Б.Жавзмаа шөвгийн наймд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Б.Жавзмаа шөвгийн наймд өрсөлдөнө

"Лондон-2012" паралимпын XIV наадам дөрөв дэх өдөр манай тамирчдаас байт харвааны ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.

Манай улс энэ удаагийн наадамд жудо бөх (-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат), байт харваа (Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ), пара буудлага (Ц.Лхамсүрэн), хөнгөн атлетик (Ч.Мөнх-Эрдэнэ) гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцож байна.

Жудо бөхийн төрөлд манай хоёр бөх барилдсанаас -60кг-д А.Мөнхбат IX байр, -90 кг-д Д.Ганбат VII байр эзэллээ. Мөн эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн  XIV байрт шалгараад байна.

Эмэгтэйчүүдийн пара байт харвааны төрөлд манай хоёр тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Жавзмаа өнөөдөр хагас шигшээд шалгарах эрхийн төлөө харвана. Тэрбээр тэмцээний эхний өдрийн урьдчилсан харваанд 524 (258+266) оноогоор VIII байраар шалгарч, улмаар өчигдөр болсон шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (26:25, 26:26, 21:22, 25:25, 26:20) ялалт байгуулж шигшээ наймд Хятадын тамирчинтай оноолт таараад байна. Хятадын тамирчин Гао Фаншиатын хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0-оор буулган авсан байна. Өнөөдөр ОУХМ Б.Жавзмаа Хятадын тамирчинг буулгах аваас хагас шигшээд шалгарч, медалийн төлөө маргааш харвана.

ОУХМ Б.Оюун-Эрдэний хувьд урьдчилсан харваанд  516 оноогоор XI байраар шалгараад байсан бөгөөд тэрбээр өчигдөр болсон хасагдах шатанд VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарч, 2:6 (23:27, 23:25, 24:20, 23:24)-ийн харьцаагаар ялагдсан.




Хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд оролцох Ч.Мөнх-Эрдэнийн хувьд есдүгээр сарын наймны өдөр тэмцээндээ оролцоно.

Гурван өдрийн дараахь байдлаар 47 улс ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Хятад (20 алт, 15 мөнгө, 21 хүрэл), Австрали (11+5+13), Их Британи (9+16+11), Украйн (9+6+7), ОХУ (8+9+5) улсууд медалийнхаа тоогоор тэргүүлж байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж