![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Хуулийг яаж баталснаар монголын төрийн дунд шатны бэхжилт, төсвийн оновчтой зөв хуваарилалт, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг хурдан шуурхай зохион байгуулахтай холбоотой гээд олон зүйл бий. Энэ үүднээс бид аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлыг зохион байгуулахдаа намын оролцоог илүү түлхүү болгосон энэ концвец ер нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Тиймээс үүнийг бүлгийн хуралдаанаар ярилцах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ялангуяа 340 орчим сумын 300 орчим нь хүн амын хувьд бага, жижиг сумд байгаа. Сумын иргэд ихэнхи нь мал аж ахуй эрхэлдэг, аж ахуйн соёлыг авч үзэхэд иргэд өөрийн оролцоогоор, өөрийнхөө үүсгэч санаачлагаар зохион байгуулаад явуулах бүрэн бололцоо байгаа юм. Заавал улс төрийн намын үүрэг нэмэгдүүлэх тийм ч зохистой биш болов уу гэж бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл,намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь сумын хувьд байж болох зүйл мөн үү гэдгийг эргэн харах шаардлагатай” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Орон нутгийн сонгууль өмнө нь намар болдог байсан бол энэ удаад Ардчилсан намаас өргөн барьсан хуулийн төсөлд арваннэгдүгээр сард зохион байгуулахаар болсон. Гэтэл УИХ-ын тухай хуульд алива сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө ямар засвар, нэмэлт өөрчлөлт хийхгүй гэсэн заалт байдаг учраас МАН-ын бүлгээс хуучин хуулиараа Орон нутгийн сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
“Шударга ёс” эвсэл завсарлага авснаар УИХ-ын чуулганы хуралдаан өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан ч МАН, “Шударга ёс” эвслээс чуулганы хуралдаанд орж ирээгүй учраас ээлжит бус чуулганыг түр хойшлуулсан. “Шударга ёс” эвслээс Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр завсарлага авснаар Орон нутгийн сонгуулийн хууль түр гацаанд оров. Орон нутгийн сонгуулийн хууль чанартай хуулийн төсөл байх ёстой гэж үзэж байгаа ч удахгүй болох орон нутгийн удирдлага сонгохоос өмнө сонгуулийн хуулийг олон нийтэд таниулах, зохион байгуулах гээд багагүй ажлууд хүлээгдэж буй. Тиймээс орон нутгийн сонгуулийн хуулиа яаравчлан батлах нь хэн хэндээ ач холбогдолтой. Яаравчилахдаа чанартай байх ёстой.
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болох эсэх нь тодорхойгүй. “Шударга ёс” эвслийн бүлгээс Орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтыг эргэн харах хүсэлтээс болоод завсарласан учраас тус эвслээс шалтгаалан чуулганы хуралдаан болох эсэх нь тодорхой болох юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой 13 асуудал бий. Хамгийн чухал нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Төсвийн тодотгол хоёр юм.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)