Гурилын үнийг гадаад зах зээлээс яаж хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Гурилын үнийг гадаад зах зээлээс яаж хамгаалах вэ?

Гурилын үнийг гадаад зах зээлээс яаж хамгаалах вэ?

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр гурил үйлдвэрлэгчид
болон газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар талууд
газар тариалангийн салбарыг гадаадын зах зээлээс хэрхэн хамгаалж
үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх вэ гэдэг гарцыг хайсан юм.

Монгол
Улсад 2008 оноос өмнө газар тариалангийн салбар үндсэндээ уналтад орж,
гурилынхаа хэрэгцээг бараг 80 хувь шахам гадаадаас хангадаг байсан бол
Засгийн газраас Атар газар эзэмших III аяныг хэрэгжүүлснээр өнгөрсөн
жилээс эхлэн дотоодоос хураан авсан улаан буудайгаар хэрэгцээгээ бүрэн
хангах боломжтой болсон юм. Өнөө жилийн хувьд ч ургац арвин хураах
мэдээлэл байна. Тодруулбал, 400 мянган тонн орчим улаан буудай хураан
авна гэсэн мэдээллийг холбогдох яамнаас гаргажээ. Гэвч нөхцөл байдлыг
авч үзвэл хураан авсан улаан буудайгаа ямар үнээр борлуулж, гурил
үйлдвэрлэгчидтэйгээ зохицох вэ гэдэг бэрхшээлтэй тулаад байна. Учир нь
гурил үйлдвэрлэгчдийн тайлбарласнаар бол жилээс жилд гурилын хэрэгцээ
буурч байгаан дээр өнгөрсөн жилийн 160 мянган тонн улаан буудай
агуулахад борлогдохгүй хэвтэж байгаа аж. Дээр нь Монгол Улсад жилдээ
ОХУ-аас 65 мянган тонн гурил орж ирдэг, энэ нь дотоод зах зээлд
үйлдвэрлэсэн гурилыг борлуулахад хүндрэл үүсгэдэг. Шалтгаан нь хойд
хөршөөс оруулж ирсэн гурил дотоодын гурилаас хямд үнэтэй борлуулагддаг,
дээр нь гурил худалдаж авсан компаниудад НӨАТ-ын буцаан олголт өгдөг
зэрэг хэд, хэдэн давуу тал байдаг аж. Мөн тариаланчид улаан буудайгаа
ахиу үнээр гурил үйлдвэрлэгчдэд худалдах хүсэл эрмэлзэлтэй байдаг бол
гурил үйлдвэрлэгчид нь хямд үнээр авахыг эрмэлздэг. Дэлхийн зах зээлд
хэдийгээр улаан буудайн үнэ өссөн дүр зураг харагддаг ч хойд хөршөөс
худалдан авсан улаан буудайгаар гурил үйлдвэрлэх нь гурил үйлдвэрлэдэг
компаниудад арай өртөг зардал бага тусдаг аж. Гэтэл нөгөө талд нь
үндэсний тариаланчдын улаан буудай борлогдохгүйд хүрдэг. Засгийн газраас
гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 350
мянган төгрөгөөр үнэлсэн, өнөө жил ч энэ үнийг барих ёстой гэдэг
тулгалтыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өгч байна. Үүнээс доош
улаан буудайн үнэ буувал тариаланчдад ашиггүй. Харин гурил үйлдвэрлэгчид
ийм үнээр улаан буудай дотоодоос худалдаж авч гурил хийвэл өнөөдөр
нэгдүгээр зэргийн гурил 550-560 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг
барих боломжгүй, яалт ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс
аргагүйд хүрнэ гэлээ. Учир нь ОХУ-аас нэг тонн улаан буудайг 250 мянган
төгрөгөөр худалдан авснаар гурилын үнэ дээр заасан үнийг барьж буй.
Тиймээс газар тариалан эрхлэгчид хийгээд гурил үйлдвэрлэгчдээ хэрхэн
ашигтай ажиллах нөхцлөөр хангах вэ гэдэг асуудал Үйлдвэр хөдөө аж ахуйн
яамны өмнө тавигдаж байна.

Хоёр дахь асуудал нь гурил үйлдвэрлэгч
компаниудын нэлээд нь өнгөрсөн жил өрөнд унажээ. Энэ нь Засгийн газраас
тогтоосон улаан буудайн үнэтэй шууд холбогдож буй аж. Зарим гурилын
компаниуд хөл дээрээ зогсож чадаагүйгээс нэг тонн нь 350 мянган
төгрөгийн үнэтэй дотоодынхоо улаан буудайг өр тавин авч гурил
үйлдвэрлэжээ. Гурилыг үйлдвэрлэж байгаа өртөг нь бараг 550 төгрөгтэй
тэнцэх жишээтэй. Иймээс энэ асуудалд салбарын яам анхаарах ёстойг ч
үйлдвэрлэгчид хэлсэн. Дээр нь дотоодод асар их хэвэг агуулахад
хадгалагдаж байгаа тухай яриа үүсэв. Өвөл нь аймгууд руу ачуулж
нэлээдийг шингээдэг, тэгсэн ч цаана нь үлддэг. Уг нь өмнөд хөрш рүү
эскпортлохоор зарим компаниуд яриа хэлцэл хийсэн ч төрийн
байгууллагынхны хүнд суртал тэр дундаа Улсын мэргэжлийн хяналтын
газрынхан Хятадын холбогдох байгууллагынхантай яриа хэлэлцээр хийж
чадаагүй нь хивэг борлуулалтад нөлөөлсөн гэх асуудал ч чих дэлслээ.

Ямар
ч байсан энэхүү хурлын уур амьсгалаас ажиглагдсан зүйл нь Монгол Улс
дотооддоо улаан буудайгаа тариалаад, 100 хувь хангачих бололцоотой
болчихож, харин тэрхүү ургуулсныгаа хэрхэн дотооддоо шингээж, гурил
үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн болгон хүн ардынхаа хэрэгцээг хангадаг зөв
тогтолцоонд шилжүүлэх вэ гэдэг хамгийн анхаарал татсан сэдэв болж
үлдлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж