Ц.Элбэгдорж Иран улсын дээд удирдагчтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Иран улсын дээд удирдагчтай уулзлаа

Лалын Бүгд Найрамдах Иран Улсад 2012 оны 9 дүгээр сарын 1-нээс хоёр хоногийн албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Иран улсын дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманейтэй уулзаж ярилцав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний 16 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсанд дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманейд баяр хүргэлээ.

-Бид түүхийн асар их харилцаатай улсууд. Монголчууд Ил хаант улс байгуулж энд байх үед персийн соёл өргөн дэлгэр хөгжсөн. Тэр үед уран барилгын дурсгал болох Өлзийт хааны бунхан баригдаж, мөн одон орон судлалын төвүүд, 600 оюутантай их сургууль байгуулагдсан. Ираны түүх мөн тэр үеэс л бичигдсэн байдаг. Тухайлбал Жуваны бичсэн түүх, бас Рашид ад Дины “Судрын чуулган” тэр үеийнх. Энэ бүхэн монголчуудын төр барьж байх үед манай урлаг соёл маш өргөн дэлгэр хөгжсөнийг хариулж байгаа юм. Тиймээс түүх соёлыг маань бичиж, хөгжүүлж өгсөнд нь персийн ард түмэн монголчуудад баярладаг. Хожим Төмөр хаан бас ираныг захирч байхдаа түүх, соёлыг маань хөгжүүлж өгсөн. Монголчууд бол перс хэлийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлсэн хүмүүс. Хойд Энэтхэгийг эзэлж, тэнд перс хэлийг ордны хэл болгон хөгжүүлж, тэр нь англичууд тус улсыг эзлэх хүртэл мөрдөгдөж ирсэн байдаг. Ийм өргөн дэлгэр түүхийн холбоотой ард түмнүүд учраас түүхээ хамтран судлах явдлыг дэмжиж байна гэж Аятолла Сейед Али Хаманей хэлэв.

-Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бид анхаарах болно. Монголчууд тулгар төрийнхөө 2200 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэсэн. Өнөө жил Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэ ойд төлөөлөгчөө оролцуулахыг албан ёсоор урьж байна. Төлөөлөгчөө ирүүлбэл бид баяртай хүлээн авна гэж Ерөнхийлөгч хэллээ. Мөн монголын перс судлаачдад тэтгэлэг олгосонд Ерөнхийлөгч талархал илэрхийлээд ираны монгол судлаач гурван хүнд Монголд суралцах тэтгэлэг олгож байгаагаа мэдэгдэв.

Сонирхуулахад ираны сэхээтэн хүмүүс Монголын Ил хаант улсын хаан Өлзийт тус улсад лалын аядуу урсгал шийтийг төрийн шашин болгосон гэж үздэг юм байна. Түүнээс өмнө нэлээд хатуу урсгалыг даган мөрддөг байжээ. Энэ утгаараа иранчууд сэхээтнүүд монголчуудыг Иран улсын хувьд ч, лалын шашны хувьд ч хөгжил цэцэглэл, соёлыг авчирсан хүмүүс гэж үздэг ажээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж