Чанартай боловсролын төлөө ажиллах болно гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Чанартай боловсролын төлөө ажиллах болно гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагч багш нарт хандаж сурагч байхдаа есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр гэж дуулах дуртай байснаа дурсаад одоогоос олон жилийн өмнө гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг ингээд зогсож байсан. Их сургуулиа төгсөөд багш болсон. Тиймээс би багш, сурагчид та бүхний нэг юм гэлээ.

Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг илэрхийлээд энэ бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухлыг онцоллоо.  

Лондонгийн зуны XXX олимпод Монголын тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа 5 медаль авсан. Нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор манай улс дэлхийд долдугаарт жагсаж байна. Энэ амжилтыг урагшлуулах эзэд нь сурагчид, багш нар, эцэг эхчүүд, 44 дүгээр сургуулийнхан Та бүгд байгаарай гэж Ерөнхий сайд ерөөгөөд тус сургуулийн хашаанд спортын цогцолбор барьж өгнө гэж амлалаа. Харин сайхан талбайтай болсны дараагаар биеийн тамир, спортоор хичээллэж эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг ямагт санаж, хөдөлмөрлөнө гэдэгт найдаж байгаагаа Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг илэрхийллээ.

Нээлтийн ажиллагааны дараагаар Ерөнхий сайд анги танхимуудтай танилцаж, багш сурагчидтай яриа өрнүүлж, хүндрэл бэрхшгээл байгаа эсэхийг асууж сонирхлоо.  Нэг ангид хамрагдах хүүхдийн тоо олон,  ялангуяа нэгдүгээр ангийн зургаан настай 40 хүүхэдтэй ажиллахад хүүхэд бүрт хүрч ажилахад хүндрэлтэй, нэг бүлэг шинээр нээхээр төлөвлөсөн ч танхим хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлуудаа багш нар Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.  

Энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхантай уулзахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч Монгол төрийн музейтэй танилцаж, Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой болсон. Монголчууд бид төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Залуучууд та нар Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, их түүхээ мэдэж, түүгээр бахархаж, омогшиж явах учиртай юм. Ийм агуу түүхтэй улс орны минь ирээдүй та бүхний гарт бий. Тиймээс өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, хөдөлмөрлөх учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төгсөх ангийнханд зөвлөлөө. Нийслэлийн  44 дүгээр сургуульд энэ жил 2200 хүүхэд суралцахаас 225 нь зургаан настай, сургуулийн босгоор анх алхаж байгаа бяцхан сурагчид, харин 148 нь ирэх хавар сургуулиа төгсөх хүүхдүүд юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанас мэдээллээ.  

Сайд нар зөөврийн компьютер гардууллаа

Энэ өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар нийслэлийн 53 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож зөөврийн компьютер гардууллаа.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 2008 онд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагчдад ногоон компьютер олгох эхлэлийг тавьсан. Энэ хөтөлбөр өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн 23 сургуулийн 5 болон 8 дугаар ангийн сурагчид зөөврийн компьютертэй болсноор үргэлжиллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж