг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцож буйд нь Бан Ги Мүнд талархал илэрхийлсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьд  хүрч, сүүлийн хоёр жил бороо хуртай сайхан зун болж ургац арвин байгаа. Тиймээс НҮБ-ын хүнсний тусламжийн хөтөлбөрт оролцохыг сонирхож байна. Умард Солонгост үер болж хүндрэл бэрхшээлтэй байна. Хоёр талын харилцааны шугамаар туслахын зэрэгцээ Монгол Улс НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулсан. Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг ирэх жилийн дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалтад оролцон Монголд айлчлахыг урилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүссэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Монгол Улсын эдийн засаг сайн өсөлттэй байгаад баяртай байна. Ер нь баяр хүргэмээр олон зүйл Монгол Улсад бий. Энэ удаа онцолж хэдэн зүйлийг хэлмээр байна.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс цаашид ч идэвхтэй оролцох болно. Ардчиллын боловсролын асуудалтай холбон өндөр дээд хэмжээний уулзалтад оролцоход бэлэн байна. Бид бас тамхиныхтай адил Согтууруулах ундааны хяналтын суурь конвенц санаачилж хэрэгжүүлмээр байна. Үүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд анхаарч туслахыг танаас хүсч байна гэж Ерөнхийлөгч дуулгасан.

Ираны гурван монгол судлаач Монголд суралцана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын Бүгд Найрамдах Иран Улсад энэ сарын 1-нээс хоёр хоногийн албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Иран улсын дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманейтэй уулзаж ярилцав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний 16 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсанд дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманейд баяр хүргэлээ. Бид түүхийн асар их харилцаатай улсууд. Монголчууд Ил хаант улс байгуулж энд байх үед персийн соёл өргөн дэлгэр хөгжсөн. Тэр үед уран барилгын дурсгал болох Өлзийт хааны бунхан баригдаж, мөн одон орон судлалын төвүүд, 600 оюутантай их сургууль байгуулагдсан. Ираны түүх мөн тэр үеэс л бичигдсэн байдаг. Тухайлбал Жуваны бичсэн түүх, бас Рашид ад Дины “Судрын чуулган” тэр үеийнх. Энэ бүхэн монголчуудын төр барьж байх үед манай урлаг соёл маш өргөн дэлгэр хөгжсөнийг хариулж байгаа юм. Тиймээс түүх соёлыг маань бичиж, хөгжүүлж өгсөнд нь персийн ард түмэн монголчуудад баярладаг. Хожим Төмөр хаан бас ираныг захирч байхдаа түүх, соёлыг маань хөгжүүлж өгсөн. Монголчууд бол перс хэлийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлсэн хүмүүс. Хойд Энэтхэгийг эзэлж, тэнд перс хэлийг ордны хэл болгон хөгжүүлж, тэр нь англичууд тус улсыг эзлэх хүртэл мөрдөгдөж ирсэн байдаг. Ийм өргөн дэлгэр түүхийн холбоотой ард түмнүүд учраас түүхээ хамтран судлах явдлыг дэмжиж байна гэж Аятолла Сейед Али Хаманей хэлэв.

Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бид анхаарах болно. Монголчууд тулгар төрийнхөө 2200 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэсэн. Өнөө жил Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэ ойд төлөөлөгчөө оролцуулахыг албан ёсоор урьж байна. Төлөөлөгчөө ирүүлбэл бид баяртай хүлээн авна гэж Ерөнхийлөгч хэллээ. Мөн монголын перс судлаачдад тэтгэлэг олгосонд Ерөнхийлөгч талархал илэрхийлээд ираны монгол судлаач гурван хүнд Монголд суралцах тэтгэлэг олгож байгаагаа мэдэгдэв. Сонирхуулахад ираны сэхээтэн хүмүүс Монголын Ил хаант улсын хаан Өлзийт тус улсад лалын аядуу урсгал шийтийг төрийн шашин болгосон гэж үздэг юм байна. Түүнээс өмнө нэлээд хатуу урсгалыг даган мөрддөг байжээ. Энэ утгаараа иранчууд сэхээтнүүд монголчуудыг Иран улсын хувьд ч, лалын шашны хувьд ч хөгжил цэцэглэл, соёлыг авчирсан хүмүүс гэж үздэг ажээ. Айлчлалын үеэр хоёр тал түүх судлалаар хамтарч ажиллахаар болов. Хоёрдугаарт Ерөнхийлөгч нарын ивээл дор сан байгуулж, түүхээ судлах эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнуудад тэтгэлэг өгч сургахаар, мөн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Иранаас эрдэмтдийн баг илгээж эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулахаар тогтлоо. Гуравдугаарт эдийн засгийн хамтын ажиллагааг ахиц дэвшилд хүргэх асуудлыг судалж үзэхээр санал нэгдэв. Хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг байдалд болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж