Хичээлийн шинэ жил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жил эхэллээ

Өнөөдөр есдүгээр сарын 1.

Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа мянга мянган сурагчид, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр сургуулиа зорин ирлээ. Амралтын өдөр тохиож байгаа ч хичээлийн шинэ жилийн нээлтийг энэ өдөр албан ёсоор хийж байна.

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалынхаа дагуу “Хүн болох багаасаа” сэдэвт хичээлийг цэнхэр дэлгэцээр хүргэлээ. Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” зэрэг хичээлүүд зааж, нийт хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ.

Төрийн өндөрлөгүүд, их хурлын эрхэм гишүүд өмнөх жилүүдийнхээс олноороо Ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, шинэ хичээлийн жилийг эхлүүлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хан-Уул дүүргийн 32-р дунд сургууль, 35-р цэцэрлэгийн эрдмийн баярын нээлтэд оролцож, И.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын дунд сургуульд зочилжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр “Хүүхэд-компьютер” хөтөлбөрийн үргэлжлэл болгож, Баянзүрх, Налайх дүүргийн нийт 23 сургуулийн 5 болон 8 дугаар ангийн 9500 хүүхдэд өгөх зөөврийн компьютер гардуулсан байна.

Боловсролын салбарт шинээр томилогдсон сайд Л.Гантөмөр хичээлийн шинэ жилийн нээлтийг МУБИС, Сүхбаатар дүүргийн 2-р сургууль, СЭЗДС-ийн хамт олонтой угтсан бол Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн сурагчидтай 2012-2013 оны хичээлийн шинэ жилийг нээжээ.

Ийнхүү зуны гурван сар нам жим байсан эрдмийн өргөөд хүүхэд, багачуудын дуунд бялхаж, мянга мянга сурагч, оюутан залуус эрдэм мэдлэгийн их замын нэг шатнаа хөл тавилаа.

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.






Гэрэл зургийг О.Мөнхнасан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж