Шинэ мэрийн шийдвэр, хичээлийн нээлт

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Шинэ мэрийн шийдвэр, хичээлийн нээлт

Хуанлийн хуудас эргэсээр нийслэлийн зам засварын ажил дуусах нь байтугай олигтойхон ч  ахицгүйгээр есдүгээр сар гарлаа.

Алтан навчис хийсч, мөнгөн хонхны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд цалгисан есдүгээр сарын 1 өнгөрсөн бямбад тохиов. Улсын хэмжээнд 927 цэцэрлэгт 168 мянган хүүхэд хүмүүжих бол, ерөнхий боловсролын сургуулийн 763 сургуульд 506.8 мянган хүүхэд суралцах юм байна. Энэ жил зургаан настай 49.4 мянган хүүхэд сургуулийн босго алхаж, эрдмийн их аянд хөл тавьж байна. Ерөнхий боловсролын сургуульд 26.7 мянга, цэцэрлэгт 5.1 мянган багш ажиллах бөгөөд Монгол Улс төсвийнхөө 20 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа аж.

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалынхаа дагуу “Хүн болох багаасаа” сэдэвт хичээлийг цэнхэр дэлгэцээр хүргэлээ. Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” гэсэн хичээл зааж, нийт хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байсан. За тэгээд , уламжлалаараа ч гэх юмуу төрийн өндөрлөгүүд, сайд дарга, УИХ-ын гишүүд бүгд л нэг, нэг цэцэрлэг сургуулийн нээлтэд оролцож, шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэв. “Онц сураарай” гээд л болчих юманд дээр олон юм нурших УИХ-ын гишүүдээс хүйтэнд даарах хүүхдүүд  залхсан байж ч магадгүй юм. Ядаж байхад есдүгээр сарын 1 жиндүү, сэрүүхэн өдөр таарав. Нэг ангид хамрагдах хүүхдийн тоо олон, ялангуяа нэгдүгээр ангийн зургаан настай 40 хүүхэдтэй ажиллахад хүүхэд бүрт хүрч ажилахад хүндрэлтэй, нэг бүлэг шинээр нээхээр төлөвлөсөн ч танхим хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлууд сургууль, цэцэрлэгт олон байгаа юм. Тиймээс ч 90 мянган хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж чадахгүйд хүрээд байгаа нь Монгол Улсын боловролын салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал болчихоод байна. Уг нь өнгөрсөн жилүүдэд цацсан 800 тэрбум төгрөгөөр дээрх 90 мянган жаалыг гудамжинд торойж, өвлийн хүйтэнд гэртээ цоожлуулах аюулаас “аварч” чадах байлаа.

Хичээлийн шинэ жилтэй давхцан замын ачаалал ч багагүй. Уг нь цаасан дээрх төлөвлөгөөнд бууснаар бол есдүгээр сарын 1 гэхэд зам засварын ажил аль хэдийнэ дуусчихсан байх ёстой байсан юм. Харамсалтай нь, энэ жилийн хувьд ачаалал авдаг гол гол замууд засварт орсноос болоод нийслэлчүүд зуны турш замын бөглөрөл, түгжрэлд ёстой л хамаг цагаа өнгөрөөсөн дөө.

Хүн машиндаа хахсан Улаанбаатарын хамгийн том зовлон бол замын түгжрэл. Засвартай байхад битгий хэл засваргүй үед замын түгжрэл ердийн үзэгдэл болоод удаж буй юм. Тиймээс хотыг ирэх дөрвөн жил удирдах эрх авсан Э.Бат-Үүл даргын гаргасан нэгэн шийдвэр бол машинуудыг замын хөдөлгөөнд дугаараар нь ялгаж оролцуулах.

Энэ шийдвэр энгийн иргэдийн хөл дүүжилдэг нийтийн тээврийнхэн болоод гал команд, түргэнийхэнд хамаагүй. Баатрын шийдвэр машинаасаа буух дургүй, бараг барааны газарт машинаа унаад замын ачаалал нэмдэг нөхдүүдэд хатуухан санагдсан байж магадгүй юм. Гэхдээ нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг ямагт дээгүүр тавигддаг болохоор Э.Бат-Үүл баатрын гаргасан дүрэм, журмыг алгаа ташин хүлээн авагсад гомдол шүүмжлэл гаргагсдаас хавьгүй олон байна лээ.

Шинэхэн мэрийн гаргасан нэгдүгээр эгнээг суллах бас нэгэн шийдвэр автобусаар ажил амьдралаа залгуулдаг ардуудын таашаалд багагүй нийцээд байгаа. Тиймээс шийдвэр гарсан эхний долоо хоногт такси барьснаас автобусанд суусан нь илүү хурдан болсон гэх хүмүүс олон байлаа. Нэгдүгээр эгнээг суллах журам зөвхөн хотын төвд л үйлчилж байгаа болохоос Баянхошуу, Долоон буудал, Толгойтод нэгдүгээр эгнээг чөлөөлөх нь битгий хэл автобусны урдуур дайраад л зүтгээд байгаа нөхдүүд олон байгаа л даа. Гэхдээ ямар ч байсан авто машиныг улсын дугаараар нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулах, хотын төвийн замд ажлын өдрүүдэд нэгдүгээр эгнээнд зөвхөн автобус л явна гэсэн шийдвэрийн ачаар замын хөдөлгөөний ачаалал харьцангуй буурсан гэх мэдээллийг Замын цагдаагийнхан өгч байна.

Хөдөөнөөс ирсэн баян оюутнуудыг саах “такси”-ныхны төлөвлөгөө ч энэ янзаараа бол бүтэлгүйтэх шинжтэй. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр аав ээжийнхээ хуруу хумсаа хуйхлан байж хураасан хэдийг нь такси, бааранд үрдэг оюутнууд харин автобусанд пиг.

Энэ жил шинээр 44 мянган оюутан их, дээд сургуульд элсэн орсон бөгөөд нийт 98 их дээд сургуульд175 мянган оюутан суралцана гэсэн тооцоог Боловсролын яамнаас гаргажээ. Оюутны тэтгэлгийг тэдэнд энэ сараас эхлэн олгож эхлэх юм байна.

Ургац хураалтын ажил дөнгөн данган эхэлж байгаа энэ үед нэмэх 25 градусын бүгчим халуунаас 13 хэм хүртэл эрс хүйтэрч, хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буйг сануулсан цагийн дохиог үл тоож болохгүй байх. Нэг л өдөр нэвсийтэл цас дарж, өвөл болохгүй юм шиг аашлах улстөрд У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёрын зодооныг эс тооцвол онцын чухал үйл явдал болсонгүй.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж