Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласантай холбогдуулан өчигдөр байгаль орчныг хамгаалах, ой модыг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг олон жил үр бүтээлтэй хийж ирсэн иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулсан. Тухайлбал, Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны иргэн О.Алтанцэцэг, Алтангадас одонгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Бяцхандаа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Ж.Даваа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Пүрэвжав нар шагнуулаад байгаа. Нийслэлчүүд бараг тэр аяараа мод тарих ажлаар амьсгалж байгаа энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нарын түүхэнд бараг анх удаагаа олгож байгаа энэхүү шагналын эздийн талаар сонирхуулахад, иргэн О.Алтанцэцэгийн “Номин-Од” ХХК 1998 оноос хойш жил бүр 20-50 га талбайд ойжуулалт хийж 2895 га талбайг хамгаалалтандаа авч ажиллажээ. Тус компани өнгөрсөн хугацаанд 806 сая нарсны тарьц бойжуулж, 6873 га талбайд 20.6 сая суулгацыг ойд шилжүүлэн суулгаж 60.4 сая тарьцыг улсын хэмжээний бусад аж ахуй нэгжүүдэд өгсөн байна. Ойжуулсан 4736 га талбайн 14.2 сая модноос 1227 га талбай буюу 3.7 сая модыг ойн санд хүлээлгэн өгсөн байна. Харин Ж.Бяцхандаа нь тариалангийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байгаа, 1999 оноос Фермер эмэгтэйчүүдийн холбоог байгуулан газар тариалангийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх, газар тариалан, туслах аж ахуй эрхлэх замаар орлого багатай өрхүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нийслэлийн болон хөдөө орон нутгуудад өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Тэр энэ чиглэлээрээ найман төрлийн ном, 20 гаруй төрлийн гарын авлага гаргасан бөгөөд 2007 оноос мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хотын утааг багасгахад идэвхтэй ажиллаж эхэлжээ. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Ж.Даваа 1992 оноос эхлэн өнөөг хүртэл 10-17 метрийн өндөртэй 1000 орчим модыг тарьж ургуулсан, жилд 20000-30000 модны үрсэлгээ бойжуулж бусдад түгээж цөлжилтийн эсрэг тууштай тэмцэж байна нэгэн гэнэ. Харин Хан-Уул дүүргийн иргэн Б.Пүрэвжав 1975 оноос эхлэн гацуур, царс, хуш, үхрийн нүд, давжаа алим, гүзээлгэнэ зэрэг 30 гаруй төрлийн 4000 гаруй мод, бут сөөг 6000 гаруй гоёлын цэцэг, 20 гаруй төрлийн хүнсний ногоо тарих өрхийн цэцэрлэг бий болгожээ. Сүүлийн жилүүдэд 100 гаруй оюутан, 300 гаруй сурагчид бусад ажил мэргэжлийн 150 гаруй иргэдэд мод, бут сөөг, цэцэш, хүнсний ногоо тарих хичээл зааж 40 гаруй өрхөд мод тарьж өгч, 100 гаруй хүнийг ажлын байртай болгожээ.
Б.ГАЛ