Монгол шашны хүлэмж үү?

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Монгол шашны хүлэмж үү?

Ардын хувьсгалын жилүүдэд эрс буурсан чөтгөрийн тоо ардчиллаас хойш
огцом нэмэгдсэн юм. Тооны хувьд өмнөхөөсөө өсөөд зогсохгүй төрөл зүйл нь
ч баяжжээ. Бараг дан ганц бурхны шашинтай шахуу явсан Монгол ерээд
оноос хойш дэлхий дахинд түгэн дэлгэрсэн сүсэг бишрэл бүхэнд хаалгаа
цэлийтэл нээлээ. 1980-аад оны дундуур явуулсан судалгаанд бидний 80.4
хувь нь шашин шүтдэггүй гэж хариулсан бол 1994 онд Ерөнхийлөгчийн тамгын
газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар хийсэн
судалгаагаар 71.1 хувь нь шашин шүтдэг гэсэн дүр зураг харагджээ. Монгол
дахь АНУ-ын Элчин сайдын яамны сайтад нийтлэгдсэн 2010 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл
“2010 оны эхний байдлаар тус улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм
хийд байгаагаас 254 буддын, 198 нь христийн, 44 исламын, 7 нь бөө
мөргөлийн, 5 нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд ажээ.
2010 оны эхний хагас жилд Улсын бүртгэлийн ерөнхий газар христийн 37,
исламын 20, бөө мөргөлийн 2 сүм хийдийг нэмж бүртгэжээ” гэсэн байна.
Манайд шашинтай холбоотой судалгаа үгүйтэй адил, МУИС-ийн багш, доктор
С.Цэдэндамбагийн 2003 онд хэвлүүлсэн Монгол улс дахь шашны нөхцөл байдал-аас өөр барих зүйл алга. Харин 2010 он хийсэн Хүн ам, орон сууцны тооллого
шашин шүтлэгийн асуулт оруулснаар 15-аас дээш насны монголчуудын 53
хувь нь бурхны шашинтан болохыг илрүүлжээ. Гэвч энэ их эргэлзээтэй тоо.
Жилдээ ганц ламаар ном уншуулсан, талийгаачийн хойтын буяныг
гүйцэлдүүлсэн, өөрийгөө бурхны шашинтан гэж хэлснээр нь хүний сүсэг
бишрэлийг тодорхойлох аргагүй. Сүсэгтэн гэдэг тогтсон зан үйлтэйгээс
гадна, тодорхой ёс суртахууны хэм хэмжээтэй хүнийг хэлдэг.  

Нөхцөл
Хүн
бүрт өөрийн сүсэг бишрэлийг түгээх гэсэн шашнуудын хувьд ерээд оны
Монгол атар, бурхны шашинд бол бараг соривгүй эдгэсэн хуучин эдэлбэр
газар байлаа. Энэ талаасаа гарааны нөхцөлийг нь бараг ижилд тооцож
болохоор. Одоогийн манай христ сүсэгтнүүд Монголд өөрсдийнх нь шашин
гурвантаа дэлгэрсэн гэж үздэг. Энэ тухай баримт сайтай өгүүлэл www.nomart.miniih.com блогт байна. Бурхны шашныг ч мөн гурвантаа Азийн цээжинд дэлгэрсэн хэмээдэг.

Библийг
монгол хэлнээ орчуулсан Жон Гибэнс гэх Английн иргэн Монголд христийн
шашин дэлгэрсэн түүхтэй салшгүй холбоотой. Энэ хүн 1972 онд Монголд хөл
тавьж, МУИС-д Монгол судлалаар суралцаж эхэлсэн аж. Тэр цагаас л тэрбээр
Библи судрыг орчуулсан гэдэг. Ингээд Монгол нээлттэй болоход Хонконгийн
Олон улсын Библийн нэгдсэн нийгэмлэгийн дэмжлэгээр хэвлүүлэн 1991 оноос
хаа сайгүй тараажээ. Зөвлөлтийн мэргэжилтний орыг залгасан Барууны
болон Өмнөд Солонгосын христийн сүсэгтнүүд харин номлогчийн үүрэг
гүйцэтгэсэн юм. Англи хэл сурах эрмэлзэлтэй монгол залууст тэд л анх
Библи бариулсан гэж Библийн сургалтын төвийн захирал Ж.Пүрэвдорж дурсав.
Жон Гибэнс гэртээ дөрөв таван залуутай Бүтэн сайны мөргөл үйлдэх болж.
Тэдгээр залуус өөрсдөө энэ шашныг өмнө нь ямар нэг хэмжээгээр
сонирхогчид байсан гэнэ.

Манай соёл урлагийн салбар элгээрээ хэвтсэн тэр жилүүдэд монголчууд үнэгүй үзсэн Inspirational films-ийн бүтээл Есүс
Campus Crusade for Christ-ийн хүчээр Монголын сум бүхэнд хоёронтаа
“дахин амилжээ”. Ингээд Монголд загалмай бослоо. Нийгмийн хуучин бүтэц
нь эвдэрсэн тал нутагт бүх орон зай эзгүйрч, ангаж цангаж эхэлсэн нь
шашны дэлгэрэлтэд таатай орчин болсон мэт харагддаг. Маркс гэдэг
бурхантай, Ленин хэмээх багштай, Капитал гэгч судраас гадна
нам, эвлэл, пионер зэрэг шат шатны сүмтэй коммунизм гэгдэх шашны хоосон
буурийг эзэлж авах ариун дайн дэгдсэн юм. Оюун санааны болоод
материаллаг хэрэгцээний гүн дутагдалд автсан нийгэм ардаа дэмжлэгтэй,
олон жилийн дэг жаягтай христийн болон бусад гадны шашинд таатай нөхцөл
байлаа. Харин далан жил уламжлалаасаа тасарсан, үзүүлэнгийн төдий бурхны
шашинд байдал үнэндээ хүнд туссан. Монголын бурхан шашинтны төв
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Тэр үед Гандан шинээр
үүсч байсан хийдүүдэд бурхан шүтээн, ном судар өгөх зэргээр аль
чадлаараа тусалсан” гэв. Бурхны шашныхны ард ганц Гандан л байлаа.
Тиймээс одоо ч хүмүүс бурхны шашны сүм хийдийг “Гандан” гэж ярих нь бий.
Утга зохиол, урлагт олон жил сөрөг дүрээр тодорсон лам нарт “уламжлалт”
гэдэг үг л нөмөр нөөлөг нь болжээ.

Монголын мусульманы
нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Батырбек “Социализмын
жилүүдэд мечетгүй боловч зан үйл нь байсан болохоор Монголд исламын
шашин байсан” гэж үздгээ хэлэв. 1990 онд Кувейтэд суугаа Элчин сайд
К.Саирааны үүсгэсэн Монголын мусульманы нийгэмлэг бурхны шашинтай адил
нөхцөлтэй тулсан ч гадны дэм чамгүй авсан аж. Үүн дээр цөөн тоот
үндэстний нэгдэн нягтрах зөн, К.Саирааны овсгоо самбааг ч нэмэх
хэрэгтэй. Шүтэх эрх чөлөөг хуулиар тунхагласан эхний жилүүдэд монголчууд
хуйгаараа аль нэг шашны харъяанд орсон байлаа. 1994 онд явуулсан
судалгаагаар манай хүн амын 79.5 хувь нь буддын, 3.8 хувь нь христийн,
11.6 хувь нь исламын, 2 хувь нь бөөгийн, 2.7 нь бусад шашны сүсэгтэн гэж
өөрийгөө тодорхойлжээ. Соёл-Эрдэнийн Миний нэр хувьсгалт Монгол дуунд бүжиж явсан монголчууд ийнхүү бүрэн шашинжлаа.

Цэцэглэлт
2003
оны судалгаанд монголчуудын 77.8 хувь нь өөрийгөө ямар нэг сүсэгтэй гэж
хариулжээ. С.Цэдэндамбагийн бичсэнээр “Өмнөх жилүүдэд манай нийгэмд
шашин, сүсэг бишрэл өнөөгийнх шиг ийм байдлаар, бүрэн цогц шинжээрээ
оршиж байсангүй”. Нэг үгэндээ шашин цэцэглэв.

Монгол орон хилээ
нээхэд орж ирсэн тусламжийн байгууллагын ажилтнууд бүгд христийн
сүсэгтнүүд байсан гэдгийг Сингапурт теологийн бакалавр зэрэг эзэмшсэн
Ж.Пүрэвдорж нотоллоо. Юун түрүүнд Монголд туслах, удаад нь шашнаа
дэлгэрүүлэх чин эрмэлзлэл тээсэн хүмүүс ерээд онд төр засгийн хэмжээнд ч
ажиллаж байжээ. Христийн сүсэгтний мөн чанар нь итгэл үнэмшлээ бусдад
түгээхэд оршдог учраас тэд шашнаа дэлгэрүүлсэн хэмээн Ж.Пүрэвдорж
онцолсон юм. Түүнээс биш аль нэг гачигдлаар нь далимдуулах муу арга
хэрэглээгүй гэв.

Мөн 2000 оныг хүртэл Монгол улс шашны ажилтны
виз олгодоггүй байсан тул тусламжийн болон ТББ-ын шугамаар л христийн
миссонерүүд орж ирэх боломжтой байж. 1992 оноос монгол пасторуудыг
бэлтгэхийн тулд гадаадын нэртэй теологийн доктор, профессорууд жуулчны
визийн хугацаанд нэг нэгнээ залган ирж семинар явуулах болжээ. Үүнийг
Америкийн иргэн хятад тэрбумтан санхүүжүүлсэн гэнэ. Эндээс өнөөдрийн
олон монгол номлогч төрсөн байна. Монгол нутагт 396 салбартай Монголын
Эвангелийн Эвслийн чуулганууд 2020 гэхэд сүсэгтнийхээ тоог хүн амын 10
хувьд хүргэх зорилт тавьсныг олж үзлээ. Харин 2010 оны тооллогоор
христийн шашинтны тоог 35-40 хувиар дарсан байх гэж Ж.Пүрэвдорж яриад
өөрийнх нь хар тооцоогоор 90-100 мянган христ итгэлтэн бий гэлээ. Энэ
тоонд зөвхөн протестант чиглэлийнхэн л багтах юм. Христийн сүмүүд
гишүүдээ бүртгэдэг бас тогтмол ажиллагаатай тул дээрх тоо магадтай эд.   
   
1995
онд байгуулагдсан Библийн сургалтын төв Монголын шашин шүтлэгийг үгүй
хийсэн Зөвлөлтийн цэргийн хуучин байшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ
бол сертификатын, бакалаврын болон магистрын зэрэг олгодог Азийн
теологийн холбооноос итгэмжлэгдсэн төв. Монгол чуулган гэгдэх христийн
сүмүүдийн пасторууд эндээс төрнө. Харин Есүс Христийн хожмын үеийн
гэгээнтнүүдийн сүм нэг жилийн дотоод сургалтаараа гэрчилгээ олгодог ч
түүгээр ямар нэг онцгой эрх эдлэхгүй гэдгийг тус сүмийн Ажлын албаны
захирал У.Соёлмаа зориуд онцоллоо. 1993 онд Монгол нутагт ирсэн тус
сүмийн 21 салбарт өдгөө 10 мянган гишүүн бүртгэлтэй. Мормон гэж бид
нэрлэдэг уг шашны байгууллага өөрсдөд нь хандсан хүмүүст ганц удаагийн
тусламж үзүүлэхээсээ илүү амьдралаа өөд татаж сурахад нь голчлон
анхаардаг хэмээн У.Соёлмаа ярилаа.

Монголд
нутагшаад хорин жилийг үдсэн Адвентист сүм харин хэн хүнийг ялгадаггүй
гэж тус чуулганы Шашны эрх чөлөө болон Олон нийтийн харилцаа хариуцсан
ажилтан О.Адъяахүү хэлсэн юм. Америкийн нэгэн гэр бүл Монгол газар
үүтгэсэн Адвентист сүмээр хот хөдөөгийн 22 сүм, цуглааны 600-700
сүсэгтэн овоглож байгаа аж. О.Адъяахүү өөрөө Филиппинд теологийн
боловсрол олсон ба хойтонгоос Монголдоо тийм хэмжээний сургалт явуулах
хүсэлтэй яваа юм. Хүмүүст материаллаг тусламж үзүүлэхээсээ илүүтэй хувь
хүний хөгжилд анхаардаг гэх тус сүмийн төв байр 10 дугаар хороололд бий.
Ромын Папад шууд захирагддаг Монголын католик шашин ч мөн л хорин насны
босго алхахдаа нийт 520 гаруй ариун угаал үйлджээ. Хатуу чанд
уламжлалаа ягштал дагадаг сүмийн сүсэгтэн Б.Энх Солонгосын Дайжуны
католик шашны сургуульд явсан ба төгсөөд болж өгвөл эх орондоо ном
сургаалиа дэлгэрүүлэх хүсэлтэйгээ ярьсан байна.

Монголын
мусульманчууд анх дөрвөн хүүг Казахстан руу илгээж байсан бол одоо
имамуудаа ихэвчлэн хэл ойролцоо Туркт бэлтгэж байна. Үүнд өөр шалтгаан ч
бий, Османы эзэнт гүрний төрийн шашин байсан сүннитийн ханафит гэгдэх
аядуу зөөлөн исламын суртлыг казакууд дагадаг, үүнийг туркууд харьцангуй
модернжуулсан гэнэ. Одоогоор Египетэд гучин залуу суралцаж байгаа бол
Саудын Арабын Мединагийн их сургуулиас теологийн боловсрол олсон имам ч
бий, тэдний нэг нь Х.Батырбек өөрөө юм. Монголын мусульманы
нийгэмлэгүүдийн холбоо одоогоор бусдыг “уруу татахаасаа” илүү “Шашнаа
мартсан казакууддаа л ойлгуулж авъя” гэдэг зорилготой гэж Х.Батырбек
ярилаа.       

Зөрчил
Олон
шашин орж ирснээр Монголд шашин хоорондын мөргөлдөөн гарна гэх хүмүүс
байдаг. Хэрэг дээрээ харин нэг нь нөгөөтэйгөө бус өвөр зуураа хэрүүл ам
хийж, тэмцэлдэн зөрчилддөг бололтой. “Миний гэлэнгүүд л миний шашны
мөхөөнө” гэдэг Буддагийн үг энд бүх шашинд хамаатай болоод явчихна.
Цагаан сар дөхөөд ирэхээр Их хүрээ хийдийн хамба З.Санждорж Чой хамбыг
элдвээр дайрахыг монголчууд андахгүй ч христийн шашнуудын мөчөөрхөл тэр
бүр хэвлэлээр гараад байдаггүй.
   
Монголын Эвангелийн Эвсэлд
багтдаг сүмүүд мормон, адвентист, иоговын гэрч зэрэг христүүдээ культ
буюу буруу номтон гэж цээрлэдэг. Үүний шалтгааныг “Бид дэлхий даяар
нэгдсэн сүлжээ бүхий удирдлагаар хангагдсан байдагтай холбоотой” гэж
Адвентист чуулганы О.Адъяхүү тайлбарлав. Харин У.Соёлмаа “Би нэг их
культэд итгэхээр тэнэг хүн биш байгаа биз дээ” гэдэг үгээр хариулсан юм.
Мөн тэрбээр “Хүнээс сонссон үгээ ярьж явах мөртөө очоод үзээч гэхээр
“Би мормон хүнтэй үг солихгүй” гэдэг гээд “Бид бурхандаа итгэнэ бусдад ч
бас итгэх боломж олгодог” гэлээ. Тэгээд манай сүмийг мууллаа гээд бид
хэрүүл тэмцэл хийдэггүй гэсэн түүнийг үгийг мөн л культ гэгдэх Адвентист
чуулганы О.Адъяахүү давтсан юм. Хоёр жилийн өмнө нэгэн христ сүсэгтэн
Мормон руу давшлахад өмнө нь эдний теологийг буруушааж байсан Монголын
Эвангелийн Эвслийн гүйцэтгэх захирал В.Дүгэрмаа өмгөөлсөн хэмээн
У.Соёлмаа таатай дурсамжаа хуваалцав. Нэг ертөнцийн эзэнд залбирагсад
бие биенээ ойлгохгүй явахад бусад монголчууд тэдэнд эргэлзэх нь хэр юм
биз ээ.
   
Бидний мэдэхээр христ, ислам хоёр хоорондоо дайтаагүй
ч нэг нэгэндээ таагүй ханддаг. Ерээд онд христийн сүмийнхэн Баян-Өлгий
аймагт олон удаа Авралын зараа тараахаар очиход нь хөөж явуулсан гэдгээ
Х.Батырбек нуулгүй ярив. Христийнхэнд “Бид уугуул шашнаа сэргээх гэж
ядаж байхад та нар битгий үймүүлээд бай” гэж уцаарласан нь нэг талаар
түүний түмэн зөв мэт. Адвентист О.Адъяахүү исламын шашин улс төр, соёл
заншилд нь нэвт шингэсэн мусульманы ертөнц маш хаалттай нийгэм гэсэн бол
христийн номлогч Ж.Пүрэвдорж Баян-Өлгийд христ итгэлтэн бий гэдгийг
дурдав. Монголын Эвангелийн Эвслийн сайтад тавьсан мэдээгээр бол исламын
Өлгий нутгийн дөрвөн ч суманд Ертөнцийн эзэн “хонь”-той болсныг
харуулжээ. Үүнийг харин Х.Батырбек эрс үгүйсгэж байлаа. Тэрбээр “Манай
ядуу иргэд зүгээр л өгснийг нь авсан, түүнээс шашин соёлоосоо урваагүй”
гэв.
   
Шашин суртлууд өвөр зуураа толхилцохоос гадна тэр
чигтээ нийгэмтэйгээ зөрчилдөх нь ч бий. Христийн шашныг Монгол даяар
сурталчлан явсан анхдагчид чамгүй зовлон туулжээ. Сүсэг бишрэлээсээ
үүдэн ах дүү, төрөл садантайгаа тангараг тасарсан хүн олон. Ертөнцийн
эзэн “нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа өг” гэж сургасан ч
Ж.Пүрэвдорж зарим нэгэнтэй энгэр заамаа хуваалцаж явсан ч удаатай гэнэ.
Мөн У.Соёлмаа сүмийнх нь гишүүнийг сүсэг бишрэлээс нь үүдэн ажлаас
халсан гэдгийг ярьсан юм. Архи дарс, алиа цэнгэлээс хол байх тангарагтай
мормон хүн Баасан гариг бүхэнд найр хийдэг хамт олноосоо “нуугдах”
боломжгүй байжээ. У.Соёлмаа “Бид нар Христэд итгэлээ гээд монгол хүн биш
болчихгүй. Бид иргэнийхээ үүргийг биелүүлээд монголчуудын хийдэг
бүхнийг хийгээд л явж байна” гэсэн нь түүний зөв.
   
1993 онд
баталсан төр, сүм хийдийн харилцааны хуулиар Монголд үйл ажиллагаа
явуулж буй сүм хийд бүхэн шашнаасаа үл хамааран толгой даах боломжтой
болсноор дотооддоо эрх мэдлийн төлөө хэмлэлдэх нөхцөл бүрдсэн байна.
Үүнд нэгдсэн зохион байгуулалттай шашнууд бүдрээгүй бол жалга довны
үзэлтэй монголчууд будда юу, христ үү гэдгээсээ үл хамааран их хямарчээ.
Исламын шашны дотор ч хэд хэдэн тусдаа нийгэмлэг байгуулагдсан боловч
К.Саираан тэднийг нэгтгэж “Монголын мусульмануудын нийгэмлэгүүдийн
холбоо”-н дор зангиджээ. Христүүд бас Монголын Эвангелийн Эвсэл
байгуулаад асуудлаа шийдэж. Харин бурхны шашныхан өнөө хэр нэг малгай
дор ороогүй л яваа. Хутагт хувилгаад, хурдаг ном дэг жаягтаа асуудал
байгаа юм биш. Зүгээр л жинхэнэ ориг монголчууд бурхны шашинд л бий.
Гэхдээ энэ бүгдийн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй өнөө хүргэсэн
Д.Чойжамцад талархахад гэмгүй.  

Бэрхшээл
Нэг
хэсэг сүсэг бишрэлд автсан монголчуудын зан төлөвт аажим өөрчлөлт
гарчээ. 2010 оны мэдээллээр бидний 61.4 хувь нь өөрийгөө сүсэгтэн гэсэн
нь долоон жилийн өмнөхөөс даруй 16.4-аар багасчээ. Энэ зуур шашнаас
аврал олж авах гэсэн “бэлэнчлэх” сэтгэлгээ маань нэг талаар “засарчээ”.
Тэр чинээгээрээ сүм хийд, шашин суртлуудын “ажил”-д хүндрэл гарсан байх.
Ядахад яр гэгчээр төрийн захиргааны байгууллагууд шашныханд эрс
хатуурхах болсон аж. Ялангуяа христийн шашныхан энэ талаар түмэн зовлон
тоочиж байлаа. Монголын Адвентист Чуулганы хуулийн зөвлөх С.Базарсад
хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн ИТХ-д өгсөн өргөдлөө өнөө хэр шийдүүлж
чадаагүй байна гэсээр угтав. Бас болоогүй төрийн ажилтан бүртгээгүй
сүмээ хаана гэж сүрдүүлжээ.

С.Базарсад өнөөгийн мөрдөгдөж байгаа
“Төр, сүм хийдийн харилцааны хууль” нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн
гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 4.2 зүйлд “Төрөөс
Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа
эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг
хүндэтгэн үзнэ”
гэсэн байдаг юм. Үүнд У.Соёлмаа нэг их
эмзэглээгүй бөгөөд гол нь Гадаадын иргэн харьяатын газар миссионерүүдэд
нь виз олгохоо больсон явдалд ихэд эгдүүцэж байлаа. Хууль дүрэм чангарах
хэрээр бусад байгууллагын нэр дээр виз авах зэргээр аргалж байсан бол
одоо бүр Бригам Янгийн их сургуулийн дипломтой л бол Монголын хилээр
алхуулахгүй гэх болсон байна. Энэ бүхэн хууль бус үйлдэл, тэнд суугаа
түшмэлийн хувийн хандлага гэж үзэж буйгаа христчид хэллээ. Гэхдээ албан
тушаалтны овог нэр огт дурдсангүй.  

Исламын шашинд ч ийм
бэрхшээл тулгарчээ. Казак үндэстэн амьдарч байгаа газар бүхэнд мечет
байгуулах зорилгынхоо дагуу Монголын мусульмануудын нийгэмлэгүүдийн
холбоо Шарын голд аль 20 жилийн өмнө сүмээ барьжээ. Гэтэл хуулийн дагуу
бүртгэхийн оронд ганц жилийн хүчинтэй түр зөвшөөрлөөр өнөөг хүртэл
явуулжээ. Түүнээс гадна гадаадын багш сурган хүмүүжүүлэгч ажиллуулахад ч
төвөгтэй болсон гэнэ. Дэлхий нийтэд америкчуудын цээжлүүлсэн
“террорист” гэдэг хочийг багш нарт нь зүүх нь халаг болдог байна.
Хуулиараа Монгол Улсын ерөнхийлөгч төр, шашны харилцааг зохицуулах
учиртай боловч үе үеийн ерөнхийлөгч нар үргэлж буддын шашинд давуу эрх
олгож ирснийг бид бэлхнээ мэднэ. Зурагтаар “Монгол Улсын Ерөнхийлөгч сүм
хийдийн тэргүүнүүдтэй уулзлаа” гэдэг мэдээ явахад хэдэн шар дээлтэн л
сууж байдгийг бид олонтаа харсан. Х.Батырбек болон миний уулзсан бусад
хүмүүс ийм уулзалтад ганц ч удаа орж үзээгүй ажээ.

Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хорин жилийн өмнө баталсан Төр, сүм хийдийн харилцааны
хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж,
түүнийг нь Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан,
технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд ахалж байгаа
юм. Бид Р.Болдоос ажлын хэсгийн ажилтай холбоотой зүйл тодруулахыг
хүссэн ч халгаасангүй. Энэ ажлын хэсэгт багтсан байх учиртай хамба лам
Д.Чойжамц “Болоогүй юмыг яриад яахав” гээд ам нээсэнгүй. Бусад шашны
байгууллагууд ч энэ талын мэдээлэл муутай байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх
шашны зөвлөлийн гишүүн Х.Батырбект Р.Болд уг хуулийн төслөө и-мэйлээр
явуулахаар амалсан гэнэ. Харин У.Соёлмаа бусад христ шашинтай адилгүй
католиг, адвентист, мормоны шашны талаар хуульд тусгуулах саналаа Р.Болд
руу илгээжээ. Эдний хэн хэн нь Р.Болдтой хэл амаа сайн ололцдог гэцгээж
байлаа.

Бүртгэх үүргээ зөвшөөрөх эрх гэж андуурдаг “эх оронч”
төрийн түшээд “харийн шашин”-ыг бүртгэлгүй ард түмэндээ тус болж байна
гэж боддог бололтой. Энэ талаараа Төв аймгийн ИТХ-ын дарга зартай эр
ажээ. “Миний амьдад та нар манай аймагт сүмээ нээхгүй” гэж ханхалзах
харалган түшмэлийн хамар дор өнөө хэр христийн шашинтнууд Ертөнцийн
эзнээ магтан дуулсаар байгаа юм. Библийн сургалтын төвийн захирал
Ж.Пүрэвдорж “Христ итгэлтнүүдэд улсын бүртгэл чухал бус, сэтгэл зүрхэнд
нь итгэл байхад хаана ч цуглаад залбирал мөргөлөө хийчихнэ” гэв.
Бүртгэхгүй хохироох гэсэн нь адаглаад шашнуудын талаар зөв дүн мэдээгүй,
цаашлаад хараа хяналтгүй болгоод байгааг хэзээ нэг ухаарах юм бол? Энэ
тэнэглэл төрд өөрт нь эргээд түмэн бэрхшээл, мянган айдас учруулдаг.
Хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг дархан мэхтэй, дэлхийг бүрхсэн
шашнуудтай арай л ухаалаг “үзвэл” дээргүй юу. Хадан гэртээ хэзээ харихаа
хэлж мэдэхгүй төрийн түшмэлийн буян нүглийг нөгөө ертөнцөд аль бурхан
нь шүүхийг хэн ч таашгүй ээ.

Д.БАТБАЯР
ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСТНИЙ ТОЙМ" СЭТГҮҮЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж