Хичээлийн жилийн босгон дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөрийн дэмжлэг санаачилгаар тус сурргуулийн номын сан, “Багш хөгжлийн төв”-ийг засварлаж орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй болохын зэрэгцээ утасгүй интернэтийн орчинтой болжээ. Сургуулийн багш, сурагчид суруулийн аль ч цэгээс хүссэн мэдээ мэдээллийг олж авах бүрэн боломжтой болсондоо баяртай байна гэцгээж байлаа.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Л.Ганмөтөр сайд хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баяр хүргээд “Энэ удаагийн хичээлийн шинэ жилд бид цоо шинэ зорилт дэвшүүлж байгаа. Энэ цоо шинэ зорилт нь Монголын Боловсролын салбарын 90 жилийн хөгжилд олж авсан амжилт, ололтыг бататгаж, тэр олсон амжилт ололт дээрээ суурилсан зорилтууд байгаа юм. Энэ зорилтын томъёололыг өнөөдөр хоёрдугаар сургууль уриа болгож бичсэн байгааг хараад үнэхээр баярлаж байна. “Зөв монгол хүн” гэдэг томъёололоор томъёологдож, зөв монгол хүнийг хөгжүүлэх, өнөөдрөөс эхлээд Монголын бага дунд, их дээд сургуулиуд хүний хөгжлийн төв болохыг зорьж байгаа. Хүний хөгжлийн төв болох зорилтыг дэвшүүлж, ажиллах хүрээнд бидний хамгийн түрүүнд хийх ажил бол хүүхэд бүр рүү хандах. Хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд бүрийн авьяасыг нээсэн, хүүхэд бүрт тусласан шинэчлэлийн бодлого байх болно. Энэ хичээлийн жилээс шинэ зорилт дэвшүүлж байгаатай уялдуулаад манай эцэг эхчүүд цоо шинэ амьдралын хэв хэмнэлд шилжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Хүүхдүүдээ сургуульд даатгаад орхидог, цэцэрлэгт даатгаад орхидог биш. Хүүхэдтэйгээ ярилцдаг, хүүхдээ ойлгодог, хүүхдээ дэмждэг, хүүхэддээ тусалдаг, хүүхэдтэйгээ хамт байдаг, хүүхдийнхээ сургууль цэцэрлэг дээр ирдэг, асуудалд нь оролцдог санаачилгатай байхыг бүх эцэг, эхчүүдээсээ уриалж байна” гэсэн юм.
Сонирхуулахад, хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр бяцхан сурагчид төдийгүй эцэг, эхчүүд шинэхэн сайдтай зургаа авахуулах гэж нэлээд дугаар үүсгэж байсан нь өмнө нь тэр бүр харагдаагүй содон үзэгдэл байлаа.