Ц.Элбэгдорж Ираны Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Ираны Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлалаа 9 дүгээр сарын 1-ээс эхэлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмади Нежад Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд угтан авлаа. Энэ үед хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал хөгжимд эгшиглэв.

Ийнхүү угтах ёслол үйлдсэний дараа хоёр улсын Ерөнхийлөгчид хэлэлцээ хийж гурван чиглэлийн асуудлаар тохиролцоонд хүрлээ.




Нэгдүгээрт түүх судлалаар хамтарч ажиллахаар болов. Хоёрдугаарт  Ерөнхийлөгч нарын ивээл дор сан байгуулж, түүхээ судлах эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнуудад тэтгэлэг өгч сургахаар, мөн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Иранаас эрдэмтдийн баг илгээж эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулахаар тогтлоо. Гуравдугаарт эдийн засгийн хамтын ажиллагааг ахиц дэвшилд хүргэх асуудлыг судалж үзэхээр санал нэгдэв.

Хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг байдалд боллоо.

Хэлэлцээний дараа хоёр баримт бичиг гарын үсэг зурах ёслол боллоо. Хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд жил бүр зөвлөлдөх уулзалт хийх механизм бүрдүүлэх тухай санамж бичиг, визний  нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг судлах санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Иран Улсын Гадаад харилцааны дэд сайд Сейед Аббас Арагчи, Хасан Ашхаби нар гарын зурав.


Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж