УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр Нийслэлийн тэргүүний 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургууль нь Монголдоо анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. УИХ-ын дарга хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 763 сургуульд 506.8 мянган хүүхэд сурч хүмүүжинэ. Үүнээс 49.4 мянган бяцхан иргэн шинээр элсэн суралцаж байна. Боловсролын салбарт улсын төсвийн нийт зардлын 20 хувийг зарцуулж байгаа. Энэ бол чамлахааргүй хөрөнгө оруулалт. Танай сургуулийн хамт олон Нийслэлийн тэргүүний сургууль болж, цахим хөтөлбөр хэрэгжүүлж сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний сурах арга барил, сургалтын чанарыг сайжруулахад амжилт гаргасныг энд дурдахад таатай байна” гээд тэдэнд сурлагын өндөр амжилт хүслээ.
УИХ-ын зүгээс бүх шатны боловсролын тогтолцоог хөгжлүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд анхаарч Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тухайлбал, ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх, багш нарт үр дүнгийн урамшуулал олгохыг хуулиар баталгаажуулсан байна. Нийслэлийн 84 дүгээр сургуулийн хувьд өнөө жилийн хичээлийн шинэ жилийг бага ангийн 35, дунд ангийн 27, ахлах ангийн долоон бүлэг нийт 330-аад сурагч, 160 гаруй багш ажилчидтайгаар угтаж байгаа аж. Монголын анхны цахим сургууль гэдгээрээ цахим хичээлийн сантай, хичээлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг сайтуудаас татаж авдаг, багш, сурагч, эцэх эхчүүд онлайнаар холбогдож мэдээлэл солилцох боломжтой зэрэг давуу талуудаа тус сургуулийн захирал С.Марта онцолсон. Мөн цахим номын сан нь 15 компьютер, 40 мянга гаруй номтой. Дэлхийн нэвтэрхий толь “Британика” англи хэл дээр Монголд хоёрхон байдгийн нэг нь 84 дүгээр дунд сургуульд байдаг гэдгийг номын санч Д.Доржгарав хэллээ.
Мөн тус сургууль нь танхимдаа 160-аад компьютер, 50 гаруй телевиз, хяналтын 80-аад камер суурилуулсан нь сурагчдынхаа аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлсэн шинэчлэлт болж чаджээ. Түүнчлэн 7-11 дүгээр ангийн сурагчдын дунд түвшинг ахиулах албан бус сургалт зохион байгуулдаг гэнэ. Харин энэ жилээс англи хэлний түвшин ахиулах, хүүхдийн баруун тархийг хөгжүүлэх шинэ сургалтууд эхлүүлэх аж. Гэхдээ улсаас шийдүүлэх шаардлагатай бэрхшээлүүд бий гэдгийг захирал С.Марта хэлсэн. Тухайлбал, сургуулийн дээвэр муудсан, хүүхдийн үдийн цайны мөнгө хүрэлцдэггүй, албан бус сургалт зохион байгуулах эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг тулгамдсан асуудлууд байгаагаа УИХ-ын даргад уламжиллаа.
Зарим нэгийг дурдвал, улсаас жил бүр сургуулийн засварт мөнгө төсөвлөдөг ч хүрдэггүй учир дараа жил нь дахиад засвар хийх шаардлага гардаг аж. Хөрөнгө мөнгийг ахиу шийдээд өгвөл сургуулийн дээврийг тэр чигт нь солих боломжтойн зэрэгцээ сургуулийг өргөтгөх шаардлага ч бий. Учир нь жилээс жилд сурагчдын тоо өсч байгаа нь нэг ангид байх хүүхдийн тоо стандтартаас хэтэрсэн нь хичээллэх танхимыг нэмэгдүүлэхээс аргагүйд хүрч буй юм байна. Харин хүүхдийн үдийн цайнд 400 төгрөг төсөвлөж байгаа нь өдөрт 1 ширхэг боов, 1 аяга аарц, эсвэл жүүснээс илүүг авч хүрдэггүй аж.
Тус сургуульд тулгарсан бас нэг асуудал нь сургуулийн хашааны өмнөх газар компаниудын эзэмшилд очжээ. Энэ нь тухайн газрыг сургуулийн эзэшлийнх гэдгийг баталгаажуулж чадаагүйтэй холбоотой аж. Уг нь тэдгээр компаниуд уг газрыг бараг 10-аад жилийн турш хашаалаад юу ч бариагүй боловч Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг хотын төвд шинээр орон сууц барих захирамж гаргангуут хүнд даацын авто машинууд авчран газар шорооны ажлыг эхлүүлжээ. Харин энэ тухай мэдээллийг УИХ-ын дарга сонсоод УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нарыг газрын учрыг олж аль болох сургуулийн эзэмшил байдлаар үлдээх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болгосон юм.