Дизел түлшний онцгой албан татварыг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Дизел түлшний онцгой албан татварыг сэргээлээ

Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн ээлжит хурлаар Онцгой албан татварыг сэргээн, тендер шалгаруулалтын явцыг түргэтгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн түр эзгүй байгаа сайдын хариуцсан асуудлыг Засгийн газрын хуралдаан болон УИХ, Байнгын хорооны хурал­даанд хэлэлцүүлэх хуваарь, Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах, Улсын онцгой комиссын бүрэл­­­дэхүүнийг шинэчлэх тухай хэлэл­цэн баталлаа.

Тонн түлшнээс 109 мянган төгрөгийн татвар авна

Гаднаас оруулж ирэх дизель түлшний тонн тутамд 109 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуу­лахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт 30 орчим тэрбум төгрөг орох боломж бүрдэж байна. Татвар авах болсноор аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр буурч, 5 хувийн ашигтай ажиллана. Хамгийн гол нь дотоодын жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй. Харин ч цаашид хилийн үнэ нэмэгдэх тохиолдолд дотооддоо үнэ нэмэлгүй зохицуулж байх боломжийг Засгийн газар ийнхүү бүрдүүллээ. Автобензиний хилийн болон зах зээлийн үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш тогтвортой байна. Харин дизелийн түлшний үнэ нэгдүгээр улиралд огцом өсч байсан ч 5, 6 дугаар сард 170 гаруй ам.доллараар буурчээ.  Засгийн газар өмнө нь автобензин, дизель түлшний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлтөөс хамаарч Гаалийн болон Онцгой албан татварын хэмжээг тогтоож байсан. Эцэст нь гаднаас авах автобензин, дизель түлшнээс ямар ч татвар авахгүй байхаар шийдвэрлээд байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Тендер шалгаруулалт муу дүн авлаа

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын энэ оны худалдан авах ажиллагааны хоёрдугаар улирлын дүнг Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаашид энэ оны төлөвлөгөөнд багтсан арга хэмжээг хугацаа алдалгүй бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, тендер шалгаруулалт эхлээ­гүй байгаа бол гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг нь нэн даруй эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Тайлангаас үзвэл энэ онд улсын хэмжээнд 3400 тендер зарлагдахаас 2749 нь зарлагдаж, 2100 нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ. Тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байх үүрэг, даалгаврын биелэлт 62 хувьтай байна. Иймд төс­вийн ерөнхийлөн захирагч нарт ажлаа эрчимжүүлж, өөрт  болон харьяа байгуул­лагуудын 2012 оны худалдан авах ажил­лагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж