Сэлбийн хос гүүрний замын хөдөлгөөнийг өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхлэн хааж, гүүрийг бүрэн нурааж өргөтгөх ажил эхэлсэн. Эхний ээлжинд иргэдийг ярьж заншсанаар Сансарын колонк руу өгсдөг нэг чигийнх нь гүүрийг засч байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ирэх есдүгээр сарын 7-ны өдөр нэг гүүрний засварын ажил дуусаж, зорчих хэсгийг нээх байсан. Гэвч олон шалтгааны улмаас гүүр хугацаандаа ашиглалтад орохгүй болсон байна. Учрыг Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Ц.Шинэзоригоос лавлалаа.
-Сэлбийн гүүрийг шинээр барих ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Энэхүү хос гүүрийн ажил өргөтгөл шинэчлэлтийн ажил өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхэлсэн. Бид хуучин гүүрийг нурааж, тулгуур дамнуургыг бүтнээр нь сольж байна. Гүүрийг 11метрийн өргөнтэй болгоно. Ингэснээр гурван эгнээгээр автомашинууд зорчино гэсэн үг. Одоогоор хос гүүрийн ажлын явц 35 хувьтай байна.
-Одоогийн засвар 35 хувьтай байна гэсэн үг үү? Ирэх сарын 7-нд ашиглалтад орох ёстой гэж байсан?
-Үгүй. Хос гүүрний хувьд ийм хувьтай байгаа юм. Сэлбийн хос гүүрийг ирэх арванхоёрдугаар сарын 25 гэхэд бүхэлд нь шинэчилж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Харин ирэх есдүгээр сарын 07-нд ашиглалтад орох ёстой гүүрний ажил дуусах шатандаа орсон. Гэхдээ хэд хэдэн шалтгаанаас болоод энэ хугацаа ойролцоогоор долоо хоног хойшлох байх.
-Нийслэлд замын хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа замуудын нэг нь яахын аргагүй сэлбийн гүүр. Гэтэл ямар учраас цагт нь засч дуусахгүй байна вэ?
-Цаг агаар, инженерийн шугам сүлжээний ажил, тролейбусны шон, кабель шугам зайлуулах зэрэг шалтгаанаас болж хугацаа ийнхүү хойшилж байна.
-Ажлын талбайд цөөхөн ажилтан ажиллаж байна лээ. Ажиллах хүч цөөн байгаагаас шалтгаалж байгаа юм бишүү. Танайхаас үүнд хяналт тавьдаг уу?
-Энэ өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр Мотор сервис компани хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа юм. Ажлын талбай дээр хөл тулгуур цутгах 20 гаруй ажилтан хийж байна. Харин хотын баруун захад мөн 20 гаруй хүн дам нурууг цутгаж байгаа. Одоогоор 30 гаран дам нуруу цутгаад байна.
-Нөгөө гүүрийг нь хэзээ засах вэ?
-Эхний гүүрийг засварлаж дуусмагц дараагийн гүүрийн засвар эхэлнэ. Ямартай ч ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд хос гүүрийн засварын ажил дуусна.