Афганистаны төв хэсгийн Вардак муж дахь НАТО-гийн бааз руу өчигдөр хоёр амиа золиослогч халдан бөмбөг дэлбэлсэн байна. Үүний улмаас есөн энгийн иргэн, дөрвөн цагдаа амь үрэгдэж, 68 хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын ихэнхийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд маш хүнд шархадсан хүмүүсийг Кабул хотын эмнэлэг рүү аваачсан байна. Хоёр тусдаа болсон халдлагыг талибанчууд үйлдсэн болохоо хүлээжээ. Эдгээр халдлага Сайдабад дүүрэг дэх цэргийн анги нэгтгэл байрлаж байсан нутгийн захиргааны байранд болсон байна. Үүний улмаас ойролцоох байшин, дэлгүүрүүд дэлбэрэлтэд өртөн сүйрчээ. Энэ хоёр халдлагад орон нутгийн иргэд болон цагдаа нар өртсөн бөгөөд НАТО-гийн хоёр цэрэг шархадсан байна.
Б.АНХТУЯА